Jacquemus загварын ордон гоо сайхны салбарт хүч үзнэ

Жакмюгийн ээлжит анхаарал татсан төсөл

Jacquemus брэндийн бүтээлч захирал Симон Порт Жакмю нь хэрхэн хүмүүсийн анхаарлыг татаж, цахим орчинг доргиохоо мэддэг нэгэн билээ. Тэрээр гарын алганаас ч жижиг хэмжээтэй цүнхний загвар гаргаж “Хүмүүс худалдаж авах болов уу?” гэсэн эргэлзээг төрүүлж байсан ч худалдаанд нэвтэрсэн даруйдаа хэрэглэгчдийн дунд өндөр эрэлт үүсгээд зогсохгүй Lizzo, Кайли, Кендалл Женнер болон бусад алдартнууд тус цүнхийг улаан хивсний ёслолдоо сонгож байсан. Үүнээс гадна бүтээлч захирал аварга том La Bomba сүрэл малгайг урлаж, өдөр тутамд ч өмсөж болохыг харуулж мөн л шуугиан дэгдээж байсан билээ. Түүнчлэн Жакмю өөрийн төслүүд дээрээ Белла Хадид, Жижи Хадид, Кендалл Женнер зэрэг хамгийн эрэлттэй, алдартай моделиудтай хамтран өндөр хандалтыг авч чаддаг юм. Тэгвэл хэрэгжүүлсэн ажил бүр нь амжилтын үүдийг татдаг Симон загвараас гадна гоо сайхны салбарт хүч үзэхээр шийдсэн тухай Vogue мэдээллэжээ.

Одоогоор дизайнер Жакмю албан ёсны мэдэгдэл хийгээгүй ч тэрээр саяхан загвар, үнэртэй усны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Испанийн Puig компанитай гэрээ хийсэн бөгөөд дараа жилийн эхээр бүтээгдэхүүнээ гаргах талаар эх сурвалжууд бичиж байна. Энэхүү мэдээлэл нь үнэн байх магадлал маш өндөр юм. Учир нь загвар зохион бүтээгч Жакмюгийн бүтээлийг сонирхож, загварын шоунуудыг нь үздэг хүмүүс түүний хувьд үнэр чухал байр суурь эзэлдгийг мэдэх ёстой. Тухайлбал, Симон 2020 оны хаврын цуглуулгаа лаванда цэцэгсийн задгай талбайд зохион байгуулсан бол дараагийн цуглуулгаа тариан талбай дээр танилцуулж байсан юм.

Сонирхуулахад, Puig үнэртэн үйлдвэрлэгч компани нь Английн Penhaligon’s, Францын L’Artisan Parfumeur, Comme des Garçons Parfums зэрэг дээд зэрэглэлийн үнэртэй усны брэндүүдтэй хамтран ажилладаг байна.

Buro.Mongolia

2021-10-27, 14:08

  • Зураг: