Кайли Женнерийн Трэвис Скоттод өгсөн ярилцлага: “Чи нэгэн зэрэг хамгийн сайн ээж бас секси эмэгтэй байж болно"

Мөн Playboy сэтгүүлд зориулсан бүх зургууд

Кайли Женнер өөрийн Instagram хуудаснаа Америкийн Playboy сэтгүүлд зориулсан шинэ зураг авалтаа нийтэлжээ. Түүний зургийг Украины гэрэл зурагчин Саша Самсонова дарсан байна. Саша Кайлитай тогтмол хамтарч ажилладгаас гадна Хейли Бибер, Кендалл Женнер ба бусад алдартнуудын зургийг дарж байсан туршлагатай юм.

"Би Playboy-д зургаа даруулна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэхдээ сүүлийн үед сэтгүүл маш их бүтээлч ажил хийж, нүүр хавтасныхаа хэв маягийг өөрчилсөн нь надад таалагдаж байгаа" хэмээн Женнер зураг авалтын талаар хэлжээ.

Уг зураг авалтад Кайли найз залуу Трэвис Скоттын хамт оролцсон бөгөөд сэтгүүлд зориулан Трэвис Кайлигаас ярилцлага авсан байна. Тэд өөрсдийн харилцаа, охин Сторми болон Кайлигийн ажлын талаар яриа өрнүүлжээ.

Трэвис Скотт: Бид яг одоо Playboy-ийн Таашаал нэртэй дугаарын зураг авалт дээр байж байна. Чиний хувьд таашаал гэдэг нь юу вэ?

Кайли Женнер: Хүмүүс надад хийж болохгүй гэсэн зүйлийг хийснээр би таашаал авдаг.

Трэвис Скотт: Миний бодлоор чи олны танил хүний хувьд мөн бизнес эрхлэгчийн хувьд олон хязгаарыг эвдэж чадсан. Чи үүнтэй санал нийлэх үү?

Кайли Женнер: Тийм ээ, гэхдээ надад цаашид суралцаж, хийж бүтээх зүйлс маш их байна. Гэхдээ би өөрийнхөө хөдөлмөрөөр их бахархдаг шүү.

Трэвис Скотт: Чамд олны хүлээлтийг давсан үе бий юу?

Кайли Женнер: Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан явдал олны хүлээлтийг давсан гэж бодож байна. Энэ нь миний хувьд хөдөлмөрийг минь үнэлсэн маш том үйл явдал болсон.

Трэвис Скотт: Энэ үйл явдал чиний өдөр тутмын амьдралд нөлөөлсөн үү?

Кайли Женнер: Би илүү их хичээж, өдөр бүр өөрийнхөө шилдэг хувилбар байхыг эрмэлзэж байгаа. Мөн залуу хүмүүст аль ч насандаа мөрөөдөлдөө хүрч болдгийг сануулан урам зориг өгөхийг хүсэж байна.

Трэвис Скотт: Чи өөрийнхөө брэндийг цаашид улам тэлэх бодолтой байгааг би мэднэ. Хэд хоногийн өмнө чамайг дарс, даавууны талаар утсаар ярьж байхыг сонссон юм байна?

Кайли Женнер: Би яг одоогоор дарс эсвэл орны даавуу үйлдвэрлэж эхлээгүй байгаа ч магадгүй чи намайг төрөл бүрийн эд зүйлсийн худалдааны тэмдгийг авах талаар ярихыг сонссон байх. Би хэзээ нэгэн цагт шинэ бүтээгдэхүүн гаргахыг хүсвэл бүх бичиг баримт бэлэн байх тал дээр анхаарсан нь л тэр юм. Kylie Cosmetics-ийг босгосны дараа би аливаа зүйлийг эхнээс нь эхлүүлэн шинэ бизнес бүтээх маш их хүсэлтэй болсон. Одоо би бүх үе шатыг нь сайн мэддэг болсон тул шинэ зүйл эхлүүлэхэд асуудалгүй гэж бодож байна. Саяхан бид Kylie Skin-ийг танилцуулсан. Одоогоор амжилттай явж байгаад их баяртай байна. Энэ эрчээрээ шинэ зүйлс эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.

Трэвис Скотт: Надад ямар нэгэн шинэ санаа төрөх үед би хамгийн түрүүнд чамтай ярилцаж бодлоо хуваалцахыг хүсдэг. Чамд ижил мэдрэмж төрдөг үү?

Кайли Женнер: Би ч бас шууд л чам дээр очдог! Мэдээж би дараа сард ямар өнгийн уруулын будаг гаргах талаар чамаас асуудаггүй ч бүтээлч зөвлөгөө авах тал дээр юуны түрүүнд чамд л ханддаг. Хэд хоногийн өмнө би "төрсөн өдрийнхөө цуглуулгыг хэрхэн сурталчлахаа мэдэхгүй байна" гэх асуудлаар чамд хандсаныг санаж байна уу? Чи үргэлж л хайрцгаас гадуур сэтгэж, хамгийн галзуу, cool санаануудыг дэвшүүлдэг шүү дээ.

Трэвис Скотт: Чиний бодлоор бидний харилцаа яагаад амжилттай байгаа вэ?

Кайли Женнер: Бид адилхан сэтгэж, ижил зүйлсийг сонирхдог. Бид бие биенээ хайрладгаас гадна хамт байхдаа үргэлж маш хөгжилтэй байдаг. Чи бол миний хамгийн сайн найз. Бидний харилцаанд өсөлт, уналтууд хосолдог ч бид тэр бүхнийг хамт даван туулж улам л хүчтэй болж байна.

Трэвис Скотт: Олон хүн хүүхэдтэй болох нь сексийн амьдралыг үгүй хийдэг гэсэн бодолтой байдаг. Гэхдээ бидний тохиолдолд эсрэгээрээ байсан гэж бодож байна.

Кайли Женнер: Тийм шүү, тэр нь ташаа ойлголт болохыг бид баталсан.

Трэвис Скотт: Чи ээж болсныхоо дараа өөрийн биеийн галбир, секси дүр төрхийг өөрөөр хүлээж авдаг болсон уу? Чиний бодлоор би чамайг эх хүний хувьд сексийн тал дээр эрх чөлөөтэй, хувь хүний онцлогоо алдахгүй байхад чинь тусалж дэмждэг үү?

Кайли Женнер: Эх хүн байхын зэрэгцээ мөн сексийн мэдрэмжээ эрх чөлөөтэй илэрхийлж болдгийг чи надад үргэлж сануулдаг. Сексийн мэдрэмжээ илэрхийллээ гээд ёс суртахуунаа алдаж, муу ээж болно гэсэн үг биш. Чи нэгэн зэрэг хамгийн сайн ээж бас секси эмэгтэй байж болно.

Трэвис Скотт: Миний бодлоор чамд ямар ч бэрхшээл тулгарсан чи амьдралаас үргэлж таашаал авч чаддаг. Дагагчиддаа зориулж хэрхэн амьдралаас таашаал авах талаар зөвлөгөө өгөөч?

Кайли Женнер: Надад олон бэрхшээл тулгарч байсан. Мөн хүмүүс миний тухай олон сөрөг зүйл хэлэхийг би хангалттай их сонссон. Олон нийтийн сүлжээнд нээлттэй байснаар чи өөрийгөө хов живийн бай болгож, худал яриануудын гол сэдэв болдог. Гэхдээ мэдээж эерэг талууд ч бий. Ихэвчлэн эерэг болон сөрөг зүйлс бие биенээ дагалдаж байдаг юм. Гэхдээ би өөрийгөө маш сайн мэддэг. Өөрийгөө юу тэсвэрлэх чадвартай мөн чадваргүйг мэддэг тул би хэзээ нь сошиал ертөнцөөс түр тасарч, утсаа хол тавьж, зүгээр л амьдралын энгийн мөчүүдээс таашаал авах ёстойгоо сайн ухаардаг. Хүмүүст хандаж зөвлөхөд зүгээр л эерэг бай, өөрийгөө үндсэн цөөн хэдэн эерэг хүмүүсээр хүрээлүүлж тэднийг үнэл, чамайг сайн сайхан явахыг хүсдэг гэр бүлтэйгээ үргэлж ойр бай гэж хэлмээр байна.

Трэвис Скотт: Чи өөртөө анхаарал хандуулан өөрийнхөө төлөө юу хийхийг хичээдэг вэ?

Кайли Женнер: Би үргэлж үнэнч шударга, чин сэтгэлээсээ байхыг хичээдэг. Мөн үргэлж эерэг байхыг хүсдэг. Өөрийгөө зөвхөн эерэг хүмүүс, эерэг энергиэр хүрээлүүлэхийг зорьдог. Ер нь л эерэг зүйл бодож явбал тэр нь биелдэг гэдэгт итгэдэг. Мөн мэдээж хэрэг арьсаа сайтар арчлах нь чухал шүү.

Трэвис Скотт: Мөн гурвуулаа хамт гэр бүлээрээ цагийг өнгөрүүлдэг.

Кайли Женнер: Бүхэл өдөржингөө Стормитой тоглож гурвуулаа хамт цагийг өнгөрүүлэх юу юунаас ч илүү хөгжилтэй сайхан байдаг. Сторми сэлэх дуртай учир бид үргэлж л бассейн дотор хөгжилдөж байдаг. Харин түүнийг унтсан хойно хоёулаа театрын өрөөндөө төрөл бүрийн кино, тв шоу үзэж орчлонгоос тасардаг. Хоёулаа үргэлж л инээлдэж, эсвэл гүн утгатай яриа өрнүүлэн суудаг.

Buro.Mongolia

2019-09-18, 12:00