Загварын салбарын нөлөө бүхий порталаар нэрлэгддэг models.com нь хавар-зун 2022 загварын долоо хоногийн үеэр брэндүүд болон дизайнерууд дунд эрэлттэй байж, өсөх ирээдүйтэй хэмээн тодорхойлогдсон моделиудыг нэрлэжээ. Тус жагсаалтад хавар-зун долоо хоногт дебютээ хийсэн нийт 20 загвар өмсөгч багтсан байна. Эдгээрээс бид ирээдүйд бүр ч их амжилтыг гаргаж, томоохон брэндүүдийн нүүр царай болох өндөр магадлалтай гэж үзэж буй таван моделийг онцолж байна.
19 настай Куанна Чейсингхорс нь Индиан, Гвичин гаралтай (Хойд Америкийн зүүн хойд хэсэгт амьдардаг иргэд) бөгөөд моделийн зах зээлд хөл тавихаасаа өмнө цаг агаарын өөрчлөлт болон нутгийн уугуул иргэдтэй холбоотой асуудлуудыг хөндөн олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Мөн хүмүүс Куаннагийн гадаад төрхийг түүний шивээснүүдээр тодорхойлдог ба энэ нь Yidįįłtoo нэртэй Гвичин үндэстний зан үйлийн нэг хэсэг гэнэ. Харамсалтай нь колоничлолоос үүдэн энэхүү уламжлалыг орчин үед хэрэгжүүлэхээ зогсоосон ч Куанна үргэлжлүүлэхээр шийдсэн байна. “Энэ бол ямар нэг загвар, чиг хандлага биш. Ялангуяа энэ цаг үед Yidįįłtoo-г хийлгэхэд бие махбод болон сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаардлагатай. Иймд би ээжтэйгээ удаан хугацааны турш ярилцаж, цуг залбирсны эцэст зан үйлээ үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан. Одоо харин энэхүү уламжлалаа сэргээсэн алхмыг хийсэндээ би үргэлж талархдаг” хэмээн Чейсингхорс хэлжээ.
Англи гаралтай Дана Смит нь моделийнхоо карьерийг дөнгөж эхлүүлсэн ч улирлын хамгийн үзэсгэлэнтэй цуглуулга хэмээн тодорхойлогдож салбарын шүүмжлэгчдээс сайшаал хүртсэн Loewe загварын ордны хавар-зун 2022 шоуг нээж, томоохон туршлагыг хуримтлуулаад авсан юм. Тус брэндээс гадна тэрээр Givenchy, Miu Miu болон Valentino-ийн тайзнаа алхсан билээ.
Элиза Нижманы олон улсын зах зээл дэх загвар өмсөгчийн гараа нь Alaïa хавар-зун 2022 шоунаас эхлэлтэй билээ. Тус шоу нь бүтээлч захирал Питер Мальегийн уг загварын ордныг төлөөлөн гаргасан анхны цуглуулга юм. Мөн Элиза Fendi, Blumarine, Dior, Rochas, Loewe, Miu Miu болон бусад томоохон орднуудын загварын шоунд алхсан туршлагатай бөгөөд шүүмжлэгчид түүнийг том ирээдүй хүлээж байгаа талаар тэмдэглэсэн байна.
Мажести Амаре нь загварын долоо хоногийн аяллаа Нью-Йорк хотод болсон Proenza Schouler брэндийн шоугаар эхлүүлж, Парис хотноо зохион байгуулагдсан Louis Vuitton ордны хавар-зун 2022 цуглуулгаар хаасан билээ. Мөн Мажести нь нийт 15 мянган дагагчтай TikTok хаягаа хөтлөн явуулдаг ба ЛГБТК+ нийгэмлэг, тэгш бус байдал болон АНУ-д өрнөж буй нийгмийн асуудлыг хөндсөн видеонуудаас хуваалцдаг байна.
Аниэль Мажок нь Isis Models олон улсын моделийн агентлагтай гэрээ хийхээсээ зургаахан сарын өмнө л гэхэд Кени улсад байрлах дүрвэгсдэд зориулсан лагерьт байжээ. Харин одоо тэрээр Hermès, Prada, Jil Sander, Blumarine, Givenchy, Stella McCartney зэрэг Итали болон Францын томоохон загварын орднуудын цуглуулгыг танилцуулж, models.com сайтын топ шинэ моделиудын нэгээр тодроод байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт