Коко Роша болон зарим дизайнерууд хэт туранхай моделиудыг хориглосон шинэ дүрмийг эсэргүүцлээ

“Би 0 хэмжээтэй хувцас өмсдөг ч гэлээ, дөнгөж сая бургер идсэн шүү дээ”

Есдүгээр сарын 21-нд WWD сэтгүүл загварын салбарын 18 төлөөлөгч дунд өрнөсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг нийтэлжээ. Энэхүү ярилцлагад зурагчид, бүтээлч захирлууд, компанийн захирлууд, стилистууд ба дизайнерууд хамрагдсан байна. Тэр дунд мөн загвар өмсөгч Коко Роша ба Кэндис Свейнпол нар багтсан бөгөөд эдгээр төлөөлөгчид нийлснээр хэт туранхай моделиудын талаар хэлэлцжээ. Тодруулбал тэд LVMH ба Kering группүүдийн саяхан гаргасан хэт туранхай буюу АНУ-ын хэмжүүрийн дагуу 0 ба түүнээс доош хэмжээтэй загвар өмсөгчдийг хориглосон шинэ дүрмийн талаар ярилцсан байна.

Салбарын төлөөлөгчдийн тэн хагас нь энэхүү дүрмийг дэмжсэн байна. Тухайлбал Америкийн Дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч Стивен Колб "Миний бодлоор энэ нь үнэхээр зөв шийдвэр. Хамгийн шилдэг зам бол хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв зүйлс рүү тэмүүлэх урам зориг өгөх явдал юм. Би хоолны дэглэмийн талаарх бүрэн мэдлэгтэй эмч эсвэл мэргэжилтэн биш. Гэхдээ бидний хийж чадах зүйл бол загвар өмсөгчдийг хүчлэх биш, харин тэдэнд зөвлөх юм" гэж хэлжээ.

Харин Love сэтгүүлийн редактор, алдарт стилист ба W Magazine сэтгүүлийн бүтээлч захирал Кэти Гранд энэ сэдвээр ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан байна. "Миний хамтран ажилладаг дизайнерууд хэтэрхий туранхай моделиудыг хориглох шийдвэрийг их эерэгээр хүлээж авсан. Ерөнхийдөө мэргэжилтнүүд энэ санаачилгыг дэмжиж, охидын эрүүл мэндийн төлөө зөв шийдвэр гаргах ёстойгоо тодотгож байгаа. Стилист ба редактор хүний хувьд би загварын агентлагуудыг охидын эрүүл мэнд ба жинд онцгой анхаарал хандуулахыг үргэлж уриалдаг".

Загвар өмсөгч Коко Роша харин энэ талаар өөр бодолтой байгаагаа хэлжээ. "0 хэмжээтэй хүн бүр эрүүл бус гэж хэлэх нь бүдүүлэг хэрэг. Би 0 хэмжээтэй ч, саяхан бургер идчихээд сууж байна. Хэрвээ би жин нэмбэл би биш болчихно шүү дээ. Магадгүй нэгэн өдөр, 45 нас хүрэхдээ би жин нэмэх байх. Хэн нэгнийг эрүүл эсвэл эрүүл бус гэдгийг хэн, яаж тодорхойлох юм бэ?".

Холливүүдийн стилист Элизабет Зальцман Кокогийн энэхүү мэдэгдлийг үргэлжлүүлэн "Байгалиасаа туранхай охид гэж бий. Тэд өөрсдөдөө анхаарал тавьж, эрүүл мэндээ хянах бүрэн чадвартай. Мөн 0 хэмжээтэй хувцас таардаг 42, бүр 45 насны эмэгтэйчүүд ч бас байна. Асуудлын гол учир нь хувцасны хэмжээнд биш юм. Миний бодлоор бид зөвхөн эрүүл мэнд дээр л хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" хэмээн хэлжээ.

Victoria's Secret-ийн сахиусан тэнгэр Кэндис Свейнпол энэ талаар маш богино мэдэгдэл хийлээ. "Хэрвээ энэ нь байгалиас заяасан бие бол тухайн бүсгүй ямар ч хэмжээтэй байсан энэ нь хэвийн үзэгдэл. Харин тэрээр эрүүл бус байдалтай бол энэ нь хэвийн бус зүйл юм".

 

 

Buro.Mongolia

2017-09-22, 13:00

  • Зураг: