Хувцас загварын хамгийн том арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог Met Gala үдэшлэг уламжлал ёсоор жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг билээ. Дүрмийн дагуу энэ жил уг ёслол тавдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийхээр товлогдоод буй. Тэгвэл 2025 оны Met Gala үдэшлэг ямар сэдвийн дор зохион байгуулагдах тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Фаррелл Уильямс, A$AP Rocky, Льюис Хэмилтон, Колман Доминго болон Леброн Жеймс гэх залуучуудыг юу нэгтэгдэг бол? Метрополитен урлагийн музейн Хувцасны Институтийн үзэсгэлэн болон Met Gala үдэшлэгийн тусламжтай дээрх асуултын хариултыг оллоо. Тэд бол өнөө цагийн хар арьст денди нар юм. Олны анхаарлын төвд ороод буй уг сэдвийг судалж, үзэсгэлэнгийн сэдвийг сонгоход санаа өгсөн Моника Миллерийн номын гол хэсгүүдээс хүргэж байна.
Анхаарах зүйл: Үзэсгэлэнгийн санаа авсан ном олон жилийн өмнө буюу 2010 онд хэвлэгдсэн бөгөөд тухайн ном ойролцоогоор хоёр зуун жилийн өмнөх явдлыг хүүрнэн өгүүлдэг.
Денди гэх үг XVIII зууны сүүлээр гарч ирсэн ба өөрийн гадаад үзэмж, нийгмийн байдалдаа ихээхэн анхаарал хандуулдаг залуучуудыг нэрийддэг байв.
Тухайн үед чинээлэг айлын британи залуучууд насанд хүрсний баяраа Европын улс орнуудаар аялан тэмдэглэдэг байсан уламжлалтай. Тэдний аяллын гол цэг Итали байсан бөгөөд залуус тус улсын загварын чиг хандлага төдийгүй тухайн үед эх оронд нь алдар нэрийг хараахан олоогүй байсан пастанд дурлаж байсан үе. Тиймээс тэд өөрсдийгөө “Макарон гоймонгийн клуб” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд яг л эл үеэс дендизмийн суурь тавигдсан гэж үздэг.
Их Британид тус клубийн төлөөлөгчдийг хөрөнгөтний онгироо зан байдал, ижил хүйстний бэлгэ тэмдэг хэмээн хүлээж авдаг байсан ба тэд хүнд, хэтрүүлэгтэй хувцсыг илүү таашаадаг байв. Тухайлбал, олон давхар торон, алтан хатгамалтай хувцас, судалтай оймс өмсдөг байсан бол зарим нь хиймэл үс хэрэглэх дуртай байжээ. Үүнээс улбаалан АНУ-ын эх оронч, үндэсний дуу болох Yankee Doodle-ийн хэсэгт: Stuck a feather in his cap and called it macaroni (Өд малгайндаа хатгаж, үүнийгээ “макарони” хэмээн нэрлэсэн) хэмээн оржээ.
Анхны денди хүмүүсийг Макарон гоймонгийн клубийн залгамжлагчид хэмээн үздэг хэдий ч тэднийг илүү дэгжин, мэдрэмжтэй хэмээн тэмдэглэн үлдээж. "Денди – энэ бол маш нарийн бодож төлөвлөсөн стильтэй, өөрийгөө бүрэн мэддэг, өөрийгөө удирдаж чаддаг хүн" хэмээн Моника Миллер Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity номдоо бичсэн байна. Энэ нь IV Жорж хунтайжийн зэвсэг нэгт нөхөр болох Бо Браммелтай ихээхэн холбоотой юм. Тэрээр Британийн үлгэр жишээ денди бөгөөд тухайн цаг үеийн эрэгтэй хувцас загварын чиг хандлагыг тодорхойлж байсан нэгэн. Браммел загварлаг, дур булаам, арчаатай байхын зэрэгцээ нийгмийн харилцаа сайтай хүн байсан гэлцдэг. Нэг талаараа Браммел XVIII зууны эрэгтэй хувцасны загварт шинэчлэлт хийж, хиймэл үс, нэхээстэй хувцас, өсгийтэй гутлыг арай зөөлөн өнгөтэй даруу загваруудаар сольж хувьсал хийсэн гэж хэлж болно.
Үүнтэй зэрэгцээд дендизм илүү нийгмийн шинж чанартай болж, загварын түүхч Эйлин Рибейро Англичуудын хувцаслалт эсээндээ үүнийг нийгмийн тэгш байдлыг эсэргүүцэх үйлдэл болсон хэмээн бичжээ.
Метрополитен музейн Хувцасны Институтийн үзэсгэлэн анхны Британийн дендичүүдэд зориулагдаагүй. Харин Superfine: Tailoring Black Style гэх сэдэв нь хувцас бол хар арьст эрчүүдийн мөн чанарын нэг хэсэг гэдгийг харуулахыг зорьжээ.
Зохион байгуулагчид үзэсгэлэнгийн санааг Моника Миллерын Slaves to Fashion: Black Dandyism and the Styling of Black Diasporic Identity номоос авсан. Уг номд үзэсгэлэнг хамтран зохион байгуулж буй Колумбын Их сургуулийн Африк судлалын профессор “хар арьстнууд боолчлолоос дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогч бие даасан хүмүүс болсон” тухай судалжээ.
Номыг он цагийн дарааллаар таван бүлэг болгон эмхэтгэсэн ба Миллер Английн XVIII зуун, XX зууны төгсгөл болон АНУ-ын XVIII, XIX, XX зуунуудын харуудын үндэсний цөөнхийн онцлог шинж чанарыг судалсан юм.
Өгүүлэл хоёр зургаар эхэлдэг. Эхнийх нь XVIII зууны тосон будгийн зураг ба уг зурагт алтан захтай, улаан өнгийн хүрэм өмссөн нэр нь тодорхойгүй хар хүүг дүрсэлсэн байсан бол дараагийн зурагт Andre 3000 гэх нэрээр алдаршсан хип-хоп уран бүтээлч Андре Бенжамин дүрслэгджээ. Тэрээр үүгээр өөрийн судалгааны эхлэл цэгийг тогтоож буй хэрэг.
Нэгдүгээр бүлэгт Британчуудын ухамсарт хар денди анх гарч ирсэн мөч бол Айзек Бикерстафф болон Чарльз Дибдин нарын Цоож гэх 1768 оны хошин дуурьд гардаг тансаг хувцасласан Мунго боол хэмээн тодорхойлсон. Түүнээс гадна Жулиус Субиз гэх боол (Мунго Макарони гэх нэрийн дор хошин сийлбэрт дүрслэгдсэн) “цагаануудын” орон зайд нэвтэрч шуугиан тарьж гайхшируулж байсан удаатай. Миллер энэ үеийг “хэв маягийн шинэчлэлээс өөрийгөө шинэчлэх шилжилт” хэмээн дүгнэв.
Хоёрдугаар бүлэгт харуудын үндэсний шинэ ижилслийг бүтээхэд афроамерикчуудын XIX зууны хувцас хэрэглэл ямар үүрэгтэй байсныг судалдаг. Миллер денди төрхийг менестрель шоунд (менестрель шоу - тухайн үеийн америк ардын театрын хэлбэр бөгөөд цагаан арьстай жүжигчид хар арьстнуудын дүрд хувирч афроамерикчуудын амьдралыг хошин үзүүлбэрээр харуулдаг байсан) ашиглаж эхэлснийг өгүүлдэг. Орчин үеийн хүмүүсийн нүдэнд энэ нь яаж ч аймшигтай харагдаж болох ч, зохиолчийн үзэж буйгаар сайхан хувцасласан, эрх чөлөөтэй хар арьст залуугаас ирж болох "заналхийллийг" тухайн үеийн хүмүүсийн оюун санаанаас арилгаж байсан хэмээжээ.
Миллер “нийгмийн давхарга болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах” үйл явцад баяр ёслол хүртэл нөлөөлсөн хэмээн үзжээ. Учир нь баяруудаар цагаан арьстай хүмүүсийг хар арьстнууд дуурайх боломж олдохын зэрэгцээ Америк, Африк уламжлалыг нэгтгэдэг байсан. Жишээлбэл, Пинкстер наадам. Уг наадам нь Африкийн өөр өөр соёлын элементүүдийг багтаадаг бөгөөд XIX зуунд тус наадмыг боолууд төдийгүй чөлөөт хар арьстнууд бүгд тэмдэглэдэг уламжлалтай байсан юм.
Гурав, дөрөвдүгээр бүлэгт Жеймс Уэлдон Жонсон, Уильям Эдвард Бургхардт Дю Буа гэх тэмцэгчдийн тухай өгүүлнэ. Тэд иргэний эрхийн төлөө тэмцдэг байсан бөгөөд “шинэ харууд”-ыг бий болгоход дендизмийн үүргийг онцлон дэмжиж байсан. Зохиолч Дю Буагийн талаар “Афроамерикчуудын эрхийн төлөөх тэмцлийг үргэлжлүүлэхэд урлаг, гоо зүйн суртал хүртэл шаардлагатай хэмээн үзэж байна” гэж бичжээ. Харин зохиолчийн бодлоор Жонсон бол космополитизм (дэлхийн иргэн) үзэл болон афроамерик урлагийг бий болгох хэрэгцээний хоорондын зөрчилдөөнийг даван туулж чадсан нэгэн гэнэ. Үүнээс үүдэн Met Gala үдэшлэгийн үеэр хар арьстай загвар зохион бүтээгчдэд хүндэтгэл үзүүлэх хүмүүс олон байх болно хэмээн таамаглажээ.
Сүүлийн бүлэгт Моника Миллер цаг хугацааны хувьд огцом үсрэлт хийж бараг л бидний өнөөгийн нийгэмд шилжин ирэх ба орчин үед өөрсдийгөө хар денди хэмээн тодорхойлдог артистуудын бүтээлийг судалдаг. Үүнд, Исаак Жульен, Лайла Эштон Харрис, Айка Уде, Йинки Шонибаре зэрэг уран бүтээлчид багтжээ.
Superfine: Tailoring Black Style үзэсгэлэнгийн хүрээнд түүхэн хувцас төдийгүй Америк, Европын орчин үеийн дизайнеруудын бүтээлүүд, XIII зуунаас эхлээд өнөөдрийг хүртэлх хар арьст эрчүүдийн мөн чанарыг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн уран зураг, сийлбэр, хэвлэмэл зураг, киноны хэсэг зэргийг толилуулах юм.
Үзэсгэлэнгийн зохион байгуулагчид түүх өгүүлж, хар арьст денди бол үндэстний цөөнхүүдийн эрх мэдэл, арьс өнгө гэхчлэн өргөн цар хүрээтэй асуудлыг хөндсөн тусдаа үзэгдэл болохыг харуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр Тайлер Митчелл болон бусад уран бүтээлчдийн гэрэл зурагтай ном хэвлэгдэхээр төлөвлөгджээ.
Энэ бол Хувцасны Институтийн 2003 онд дэлгэсэн Юбка өмссөн эрчүүд үзэсгэлэнгээс хойш гарч буй анхны үзэсгэлэн бөгөөд зөвхөн эрчүүдийн хувцас дээр төвлөрсөн гэдгээр онцлогтой. Энэхүү үзэсгэлэн нь Met Galа үдэшлэг тавдугаар сарын 5-ны өдөр зохиогдсоны дараа буюу 2025 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байх юм.
Удахгүй болох үзэсгэлэнгийн зохион байгуулагчид орчин үеийн дендизмийн төлөөлөгчид гэж хэнийг хэлж болох талаар танилцуулав. Үүнд Фаррелл Уильямс, A$AP Rocky, Льюис Хэмилтон, Колман Доминго, Леброн Жеймс нар багтжээ. Үүнээс үүдэн тэднийг өнөө цаг үеийн дендизмийн томоохон төлөөлөгчид гэж хэлж болох бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт