Monalun брэндийн анхны бие даасан загварын шоу болно

“Tоргоны Зам 2017”

Монголын хувцас загварын шилдэг төлөөлөл болсон Monalun брэндийн бие даасан загварын шоу долоодугаар сарын 5-нд нийслэл хотын хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд түүхэн газруудын нэг Чойжин Ламын Сүм Музейд зохион байгуулагдана

Монгол үндэстний соёл уламжлал, өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг мэдрүүлэх гайхалтай үдэш тун удахгүй болох гэж байна. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг дэггүй хэв маягаар тодотгож, үргэлж өөдрөг уур амьсгал цацруулдаг Monalun брэнд энэ зуны хамгийн том загварын шоуг зохион байгуулж, шинэ цуглуулгаа танилцуулах гэж буйг дуулгахад таатай байна. "Tоргоны Зам 2017" хэмээн нэрлэгдсэн уг загварын шоуны хүрээнд дизайнер Б.Номунгэрэлийн өвөрмөц шийдэлтэй, өрнө дорнын аястай шинэ загварууд Чойжин Ламын Сүм Музейн нууцлаг орчинтой төгс уусаж, үзэгчдийг өөр ертөнцөд аваачих болно.

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин таниулах зорилготой "Tоргоны Зам 2017" загварын шоунд дотоодын шилдэг 40 загвар өмсөгч алхаж, соёл урлаг салбарын төлөөллүүд уран бүтээлээ дэлгэнэ. Мөн арга хэмжээний зочид дунд соёл урлаг ба загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд, нийгэмд өөрийн байр сууриа эзэлсэн шинэ үеийн залуус цугларах болно. Уг загварын шоуны тайзнаа бидний өмнө нь танилцуулж байсан өд ба хатгамлаар баялаг "Нүүдлийн тогоруу" капсул цуглуулга бүрэн хэмжээгээрээ гарах бөгөөд дизайнерын тод өнгийн аксесуарын тусламжтайгаар бүрдүүлсэн стилистик аргачлалууд үзэгчдийн хүртээл болох юм.

Monalun брэндийн хамт олон Монголын хосгүй үнэт өв соёлыг залуучуудад таниулан сурталчилж, хайрлан хамгаалахыг уриалах үүднээс арга хэмжээнээс олсон нийт орлогын 30%-г тус музейн сэргээн засварлалтад хандивлах болно.

Ө.Тодгэрэл

2017-06-27, 10:00