MPDU Fashion Week загварын шоунд ямар шинэ брэндүүд оролцож байгаа вэ? Мөн холбооны үндсэн гишүүд энэ Баасан гарагт танилцуулах цуглуулгынхаа талаар ямар сонирхолтой мэдээ дуулгасан бэ?
Энэ долоо хоногийн Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооноос санаачлан явуулдаг “MPDU Fashion Week” загварын шоу зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээнд Монголын загварын салбарт багагүй хугацааг өнгөрүүлсэн Ovdog, Zoson, Muse Art House, SOYO, KADR, Futuristic Type гэх олны танил брэндүүд оролцохоос гадна уг загварын шоугаар дебютээ хийж буй SENTI, мөн үүсгэн байгуулагдаад удаагүй байгаа NOÉMI, LINE, Tuvza гэх сонирхол татсан залуу брэндүүд шинэ цуглуулгаа танилцуулах юм.
Дизайнер Г. Хүслэн нь анх Монгол үндэсний хувцас, төрийн өндөр зэрэглэлийн ёслолын хувцас урлалаар ажиллаж, улмаар 2019 онд Европ хувцасны LINE брэндээ үүсгэн байгуулж байсан билээ. Шинэ загвар, шилдэг технологиор харилцагчдын сэтгэл ханамжийг өндөрт өргөж, зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго тавьсан тус брэндэд Унгар улсад оёдлын чиглэлээр төгссөн мэргэжлийн мастерууд ажилладаг бөгөөд стандартын дагуу эсгүүрээ хийж, хүний биед төгс суусан хувцаснууд урладаг юм. Түүнчлэн LINE брэнд нь бэлэн хувцас санал болгохоос гадна захиалгаар урлах, имиж бүрдүүлэлт хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэг бусад үйлчилгээг санал болгодог байна.
TUVZA нь анх 2018 онд Италийн Милан хотод залуу дизайнер А.Түвшинзаяагийн үүсгэн байгуулсан брэнд юм. Тэрээр 2019 оны долдугаар сараас эхлэн Монголдоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдэж ингэхдээ хүүхдийн хувцас урлаж эхэлсэн байна. А.Түвшинзаяа нь ажлынхаа гарааг “Торгоны зам” компанид эхлүүлж, улмаар Хөх хот, Милан хотуудад хувцас дизайнераар ажиллаж байсан туршлагатай билээ.
Одоогийн байдлаар TUVZA нь мэргэжлийн дизайнерын баг бүрдүүлж монгол үндэсний гоёлын хувцас, мөн насанд хүрэгчдийн болон хүүхдийн эрэгтэй, эмэгтэй өдөр тутмын хувцас загваруудыг зохион бүтээж байна.
Франц хэлнээс орчуулбаас “Бишрэм чанар” гэх утгатай NOÉMI брэнд нь 2020 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ноолууран хувцас, арьсан эдлэл, гоёл чимэглэл урладаг билээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч, арт директор, дизайнер Э.Номинчулуун буюу Нона нь өөрсдийн бүтээлээ "Хүссэн төрхөө бүтээх, үеийн үед хуучрашгүй нандин сонголт" хэмээн тодорхойлдог.
NOÉMI брэнд нь энэ оны есдүгээр сард “Timeless” нэртэй намар-өвөл улирлын анхны цуглуулгаа гаргаж, үүнийгээ контемпорари арт, загвар хоёр хосолсон үзэсгэлэнгээр дамжуулан танилцуулсан билээ. Цуглуулгад байгалийн өнгөнүүд болон классик загварууд зонхилсон юм.
Энэ жил үүсгэн байгуулагдсан отгон брэнд
SENTI бол 2021 онд буюу энэ жил салбартаа хүч үзэхээр төрөн гарч ирсэн Монголын залуу брэндүүдийн нэг юм. Тус брэндийн үүсгэн байгуулагч С.Төрмөнх нь Урлах эрдмийн дээд сургуулийг хувцас дизайны мэргэжлээр төгсөж, Цэргийн оёдлын үйлдвэрийн захиалгат хувцасны тасагт хоёр жилийн турш ажиллаж, улмаар Michel & Amazonka брэндэд 2016-2020 оны хооронд ахлах зохион бүтээгчийн албан тушаалыг гүйцэтгэсэн туршлагатай нэгэн билээ.
SENTI брэнд нь анхны цуглуулгаа "MPDU Fashion Week" загварын шоун дээр танилцуулан дебютээ хийх юм. “Хээнцэр хэв маягаар бэлхүүс, цээж хэсгийг онцлон, эсгүүрийн сонирхолтой шийдлүүдийг шингээн урласан” хэмээн дизайнер цуглуулгаа тодорхойлсон юм.
KADR брэнд нь үүсгэн байгуулагдаад ардаа дөрвөн жилийг үдсэн ч MPDU Fashion Week загварын шоунд анх удаагаа оролцож байгаа билээ. Тус брэндийн үүсгэн байгуулагч Кадр нь 2012 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгсөж, улмаар “Монгол костюмс” төвд болон БНХАУ-д хувцас, загварын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм.
MPDU загварын шоунд толилуулах шинэ цуглуулгынх нь талаар тодруулахад дизайнер Кадр “Улаанбаатар хот маань автомашины бөглөрөл, утаа, ялгаварлан гадуурхалт зэрэг саарал талуудтай. Хотынхоо эдгээр бараан чанаруудыг бодон ‘Хотдоо өнгө нэмэн алхацгаая. Ялгаварлан гадуурхалтыг зогсооцгооё’ гэх уриан дор загваруудаа урласан” хэмээн онцолсон юм.
Мөн мэдээж хэрэг эдгээр залуу брэндүүдээс гадна "MPDU Fashion Week"-д холбооны гишүүд болох Ovdog, Zoson, Muse Art House, SOYO, Futuristic Type брэндүүд оролцох болно. Бид дизайнеруудаас шинэ цуглуулгынх нь талаар тодрууллаа.
Futuristic Type брэндийн дизайнер И.Мөнхтуяа
“Манай брэнд энэ оны цуглуулгуудаа runway байдлаар танилцуулж амжаагүй байсан учраас энэхүү шоундаа тэдгээр загваруудаасаа толилуулахаар шийдсэн. Түүнчлэн бид урьд нь урлаж байсан загваруудаа хооронд нь нийлүүлэн utopian төрхүүдийг бүрдүүлсэн байгаа”
Zoson брэндийн дизайнер Б.Шийлэгмаа
“Удахгүй танилцуулах цуглуулгаа бид өөрсдийн нэрийн хуудас болсон зүймэл урлалаа ашиглан хийсэн байгаа. Ингэхдээ зүймэл урлалын нэг төрлийн block буюу тайрдас хээг (log cabin block) ашиглан загваруудаа гаргаснаараа онцлог болсон. Мөн тус цуглуулгадаа бид илүү гоёлын өнгө аясыг шингээсэн билээ”
SOYO брэндийн дизайнер Д.Энхмаа
“SOYO брэндийн маань энэ удаагийн цуглуулгад үндсэн streetwear хэв маягаа хадгалсан, oversize силуэттэй, өдөр тутмын атлаа арга хэмжээнд өмсөж болохоор гоёлын хэв маяг шингэсэн давхар өмсгөлтэй хувцаснууд багтсан. Жишээ нь, пиджакан дээр чимэглэл орсон хантаазаа өмсөөд шинэ жилдээ орох боломжтой бол хантаазаа тайлахад ажил хэрэгч стиль хоромхон төдийд бүрдэх болно”
Ovdog брэндийн дизайнер Д.Овдогмид
“Ерөнхийдөө цуглуулгынхаа загваруудыг өөртөө итгэлтэй ажил хэрэгч хүмүүстээ зориулан хийсэн. Пиджак, хослолуудын маань үндсэн форм нь шулуун силуэт, зууван хэлбэр, сул өмсгөлтэй байгаа. Түүнчлэн бид эрэгтэй, эмэгтэй шинэ загварууддаа минимал, романтик, цацган чимэглэлтэй ruthless, болон бага зэрэг 80-аад оны хэв маягийг шингээсэн билээ”
Muse Art House брэндийн дизайнер Г.Цас
"Бид энэ удаа Монгол үндэсний хэв маяг ороогүй, энгийн загваруудтай, хар, цагаан өнгөнүүдээс бүрдсэн 'MUSE' цуглуулгаа танилцуулах болно. Тус цуглуулгад маань өвлийн өдөр тутмын болоод гоёлын куртка, цар тахлын дараах цомхон баярт өмсөж болохоор энгийн загвартай шинэ жилийн даашинзууд багтсан" хэмээн дизайнер маань хэллээ.
Ингээд шинэ цуглуулгуудыг харах хүртэл ганцхан хоног үлдлээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт