Хэрвээ та бидний адил загварт дуртай нэгэн бол Netflix дээр саяхан тавигдсан "Emily in Paris" цувралыг аль хэдийнэ үзээд эхэлсэн, эсвэл магадгүй бүр нэг хоногийн дотор үзээд дуусгачихсан гэдэгт итгэлтэй байна. Үйл явдал нь үзэсгэлэнт Парис хотод болж өрнөдөг энэхүү цувралын гол дүр Эмили Купер бол туршлага солилцох зорилгоор Чикагогоос томилогдсон залуу маркетингийн ажилтан бөгөөд киноны турш тэрээр шинэ газар, тэр дундаа дэлхийн загварын нийслэл хотод хөлөө олон, шинэ хамт олон дунд өөрийн байр суурийг эзлэхийг хичээж буйгаар гарна. Гэхдээ цувралыг үзэж амжаагүй хүмүүс байгааг тооцоолон бид энэ удаад киноны үйл явдлаас спойл хийлгүй гол дүрийнх нь хувцаслалт, стайлинг, загварын сонголтуудын талаар ярилцахаар шийдлээ.
Юуны өмнө киноны ерөнхий стилистээр алдарт "Sex and the City" цувралын шилдэг төрхүүдийг бүтээсэн Патриция Филд ажилласан ба тэрээр Эмилиг Франц бүсгүйн стильд уусгахыг хүсээгүй гэдгээ хэвлэлүүдэд онцлон хэлсэн юм. "Миний төсөөлөлд Эмили бол Парист ажиллах боломж гарсанд баярлаж буй, эрч хүчтэй, эерэг хандлагатай залуу мэргэжилтэн. Тэрээр франц шик стилийг өөрийн хувцаслалтдаа нэвтрүүлэхийг хичээдэг ч өөрийн америк гоо зүйн мэдрэмждээ үнэнч үлддэг" хэмээн Патриция тодотгосон билээ.
Үнэхээр л Эмилигийн хувцаслалтыг ажиглавал тод өнгөнүүд, зоригтой хээнүүд, хэтэрхий их аксесуарууд, мөн мэдээж хэрэг cliché болсон берет малгайнуудаар баялаг байна. Маш тод, анхаарал татам, бас "чанга". Гэтэл орчин үеийн жинхэнэ франц бүсгүйчүүд эсрэгээрээ хайхрамжгүй гэмээр энгийн, хэт тод биш, эмэгтэйлэг, ихэмсэг стилиэрээ алдартай бөгөөд зөвхөн бусдын төсөөлөлд л ийнхүү берет малгай, хүзүүний нарийн алчуур, багет талх зэргээр тодорхойлогддог билээ. Ийм ч учраас стилистийн онцолж хэлснээр Эмилигийн стилийг америк болон франц гоо зүйн нэгдэл гэж харах нь илүү тохиромжтой бөгөөд түүнийг аль нэг хэв маягаар хязгаарлалгүй, өөрийн өвөрмөц дүр төрхөөр нь хүлээж авах нь зүйтэй юм.
Бидний хувьд Эмилигийн стиль юуны түрүүнд маш зугаатай, загварыг ёжилсон, өөрийгөө хэт чухал хүлээж аваагүй, цоглог, нүд сэргээм өнгөлөг байдлаараа онцгойрсон тул дараах төрхүүдийг онцлон хүргэж байна. Харин танд түүний аль төрх нь илүү таалагдсан бэ?