Рианнагийн Savage X Fenty брэнд хуримын цуглуулга танилцууллаа

Хамгийн халуухан загварууд

Рианнагийн Savage X Fenty брэнд өөрийн түүхэн дэх хамгийн халуухан хуримын дотуур хувцасны цуглуулгыг саяхан танилцууллаа. Уламжлалт загваруудыг шинэлэг хэв маягтай хослуулж, хуримын даашинзны дотуур болон бал сарын туршид, ер нь ямар ч нөхцөлд өмсөхөд тохиромжтой секси загваруудыг санал болгож байна.

Цуглуулга хоёр үндсэн цувралтайгаар танилцуулагдсан бөгөөд эхнийх нь “At First Sight” бол хоёр дахь цуврал нь “Take a Vow” хэмээн нэрлэгджээ.

“At First Sight” цуврал нь зөөлөн ягаан болон сүүн цагаан өнгийг түлхүү ашиглаж, торон оруулгаар эмжин эмэгтэй хүний биеийн галбирыг улам тодотгох загваруудаас бүрдсэн байна. Мөн цувралд нуруу хэсгээр нумарсан корсет болон мөргүй хөхний даруулга багтжээ.

Харин “Take a Vow” цувралаар дамжуулан Рианна цагаан ба хөх өнгөнүүдийг голчлон сонгож цацган оруулгатай хөхний даруулга, ташаанаас дээгүүр өндөр суулттай дотоож зэрэг ретро хэв маягийн загварууд танилцуулсан нь эмэгтэй хүний ялдам байдлыг илүү нарийн тодотгохыг хүсжээ.

Дуучин Рианна шинэ цуглуулгынхаа нүүр царай болсон бөгөөд цуглуулгаа Savage X Fenty брэндийн албан ёсны вэбсайт дээр худалдаалж эхэлжээ. Хуримын улирал эхэлж буй энэ үед та сонирхоод үзээрэй.


Ж.Булган

2025-04-18, 17:55