Стелла МакКартнигийн “солонгорсон” цүнхний цуглуулга

Баяр баясгалан

Удахгүй ирэх гэж буй зуны улиралд зориулж Стелла МакКартни өөрийн алдарт Falabella цүнхний цуглуулгыг шинэчлэхээр шийдсэн байна. Тэр Falabella сонгодог загварыг өнгө өнгөөр үйлдвэрлэж, солонгын долоон өнгө бүхий цуврал танилцууллаа

Зуны зугаатай уур амьсгалыг угтаж дизайнер Стелла МакКартни Rainbow Pop Falabella гэх өнгөлөг цүнхний цуглуулга гаргалаа. Stella McCartney брэндийн өдөр тутмын сонгодог цүнх болж чадсан Falabella загвар одооноос эхлэн солонгын долоон өнгөний сонголттойгоор худалдаалагдах болно. Шинэ цувралын өнгө бүр нь өөрийн гэсэн далд утгатай гэнэ. Mist буюу бүүдгэр цэнхэр-ногоон өнгө нь тайвшрал, Bluebird буюу бараан цэнхэр нь - өөртөө итгэлтэй байдал, Bright Purple буюу хөх ягаан нь - баяр цэнгэл, Hot Pink буюу тод ягаан нь - нөхөрлөл, Cherry буюу улаан ягаан нь - хайр дурлал, Orange буюу улбар шар нь - алиа зан, Golden буюу шар нь - баяр баясгаланг илтгэж байгаа юм. Өнгөлөг Falabella цүнхний зэрэгцээ дизайнер мөн iPhone ухаалаг утасны гэр, түрийвч, түлхүүрийн уут зэрэг жижиг аксесуарууд гаргасан байна. Rainbow Pop-ийн нүүр царайгаар Стелла МакКартнигийн хайрт модель Наталья Водянова тодорчээ.

Stella McCartney-гийн хамт олон уг цуглуулгыг бүтээхдээ брэндийнхээ ёс суртахууны үзэл бодлоос огтхон ч хазайгаагүй гэдгээ онцолж хэлсэн байна. Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн ашиглагдсан хуванцар савнаас гаргаж авсан дахин боловсруулагдсан полиэстр хэрэглэсэн төдийгүй мөн ямар ч амьтан мал гэмтээгээгүй аж.

Buro.Mongolia

2016-05-02, 12:00

  • Зураг: