Цуурхал батлагдаж, Стефано Пилати Zegna-гаас гарлаа

Эрх чөлөө

Милан хотноо тархаад байсан цуурхал үнэн болж таарлаа. Сүүлийн гурван жилийн турш Ermenegildo Zegna-гийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Стефано Пилати саяхан албан тушаалаа орхижээ

Саяхан ажлын байраа орхисон дизайнерууд буюу Раф Симонс, Альбер Эльбаз ба Александр Ванг нарын эгнээнд Стефано Пилати нэгдлээ. Пилати, Ermenegildo Zegna Group хоёрын зам салах гэж буй талаар цуу яриа гарч, шуугиан дэгдээд байсныг бид саяхан мэдээллэж байсан. Гэтэл энэ нь цуу яриа биш, харин үнэн зүйл болж таарлаа. Компанийн удирдлага өчигдөр албан ёсны мэдээлэл хийж, таамаглалыг бататгажээ.

"Би энэ алхмыг маш удаан хугацаанд тунгааж байж хийсэн. Жильдо Зенья бид хоёр олон чухал хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст миний хариуцан, ажиллаж байсан үүрэг дууссан гэж шийдсэн юм. Харин одоо би түр хойшлуулаад байсан төслүүд дээрээ төвлөрөхийг хүсч байна. Энэхүү бусдаас онцгой, гэр бүлийн компанид ажиллаж үзсэн маань миний хувьд нэр төрийн хэрэг байлаа" хэмээн Пилати албан ёсны мэдэгдэлдээ бичжээ.

Харин одоо дизайнерыг ямар ирээдүй хүлээж байгаа бол? Түүнийг Giorgio Armani руу орно гэх цуурхал бас тархсан байгаа ч одоогоор энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Сануулж хэлэхэд Dior ба Lanvin загварын ордуудын бүтээлч захирлын суудал одоо хүртэл нээлттэй байгаа билээ.

Ө.Тодгэрэл

2016-02-05, 11:00

  • Зураг: