Хоёр долоо хоногийн өмнөөс тархсан цуурхлыг Италийн загварын ордон бататгаж, Мария Грация Кьюритэй салах ёс гүйцэтгэж, харин Пьерпаоло Пиччолиг бие даасан бүтээлч захирлаар томиллоо
"Мария Грация Кьюри шинэ ажлын туршлага хуримтлуулахаар брэндээс гарч байгаа" гэж Valentino-гийн төлөөлөгч өчигдөр WWD-гийн сэтгүүлчид хэлжээ. Кьюриг Dior ордны бүтээлч захирлаар томилогдоно гэх цуурхал одоохондоо батлагдаагүй байгаа ч, загварын салбарынхан бүгд л дизайнерыг тун удахгүй шинэ албан тушаалаа хүлээж авна хэмээн итгэлтэйгээр ярьцгааж байна.
"Valentino болон түүний хамт олон миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Тэр дундаа Пьерпаоло Пиччоли бид хоёр бие, биенийхээ ажилд хүчтэй нөлөөлсөн, хамтдаа тоолшгүй олон бүтээлч амжилт олж чадсан мөнхийн хамтрагчид юм. Би бүгдэд нь талархсанаа илэрхийлж энэ ордонд ажиллахдаа үргэлж хүсэл тэмүүллээр дүүрэн, аз жаргалтай байсан гэдгээ хэлэхийг хүсч байна. Харин одоо би шинэ ажлын сорилд бэлэн байна" хэмээн Кьюри сэтгэгдлээ хуваалцсан байна.
Сануулж хэлэхэд Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нар 1989 оноос эхлэн хамтран ажилласан алдартай хос дизайнерууд юм. Тэд анх Fendi ордны дизайны багт 10 гаруй жилийн турш ажиллаж, дараагаар нь Valentino-д туслах дизайнеруудын үүрэг гүйцэтгэж, харин 2008 онд Италийн брэндийн бүтээлч захирлын суудалд очсон билээ. Ойролцоогоор 26 жилийн турш хамт байсан дизайнерууд хоёр хоногийн өмнө Шекспирийн уур амьсгалтай кутюр загварын шоу зохион байгуулж, тун гунигтай салах ёс гүйцэтгэсэн байгаа.
Хэрвээ цуурхал батлагдвал Кьюри Dior ордны хамгийн анхны эмэгтэй бүтээлч захирлаар тодрох юм. Түүний Францын загварын ордонд зориулсан анхны цуглуулгыг бид энэ намар олж харах өндөр магадлалтай байна. Кьюри Valentino-д ажиллах хугацаандаа брэндийн аксесуарын шугамыг эрчимтэй хөгжүүлж, компаний орлогыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж чадсан тул түүнийг Dior-т ч мөн адил ижилхэн амжилт гаргах болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт