Алдарт Victoria’s Secret загварын шоу таван жилийн дараа эргэн ирлээ

Америкийн алдарт Victoria's Secret брэндийн дотуур хувцасны загварын шоу 2019 онд зохион байгуулагдалгүй цуцлагдаж, илүү шинэлэг форматтайгаар эргэн ирэхээр төлөвлөж байгаа гэдгийг брэндийн зүгээс хуваалцаж байсан билээ. Тухайлбал 2018 оны Victoria's Secret загварын шоуг ердөө 3,3 сая хүн үзсэн нь 2001 оноос эхлэн телевизийн сувгаар дамжуулагдсан загварын шоуны түүхэн дэх хамгийн доод рекордыг тогтоосон юм. Энэ үзүүлэлт нь тус загварын шоуны тайзан дээр алхаж буй моделиудын сонголттой нягт холбоотой хэмээн Harper's Bazaar тэргүүтэй сэтгүүлүүд тухайн үед онцолж байв. Учир нь тус брэндийн маркетингийн албаны захирал асан Эд Разек трансжендер болон plus size моделиудыг шоуны тайзнаа алхуулах бодолгүй гэдгээ хуваалцаж байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, улмаар тус брэнд их хэмжээний шүүмжлэлд өртөж байсан удаатай. Түүнчлэн 2020 онд Victoria's Secret брэндийн удирдлага өөрчлөгдсөний зэрэгцээ борлуулалт нь буурч, цар тахлын улмаас АНУ болон Канад дахь нийт 250 салбар дэлгүүрээ бүрмөсөн хаахаар шийдэж, эцэст нь алдарт загварын шоугаа цуцалж байсан түүхтэй.

Тэгвэл таван жилийн турш завсардсан Victoria's Secret загварын шоу ирэх сард буюу аравдугаар сарын 15-ны өдөр Нью-Йорк хотод зохион байгуулагдахаар болсон гэдгийг албан ёсоор мэдээлжээ. Тэд олон нийтийн санаа бодол, шүүмжлэлийг сайтар тунгаасны эцэст шоугаа дахин үргэлжлүүлэхээр болсон гэдгээ илэрхийлсэн байна. Шоунд алхах моделиудын нэрс албан ёсоор зарлагдаагүй байгаа ч Тайра Бэнкс, Кэндис Свейнпол, Жижи Хадид тэргүүтэй брэндийн алдартай сахиусан тэнгэрүүд болон олны хайртай загвар өмсөгчид болох Иман Хаммам, Грейс Элизабет, Девин Гарсиа, Палома Элсессер, Тейлор Хилл, Майова Николас нар оролцох нь тодорхой болжээ. 

Мөн шоунд үзүүлбэрээ үзүүлэх дуучдын нэрсийг зарласан бөгөөд үүнд BLACKPINK хамтлагийн Лиса, Water дуугаараа танигдсан дуучин Тайла болон ахмад дуучин Шер зэрэг алдартай бүсгүйчүүд уран бүтээлээ толилуулахаар болсон байна. 

Э.Цовоо

2024-09-23, 10:34