Хэдхэн хоногийн өмнө Netflix стриминг платформ дээр найруулагч Тим Бертоны ээлжит бүтээл “Wednesday” цуврал нээлтээ хийсэн билээ. Тус цуврал нь “The Addams Family” (1991) киноны спин-офф бөгөөд Гомез болон Мортишиа Аддамс нарын ер бусын шидтэй охин Уэнсдэйн тухай өгүүлэх юм. Бид Уэнсдэйн бүрдүүлсэн төрхүүдийг анхааралтай ажигласан ба дүрүүдийн хувцас хэрхэн бүтсэн талаар мөн судалсан юм.
Цувралын хувцас дизайнераар “Alice in Wonderland”, “Memoirs of a Geisha”, “Fantastic Beasts: The Crimes of Grindelwald” зэрэг кинонд ажиллан дөрвөн ч удаагийн Оскарын шагнал хүртсэн Коллин Этвуд байгаа аж. Тэрээр “Wednesday” цувралын ихэнх дүрийн хувцсыг өөрөө бүтээсэн байна. Мөн 60, 70-аад оны винтэж стилийн элементүүд ашиглахдаа илүү контемпорари уур амьсгалтай болгон хувиргасан тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдсан юм.
Уэнсдэй төрөл бүрийн ер бусын чадвартай хүүхдүүд суралцдаг Nevermore нэртэй элит ахлах сургуульд шилжин ирснээр түүх өрнөдөг. Nevermore-ийн сурагчдын дүрэмт хувцас судалтай пиджак, цагаан сорочкан цамц, ноосон цамц, хар зангиа, өмд болон юбканаас бүрдэх ба Тим Бертоны хүсэлтийн дагуу бүхэлдээ тод нил ягаан өнгөтэй аж. Харин Уэнсдэйн өвөрмөц зан чанарыг тодотгох зорилгоор түүний дүрэмт хувцсыг нил ягаан биш, харин хар саарал өнгөтэй болгожээ. Дизайнер Коллин Этвудийн хуваалцсанаар Уэнсдэйн дүрэмт хувцасны тэгш бус хэмтэй судлууд, саарал өнгийн олон туяа зэрэг нь түүний төрхийг сонирхолтой, харц булаахаар болгож чадсан гэнэ.
Уэнсдэй мангастай нүүр тулгарахдаа, найзуудтайгаа хотоор зугаалахдаа гээд ер нь хичээлийн бус цагаар гурвалжин хэлбэрийн цагаан захтай бараан даашинз, урт судалтай, эсвэл дөрвөлжин хээтэй ноосон цамц түлхүү өмсдөг. Мөн гадуураа хар нимгэн, эсвэл юүдэнтэй oversize куртка өмсдөг ба куртканы дотроос заавал цагаан зах, эсвэл ханцуй нь цухуйдаг. Харин гутлын хувьд зузаан арзгар ултайг илүүд үздэг юм.
Тэртээх 1991 онд үзэгчдийн хүртээл болсон Аддамсын гэр бүлийн тухай өгүүлэх кинон дээрх Уэнсдэйн загварын мэдрэмжийг Netflix-ийн хувилбартай харьцуулбал, түүний хувцаслалтад төдийлөн их өөрчлөлт ороогүй ч орчин үеийн Уэнсдэйн хувцаслалт харьцангуй залуу өнгө аястай, шинэлэг болж чадсан байна. Сонирхолтой нь, “The Addams Family” кинонд Уэнсдэйн дүрийг бүтээсэн жүжигчин Кристина Риччи “Wednesday” цувралд Nevermore сургуулийн багшийн дүрд тоглосон юм.
Өөрийн зөрүүд, тууштай зангаараа бусдаас ялгардаг Уэнсдэй сургуулийн үдэшлэгт зориулж бүрдүүлсэн төрхөөрөө үзэгчдийг гайхшруулж чадсан билээ. Тэрээр Alaïa брэндийн цацган детальтай, хар өнгийн захтай торон, урт даашинз сонгосон байлаа. Уэнсдэй энэ даашинзтайгаа яг одоо TikTok, YouTube-д маш их хандалттай байгаа этгээд бүжгээ бүжиглэсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт