Залуус загварт: Парисын загварын ертөнцөд хөл тавьсан Г.Жинжийбадам

Загварын салбарыг дан ганц хувцас дизайнераар тодорхойлох нь учир дутагдалтай. Энэхүү ертөнц нь бүтээлч салбар, маркетинг, борлуулалт, бизнес удирдлага, бүтээгдэхүүн нийлүүлэлт гэхчлэн олон хэсгүүдэд хуваагддаг ба тус бүр өөрсдийн гэсэн чиг үүрэг бүхий ажил мэргэжлүүдийг багтаадаг билээ. Тэгвэл бид загварын ертөнцийн өргөн талыг таниулах, тус салбарт шинээр хөл тавих хүсэлтэй хүмүүст чиг баримжаа өгөх зорилго өвөртлөн “Залуус Загварт” шинэ булан эхлүүлж байна. Энэхүү булангийн хүрээнд бид Монголын болон олон улсын загварын талбарт ажиллаж буй хүмүүстэй ярилцаж, бодит туршлагад суурилсан үнэ цэнтэй мэдээллийг уншигчдадаа хүргэх болно.

Эхний дугаартаа загварын нийслэл гэгддэг Парис хотод арт директорын мэргэжлээр ажилладаг Г.Жинжийбадамыг урин оролцууллаа. Тэрээр дэлхийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болох Парисын загварын долоо хоног дээр ажилласан сэтгэгдэл, хувийн агентлагаа нээсэн туршлага болон арт директор гэх мэргэжлийнхээ талаар бидэнтэй хуваалцсан юм.


Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Г.Жинжийбадам гэдэг. Би 24 настай. Парис хотод 18-тайгаасаа хойш сурч, ажиллаж, амьдарч байна.


Яагаад загвар гэж?

Жаахан байхын л загварын сэтгүүлд ажиллах мөрөөдөлтэй байлаа. “Devil Wears Prada”, “Ugly Betty” киног цээжилтлээ их үзсэн. Тиймээс ахлах сургуулиа төгсөөд Монголд худалдааны зөвлөхөөр цагийн ажил хийж үзсэн юм. Үр дүнд нь хувцастай холбоотой маш олон ажил мэргэжлүүд байдгийг олж мэдсэн. Ийнхүү загварын бизнес удирдлага мэргэжлээр суралцахаар шийдэн Парис дахь American Business School сургуульд элсэн орж байсан. Гэхдээ төгсөөд энэ мэргэжлээрээ биш, харин илүү бүтээлч шинжтэй арт директороор ажиллаж байна.

Chanel хавар-зун 2020, Парисын кутюр загварын долоо хоног

Ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

Бакалавраа дүүргэчхээд Парис хотод үйл ажиллагаагаа явуулдаг бүтээлч агентлагт туслах арт директороор орж байсан. Тус компани нь загварын сэтгүүл, брэндүүдийн зураг, имижийг бүрдүүлэх чиг үүрэгтэй юм. Хэмжээний хувьд нүсэр биш баг бүрэлдэхүүнтэй байсан тул миний үүрэх хариуцлага маш өндөр болж таарсан. Тиймдээ ч их зүйл сурч авсан гэж боддог.


Туслах арт директорын ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг байв?

Үйлчлүүлэгч бидэнд хандахад юун түрүүнд төсөв мөнгөний асуудлаа шийдэж, гэрээгээ байгуулна. Энэ тал дээр агентлагийн санхүү хариуцсан мэргэжилтнүүд ажилладаг юм. Ийнхүү хэлэлцээр амжилттай хийгдсэн тохиолдолд үйлчлүүлэгчийн хүсэж буй үр дүнгийн талаар ярилцана. Тухайлбал, ямар хэлбэрээр шинэ цуглуулга танилцуулах, зураг авалтын хэв маягийг хэрхэн тодорхойлох гэх мэт сэдвээр хэлэлцдэг. Үүний дараа арт директорын зүгээс гэрэл зурагчин, модель, сет дизайн гэхчлэн зураг авалтад хэрэгтэй бүхнээ бүрдүүлж эхэлдэг. Арт директор зураг авалт эхлэхээс өмнө тухайн газартаа очин бэлтгэлээ хангаж, цаашлаад үйл явцыг хянах, чиглүүлэх, шалгах, мөн болохгүй байгаа зүйлсийг засаж залруулах үүрэг хүлээдэг.


Парисын загварын долоо хоног дээр ажилласан сэтгэгдлээсээ хуваалцаач?

Агентлагт ажиллаж байх хугацаандаа загварын долоо хоногууд дээр ажиллаж байсан нь маш гоё дурсамж, туршлага болж үлдсэн. Бүх шоунуудад оролцож, цаг тухайд нь зураг бичлэгийг нь хийдэг байсан юм. Нэг шоунаас нөгөө шоуны хооронд гүйсээр өдөр маш яаруу сандруу өнгөрнө. Өдрийн хоолоо идэх зав гарах нь ч ховор байсан.

Надад загварын долоо хоногт хэрхэн оролцох, ямар байдлаар уригддаг талаар маш их асуулт ирдэг. Тэрхүү асуултад хариулахад, загварын долоо хоног нь ихэнхдээ салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд болж өнгөрдөг юм. Өөрөөр хэлбэл энэ арга хэмжээнд хэвлэл мэдээллийнхэн, худалдан авагчид, брэндийн төлөөлөгчид, мөн алдартнууд хүрэлцэн ирдэг билээ.

Dior хавар-зун 2021, Парисын загварын долоо хоног

Одоо хувиараа ажиллахад ямар ялгаатай байна вэ?

Би анх ажиллаж байсан агентлагаасаа 2021 онд гарсан. Тэрнээс хойш энэ бүхнийг хувиараа хийгээд явж байна. Тиймдээ ч ажлын нэг өдөр илүү чөлөөтэй өнгөрнө. Өөрийн хүссэнээр бүх зүйлээ хийдэг гэсэн үг. Нэг гэм нь ганцаараа ажиллахад мэдэлгүйгээр өөр дээрээ өндөр ачаалал нэмчхээд байдаг. Орж ирсэн ажил болгонд зөвшөөрсөөр байгаад тэр шүү дээ.

Загвар өмсөгч Белла Хадидын хамт, Max Mara намар-өвөл 2020, Миланы загварын долоо хоног

Арт директороор ажиллахад ихэнх цагаа гадуур судалгаа хийж өнгөрөөдөг үү, эсвэл компьютерын ард суух нь элбэг тохиодог уу?

80% буюу дийлэнх цагаа компьютерын ард сууж судалгаа хийхэд, хүмүүстэй холбоо барихад, мөн зураг, бичлэгээ янзлахад зарцуулдаг. Харин үлдсэн 20% нь гадуур явж бэлтгэлээ хангахад, зураг авалт хийхэд зориулагддаг.

Schiaparelli хавар-зун 2023, Парисын кутюр загварын долоо хоног
Дизайнер Ким Жонсын хамт, Кэйт Моссын номын нээлтийн арга хэмжээн дээр

Оюутны ширээнээс буухад арт директор гэх мэргэжлийн эрэлт, ажлын байрны олдоц хэр байдаг бол?

Миний бодлоор Парис хотод том, жижиг гэлтгүй гоо сайхан, хувцас загварын олон брэнд үйл ажиллагаа явуулдаг тул ажлын байрны олдоц өндөр байдаг. Үүнийг даган өрсөлдөөн ч маш их. Тэр дундаа загварын сэтгүүлийн салбар нь бусадтайгаа харьцуулахад өндөр өрсөлдөөнтэй, мөн миний анзаарснаар цалин багатай байдаг.

Сургуулиа төгссөний дараа ч гэлтгүй сурч байх хугацаанд дадлага хийх боломж их гарна. Жишээ нь дийлэнх сургуулиуд загварын долоо хоног болох үед оюутнууддаа дадлага хийх амралтын өдрүүд хуваарилж өгдөг юм. Энэ үеэр оюутнууд загварын шоуны тайзны ард төрөл бүрийн ажил хийж үздэг.


Одоогоор та ямар брэнд болон сэтгүүлүүдтэй хамтарч ажиллаад байна вэ?

Миний хувьд Ойрх Дорнодын Savoir Flair гэх сэтгүүлтэй хамтран Dior, Prada брэндийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн өнгөрсөн жил Нью-Йоркийн загварын долоо хоногийн контентуудыг хариуцаж байсан. Хамгийн сүүлд Сингапурын Harper's Bazaar сэтгүүлтэй хамтарч эхэлсэн. Тэдний Парис дахь контрибьютор гэх статустай явдаг.


Яагаад Harpers Bazaar зэрэг томоохон сэтгүүлүүд хувиараа ажилладаг хүмүүсийг ажиллуулдаг бол?

Valentino хавар-зун 2023, Парисын кутюр загварын долоо хоног

Сүүлийн үед бүтээлч салбарын том компаниуд фрилансеруудтай хамтарч ажиллах сонирхол өндөртэй болсон. Тэд нэг ажлын байран дээр ганцхан хүнийг бүтэн цагаар авсны оронд олон фрилансеруудтай, тэр дундаа гаднын хүмүүстэй туршлага солилцохыг илүүд үзэж байгаа юм.


Өндөр өрсөлдөөнтэй газар мэргэжилтний ямар чадвар өндөрөөр үнэлэгддэг вэ?

Нэгдүгээрт, харилцаа холбоо чухал үүрэг гүйцэтгэнэ. Миний хийж байсан ажлуудын дийлэнх хувийг танилын хүрээн дэх хүмүүс маань санал болгож байсан. Тиймээс олон хүн таньдаг байх нь шинэ ажлын санал хүлээн авахад, хэрэгтэй хүмүүстэйгээ холбоо тогтооход тусална. Хоёрдугаарт, зогсолтгүй суралцъя гэсэн сэтгэхүй их чухал. Тухайлбал, шинэ төрлөөр зураг янзлах, бичлэг хийх аргачлалууд ямагт судалж байх хэрэгтэй. Мөн олон талын чадвартай байх тусам өрсөлдөөнөөс цойлж гарч ирэх боломж нэмэгдэнэ.

Б.Энххүслэн

2023-02-09, 12:20