Загварын хорхойтнуудын дунд дэгдээд байсан томоохон цуурхал албан ёсоор батлагдлаа. Тодруулбал, өчигдөр LVMH группийн жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн уулзалтын үеэр тус группийн гүйцэтгэх захирал Бернар Арно Dior брэндийн эрэгтэй загварын шинэ бүтээлч захирлаар Жонатан Андерсонг албан ёсоор томилсон байна. Саяхныг хүртэл тус албан тушаалд Ким Жонс ажиллаж байсан бөгөөд тэрээр Dior-д байх хугацаандаа дүрслэх урлаг болон streetwear-ийг холбосон цоо шинэ урсгалыг бий болгож, эрэгтэй загварын ертөнцөд урьд өмнө байгаагүй шинэлэг өөрчлөлт авчирсан түүхтэй.
Харин Жонатан Андерсоны хувьд сүүлийн 11 жилийн турш Loewe брэндийн бүтээлч захирлаар ажилласан төдийгүй давхар өөрийн нэрийн брэндийг амжилттай хөгжүүлсээр ирсэн. Тэрээр загварын ертөнцийн зорилго, мөн чанарыг контемпорари, сюрреалист загваруудаараа тодорхойлдог ба ингэхдээ харааны төөрөгдөл бий болгосон, тэгш бус хэмтэй силуэт гаргахыг илүүд үздэг гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл Жонатаны Dior-т зориулсан анхны эрэгтэй хувцасны цуглуулга ирэх зургаадугаар сарын 27-нд танилцуулагдах төлөвтэй байгаа юм.
Мөн энэхүү үйл явдал нь Dior ордны эмэгтэй загварын бүтээлч захирал Мария Грация Кьюригийн байр суурьт нөлөөлөх магадлалтай байна. Тодруулбал, Dior брэндийн удирдлагын багт Жонатан Андерсон нэмэгдсэн нь зөвхөн эрэгтэй загварт төдийгүй, эмэгтэй чиглэлд ч өөрчлөлтийн салхи ойртож буйн дохио байж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт