BURO.-гийн уншигч Э.Мөнх-Уянгын бичсэн 2024 оны Victoria's Secret загварын шоуны талаарх шүүмжийг хүлээн авч уншина уу.
Өглөөг гайхалтай эхлүүлсэн учир шалтгаан бол загварын ертөнцийн тод гэрэл, охид эмэгтэйчүүдийн шүтээн, ягаан ертөнцийн диваажин Victoria's Secret загварын шоу байв. Бидний хүүхэд нас, охид бүсгүйчүүдийн өсөж ургах насанд хамгийн эмэгтэйлэг энергийг өгдөг байсан гайхалтай орон зай бол энэ шоу гэхэд хилсдэхгүй. Жил бүрийн өдийд догдолж, тэсэн ядан хүлээдэг байсан тус шоу бидэнд шинэ жилийн гялалзсан уур амьсгалыг авчирдаг байсан гэлтэй. Тэгвэл “Эргэн ирэлтээр дүүрэн” супер шоуг зургаан жилийн дараа тэд үзүүлж чадлаа. Учир юу гэвээс загварын ертөнц, гоо сайхны талбарт бичигдээгүй хууль мэт тунхагласан 90:60:90 тодотголтой моделиудаас илүү насны хувьд, бие бялдрын хэв байдлын хувьд, жингийн хувьд гээд хувьсал хийж чадсан гэмээр олон дүр төрхийг энэ тайзнаас бид харлаа. Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, илүү энэрэнгүй болж, нэг нэгнийхээ ялгаатай байдлыг бид хүлээн зөвшөөрч сурч байна. Хил хязгаарыг үнэхээр эвдэж чадсанд дэлхийн бүх эмэгтэйчүүд бид алга ташмаар. Өөртөө итгэлтэй байдал, ялдам энхрий тачаангуй байдлын бэлгэ тэмдэг болсон тус шоуны тайзнаа “ийм моделиуд алхлаа, гээд дүгнээд хэлчих цор ганц өнцөггүй” дэндүү өргөн хүрээнд халуухан моделиуд цөөнгүй алхсан нь үүний нотолгоо болж байна. Энэ жилийн загвар өмсөгчдийн жагсаалтад Жижи Хадид, Тайра Бэнкс, Палома Элсессер, Иман Хаммам, Кэндис Свэйнпол, Грейс Элизабет, Тейлор Хилл, Майова Николас, Девин Гарсиа, Барбара Палвин, Бехати Принслу, Эшли Грэм, Жасмин Тукс, Адриана Лима нар багтсан нь дурсамжийн ертөнцөөр биднийг аялууллаа. Амьсгаа даран үзэж, хамт алхаа бүрийнх нь хэмнэлд жаргаж үзлээ. Бүсгүй ертөнц гэж...
Victoria’s Secret бол эмэгтэйчүүдийн дотуур хувцас, тансаг үнэртэн, биеийн арьс арчилгаа, аксесуар, спортын болон унтлагын хувцасны тэргүүлэгч брэнд юм. Victoria's Secret загварын шоу нь дотуур хувцасны брэнд болох Victoria's Secret-ийн ивээн тэтгэдэг, жил бүр зохион байгуулдаг сурталчилгааны томоохон арга хэмжээ билээ. 1995 оноос 2018 он хүртэл Victoria's Secret шоуг ашиглан бараа бүтээгдэхүүнээ олны анхаарлыг татсан орчинд худалдаалж ирсэн. Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд нь тус компанитай гэрээ байгуулсан загвар өмсөгчид бөгөөд энэ арга хэмжээний гол дүрүүд юм. Загварын шоуг 2019 онд цуцалж, тухайн жил зохион байгуулагч Эдвард Разек олон нийтийн шахалтаар огцорч байсан түүхтэй. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сард брэндийн үнэлгээ, борлуулалт буурч, Разекийн шүүмжлэл нэмэгдэж байгаа үед албан ёсоор зарласан цуцлалтад “Me Too” хөдөлгөөн зэрэг хэд хэдэн шалтгаан нөлөөлжээ. Асар их шүүмжлэлд өртсөний улмаас Victoria's Secret загварын шоу маркетингийн стратегиа эргэн харж, эцсийн дүндээ бидний хайртай шоу завсарласан. Брэнд нэр хүндээ сэргээхийн тулд дижитал платформ маркетинг руу шилжин өөрчлөгдсөн бөгөөд Victoria's Secret-ийн загварын шоуны шүүмжлэгчид тэднийг объектив шинж чанартай, биеийн хэмжээ нь олон янз байдаггүй, мөн хязгаарлагдмал загвараараа соёлыг доромжлох хандлагатай байна ч гэж шүүмжилж байлаа.
Ягаан хивсний ёслол Нью Йоркийн цагаар 18:30 минутаас эхэллээ. Монголд өглөөний 06:00 цаг. Загварт хайртай хүмүүс л энэ цагаар Victoria's Secret загварын шоуны шууд дамжуулалтыг үзсэн гэдэгт итгэлтэй байна. BLACKPINK хамтлагийн уран бүтээлч, Тайланд гаралтай дуучин Лиса мотоцикл хөлөглөн загварын шоуны тайзнаа гарч ирсэн нь гал асаасан үзүүлбэр байлаа. Тэрээр "Rock Star" гэдгээ нотолж, шоунд өнгө нэмсэн нь төгс зохицол байсан юм. Энэ жилийн шоуны онцлох уран бүтээлч бол яах аргагүй хөгжмийн ертөнцөд маш хүчтэй орж ирсэн Африк гаралтай дуучин Tyla. Түүний “Water” дууны хөнгөн хэмнэлд сахиусан тэнгэрүүд урсгал ус мэт уян налархай алхаагаараа тайзыг чимсэн. Хөгжмийн ертөнцийн шинэхэн залуу од тэрээр дуулахын зэрэгцээ тайзан дээр алхаж, өөрийгөө өөр өнцгөөр фенүүддээ таниулсан үйл явдал байлаа.
Мөн энэ өдрийн тод гялалзах гэрэлт од нь домогт дуучин Cher байсан юм. Олон жил өнгөрсөн ч одоог хүртэл дэргэд мэт тийм л дотно ая дуугаа өргөсөн нь тэртээ 2000 оны уур амьсгалыг гүн хүндэтгэлтэйгээр шоуны тайзнаа авчирсан. Үнэхээр хүндэлмээр, хэлэх үггүй болгосон үзүүлбэр “Strong enough”, “Believe” байсан ба босоод бүжиглэмээр энерги нь халгисан гайхалтай уран бүтээлүүд. Одоо ч гэсэн эрч хүчтэйгээр үзэгч сонсогчдодоо хит дуунуудаа хүргэж байгаа нь хэн хүний бахдалыг төрүүлсэн биз ээ.
Төгсгөлд нь алдарт загвар өмсөгч Тайра Бэнкс алхсан нь бүр шилдгийн шилдэг үзүүлбэр байлаа.
Victoria's Secret-ийн загварын шоу 2024 онд бидний урмыг хугалсангүй. Хэсэг хугацаанд завсарласны дараа эргэн олны анхаарлын төвд орсон энэ жилийн шоу нь бүтээлч байдал, өргөн цар хүрээ, гайхалтай дотуур хувцасны нүд гялбам үзүүлбэр дүүрэн байсан нь бидний хүлээлтээс давлаа.
Энэ жилийн шоу нь олон талт байдалд анхаарлаа хандуулж, төрөл бүрийн хэмжээ, үндэс угсаа, гарал үүсэлтэй моделиуд болон загваруудыг харуулсан нь 2024 оны шоу нь брэндийн дүр төрхийг дахин тодорхойлох зорилготой байсан гэлтэй. Шоуны зохион байгуулалт үнэхээр гайхалтай байсан. Сегмент бүрийг өвөрмөц сэдвүүдээр сайтар боловсруулж, үзэгч биднийг өөр ертөнц рүү аваачсан. Хэт том тансаг далавч, хайр дүүрэн энхрий коллекц бүр сэтгэл татам дүр зураг бүтээж байлаа. Модерн загвар, шоу ертөнцийн хосолмол үзүүлбэрийг зохион байгуулагчид цогцоор нь бүтээж чадлаа. 2024 оны үзэсгэлэнд тавигдсан цуглуулгууд шинэлэг загвараар хил хязгаарыг давсан гэдгийг дахин хэлье. Дотуур хувцас нь нарийн нэхсэн тор, тод хэвлэмэл, тансаг даавуугаар хийгдсэн бөгөөд тав тух, дэгжин байдлыг онцолжээ. Байгальд ээлтэй материалыг нэвтрүүлсэн нь загварын тогтвортой байдлын төлөөх амлалт улам бүр нэмэгдэж байгааг онцолсон мэт. Адриана Лимагийн тухай ярих юм бол түүний гадаад төрх нь ихээхэн шуугиан тарьсан. Асар их амжилтад хүрсэн Бразилын загвар өмсөгч 1999 онд тус брэндээр карьераа эхлүүлж, 2017 онд "Victoria's Secret-ийн хамгийн үнэ цэнтэй сахиусан тэнгэр"-ээр тодорсон. Тэр “ГЭРТЭЭ” эргэн ирсэн. Түүний гэр бол Victoria’s Secret шоу гэдгийг сурталчилгаанд онцолсон нь маркетингийн багийн чадварыг харууллаа. Түүнээс гадна Алессандра Амбросио, Жижи Хадид, Белла Хадид гээд гайхалтай сахиусан тэнгэрүүд өнөөдөр тайзан дээр буусан нь шоуны чимэг байсан юм.
2024 оны Victoria's Secret загварын шоу нь тус брэндийн хувьд чухал эргэлт болсон. Хүртээмжтэй байдал, тогтвортой байдал, шинэлэг дизайныг чухалчилснаар шоу шинэ эрин үе рүү зоримог алхам хийсэн нь илт. Энэ жилийн шоу нь зөвхөн гоо үзэсгэлэнгийн баяр биш, загварын шоу дангаараа биш өргөн утгаараа үзэгч бидний баяр, удаан уулзаагүй найзтайгаа уулзсан мэт догдлол дүүрэн мэдрэмж байлаа.
Дүгнэж хэлэхэд 2024 оны Victoria's Secret загварын шоу нь уламжлал, өөрчлөлтийн сэтгэл татам хослол байсан бөгөөд загвар нь зөвхөн бидний өмсөж буй хувцас биш, харин бидний мэдрэмжээс хамаардаг гэдгийг сануулсан юм. Энэ бол ДУРСАМЖ, ХАЙР
Австрали Улс, Сидней хот
Э.Мөнх-Уянга
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт