Хөлд хамгийн эвтэйхэн гутлыг бид оллоо

Бюро 24/7 туршиж үзлээ

Бюро 24/7-гийн загварын редактор хөлд хамгийн эвтэйхэн гутал хайж олох зорилгоор Geox брэндийн байгаль орчинд ээлтэй, “амьсгалдаг” гутлуудыг өмсөж үзэн, төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна

Хөлд эвтэйхэн атлаа загварлаг гуталтай байна гэдэг хүн бүрийн чин хүсэл юм. Мөн мэдээж хэрэг тэрхүү гутал нь боломжийн үнэтэй бол үүнээс илүү юу хүсэх билээ дээ. Ийм зэргийн төгс хослолыг өөртөө агуулдаг брэнд орчин үеийн зах зээлд тун цөөхөн бий. Үнэ хямдрах үед чанар алдагдаж, чанартай байх тусмаа өндөр үнэтэй болж, эсвэл чанартай атлаа дизайн тал дээрээ сулардаг өнөөдрийн зах зээлд Италийн Geox брэнд бусдаас онцгойрч байна.

"Амьсгалдаг гутал" гэх нэршлийг та өмнө нь дуулж байсан уу? Хэрвээ тийм бол энэ нь Geox брэндтэй холбоотой нэршил гэдгийг та мэднэ байх. Хэрэглэгчдийнхээ ая тухыг эрхэмлэж, шинэ технологи бүхий чанартай гутал санал болгож ирсэн Geox брэнд 1995 онд "амьсгалдаг гутал" технологийг патентлаж, агаарын урсгал чөлөөтэй нэвтрүүлдэг дэлхийн анхны загварыг танилцуулсан юм. Гутал өмсөх үед хөдөлгөөн хийсэн үгүйгээс үл хамааран ямар ч хүний бие дулаан ялгаруулдаг. Тодорхой хугацааны дараа тэрхүү дулаан улам ихсэж, хөл хөлрөхөд хүрдэг. Харин Geox-ын мэргэжилтнүүд энэхүү асуудлыг маш хялбар аргаар шийдсэн юм. Тэд гутлын уланд усны молекулаас ч жижиг хэмжээтэй нүхнүүд гаргаснаар амьсгалдаг чанар бий болгож чаджээ. Ингэснээр гутлан доторх чийгшил хөлний гишгэлтээр гадагшилж, сэрүүн мэдрэмж төрдөг олон давуу талтай болж байгаа юм. Хамгийн гол нь Geox брэндийн нэвтрүүлсэн тус уланд нэмэлт мембран давхарга байдаг тул энэ нь гаднаас ус, чийг нэвтрэхээс хамгаалдаг байна.

Geox мөн байгаль орчин ба хүмүүст аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ үнэлэгдэж, TÜV SÜD гэх Герман улсын чанарын тэмдэг хүртсэн анхны гутлын брэндээр тодорсон байдаг. Тэд бүтээгдэхүүндээ хүнд металл, азо будаг, фталат болон бусад хортой, аюултай бодисын агуулга байгаа эсэхийг шалгах үүднээс үргэлж шаардлагатай сорилуудыг явуулдаг байна. Ингэснээр брэнд хэрэглэгчдийн эрүүл мэндийг хамгаалсан, байгаль орчинд ээлтэй загварууд гаргадаг юм.

Энэ бүгдээс гадна Geox дэлхийн хамгийн хөлд эвтэйхэн гутал үйлдвэрлэгчдийн нэгээр нэрлэгддэг. Бид энэхүү тодорхойлолт нь үнэн эсэхийг шалгаж, брэндийн үндсэн дөрвөн загварыг туршиж үзлээ.

Nebula пүүз

 



Geox брэндийн алдартай загваруудын нэг болох Nebula кетийн деталь бүр хэрэглэгчийн тав тух, хүсэлд нийцсэн байдаг. Бүх загварууд дундаас хамгийн өндөр "амьсгалах" чадвартай энэхүү орчин үеийн шийдэлтэй загвар нь зөвхөн ул гэлтгүй, мөн хажуу ба дээд хэсгээрээ агаарын урсгал нэвтрүүлэх чадвартай юм. Ус чийг ба доргилтын хамгаалалттай Nebula гутал цаг агаарын ямар ч нөхцөлд найдвартай байх болно. Geox брэндийн хамт олон уг загвартаа гурван хэмжээст агааржуулалт бүхий Net Breathing System болон дулаан бууруулж, тэсвэртэй ба уян хатан болгох 3D Performance Unit гэх хоёр төрлийн технологи ашиглажээ.

Өмсөж үзсэн сэтгэгдэл: Энэхүү загварыг өмсөж үзсэн даруйд ямар хөнгөн бас хөлд эвтэйхэн юм бэ гэх бодол төрлөө. Ул нь гишгэхэд зөөлөн төдийгүй бага зэрэг өндөрлөсөн өсгийтэй тул алхахад дэмжлэгтэй байлаа. Энэ нь хэтэрхий өндөр өсгийтэй эсвэл эсрэгээрээ хавтгай бөгөөд хатуу ултай гутал өмсөхөөс зайлсхийдэг нурууны зовиуртай хүмүүст тохирох төгс сонголт мэт санагдлаа.

Хэрхэн хослуулж өмсөх вэ: Орчин үеийн минимал дизайнтай, тод өнгөтэй Nebula загварыг спорт болон өдөр тутмын энгийн зориулалтаар өмсөх боломжтой. Өөрөөр хэлбэл спорт ба сонгодог стилийг хослуулах тренд ноёрхож байгаа энэ үед уг кетийг зөвхөн биеийн тамирын өмд гэлтгүй, мөн брюк өмд, юбка ба даашинзтай хүртэл хослуулан өмсөж болно. Nebula загвар тод улбар шар, шар, хөх ягаан, нил ягаан, улаан, саарал, хар гээд маш өргөн өнгөний сонголттойгоор гарсан байгаа. Эдгээр тод өнгөнүүдийн тусламжтайгаар 2017 оны гол чиг хандлага болох нэгэн жигд өнгийн total look бүрдүүлж болох юм. Ерөнхийдөө орчин үед спорт загварын кетийг хүссэн байдлаараа хослуулан өмсдөг болсныг анхааралдаа аваарай. Та ямар ч нөхцөлд буруудахгүй гэдэгт итгэлтэй байж болно шүү.

New Do кет



Хэрвээ урьд өмнө нь хүмүүс ердөө л гоёмсог харагдахыг хүсч, хувцсыг энгийн хэрэглээ гэж үздэг байсан бол, орчин үед нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өнөөдөр нийгмээсээ түрүүлж алхдаг хүмүүс байгаль орчинд хор хөнөөл учруулдаггүй, эко загварыг эрхэмлэж, минимал амьдралын хэв маяг сонгох болжээ. Тэд амьдралыг хэрэггүй зүйлсээр дүүргэлгүй, энгийн атлаа гүн зорилготой амьдарч байна. Энэхүү шинэ үеийн үзэл бодлыг New Do загвар илэрхийлнэ. Geox брэндийн танилцуулсан уг загварт ямар ч илүү деталь, илүү материал, илүү чимэглэл байхгүй. Зөвхөн зайлшгүй шаардлагатай хэсгүүдээс бүрдсэн New Do кет нь бүхлээрээ байгальд уусах маш том давуу талтай юм.

Өмсөж үзсэн сэтгэгдэл: Юу ч өмсөөгүй мэт мэдрэмж төрүүлэх, маш хөнгөн бөгөөд зөөлөн. Мөн мэдээж хэрэг хөлд эвтэйхэн. Гаднаасаа тэгш ултай мэт харагдах ч, өмсөж үзэхэд өсгий хэсэгтээ багахан хэмжээний өндөрлөсөн зөөлөвчтэй тул алхахад түлхэц өгч байлаа. Урд хэсгээрээ бага зэрэг өргөссөн загвартай тул ямар ч хэлбэрийн хөлд таарах болно.

Хэрхэн хослуулж өмсөх вэ: New Do загвар маш минимал дизайнтай тул ямар ч төрлийн хувцастай асуудалгүй зохицно. Оффист, үдшийн болзоонд, өдөр тутмын зугаалгад гээд амьдралын ямар ч нөхцөлд тохирох энэ гутлыг өглөөнөөс орой хүртэл өмсөж болно. Минимал хувцаслалтын дагуу саармаг өнгийн, анхаарал татам хээгүй, сул эсгүүртэй загваруудтай хослуулбал бүр ч илүү орчин үеийн харагдана.

Janalee оксфорд гутал



Janalee цувралын энэхүү оксфорд гутал нь өөрийн цэмцгэр дизайн ба энгийн шийдлээрээ алдартай. Geox-ын бусад загваруудын адил "амьсгалдаг" чанартай Janalee гутлын улавч нь нэмэлт зөөлөвчтэй бөгөөд бактерийн эсрэг үйлчилгээтэй юм. Мөн уг загварын ул нь гинжин хээтэй тул газрын гадаргуутай сайн барьцалдах болно.

Өмсөж үзсэн сэтгэгдэл: Ихэнх оксфорд гутлууд хатуу ултай, бага зэрэг хүнд жинтэй байдаг бол, Janalee загварыг өмсөхөд маш хөнгөн бөгөөд гишгэхэд улавч нь бамбалзаж байсан юм. Гутлын цайвар саарал өнгө хөлийг илүү урт харагдуулж, багахан хэмжээний өсгий нь хангалттай өргөлт өгч байлаа. Энэхүү гутал нь үдээсгүй тул өмсөж тайлахад тун хялбар санагдлаа.

Хэрхэн хослуулж өмсөх вэ: Анх эрэгтэй хувцасны шүүгээнд байсан энэхүү загвараас зарим бүсгүйчүүд эмээдэг. Учир нь тэд оксфорд гутлыг хослуулж өмсөхөд хүндрэлтэй байдаг гэж боддог юм. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ загвар нь зөвхөн эрэгтэй хэв маягтай хувцастай биш, мөн эмэгтэйлэг даашинз, эсвэл эсрэгээрээ рок уур амьсгалтай савхин хүрэмтэй хүртэл зохицдог. Харин сүүлийн үед оксфорд загварыг илүү энгийн байдлаар жийнсэн өмд, бага зэрэг oversize пиджак болон энгийн цагаан футболкатай хослуулж өмсөх нь хайхрамжгүй атлаа дэгжин төрх бүрдүүлж байна.

Janira үргэлж ултай сандаал



Geox-ын хавар-зуны цуглуулгад багтсан Janira үргэлж ултай сандаал нь загварлаг харагдахын зэрэгцээ биеийн ая тухаа алдахыг хүсдэггүй бүсгүйчүүдэд зориулагдсан байна. Бор ба хаки ногоон өнгө хосолсон, илэг ба арьсаар хийгдсэн уг загвар нь сүүлийн үеийн чиг хандлагыг баримтлахын зэрэгцээ хөлд эвтэйхэн байхаар бүтээгджээ. Janira сандаал мөн амьсгалах зориулалттай нүхэлсэн ултай бөгөөд бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх улавчтай юм.

Өмсөж үзсэн сэтгэгдэл: Хангалттай өндөр өсгийтэй Janira сандаалыг бүхэл өдөржингөө өмссөн ч хөл өвдөхгүй мэт санагдлаа. Зөөлөн арьс ба илгээр хийгдсэн энэ сандаал нь хөлийн арьсанд огтхон ч үрэлт үүсгэхгүй байлаа. Мөн мэдээж хэрэг байгалийн өнгөтэй энэхүү загвар нь хөлийг урт ба нарийхан харагдуулж байв.

Хэрхэн хослуулж өмсөх вэ: Сүүлийн жилүүдэд дэлхийн нийт идэвхтэй, ухаалаг амьдралын хэв маяг руу шилжих болсонтой холбогдуулан загварын салбар биед эвтэйхэн хувцас онцолж байгаа. Үүнийгээ дагаад энэ 2017 онд бүдүүн өсгийтэй эсвэл үргэлж ултай гутал эргээд моодонд орж байна. Үргэлж ултай сандаалыг даашинз ба юбкатай хослуулж өмсөхийг ямар ч бүсгүй сайн мэднэ. Харин бид энэ загварыг богино тайралттай трапеци өмд ба энгэр дээрээ бичигтэй футболкатай хослуулж, 1970-аад оны хиппи төрх бүрдүүлэхийг санал болгож байна.

Geox брэндэд мөн эрэгтэй ба хүүхдийн загварууд бий. Бүх загварууд дээр дурдсанчлан амьсгалах чадвартай, хөлд эвтэйхэн бас хөнгөн гэх давуу талуудтай юм.

 

GEOX Mongolia
Хаяг: Shangri-La Mall 2-р давхарт - Утас:
77072929

MAXMALL худалдааны төв 2-р давхарm - Утас:77772929

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Ө.Тодгэрэл

2017-05-20, 11:00