Хүн бүрийг гайхшруулсан тюль материалтай хөрөг зургийг хэн бүтээсэн бэ?

Maison Margiela ордны кутюр шоун дээр үзэгдсэн

Канадын зураач Бенжамин Шайн брэндийн үүсгэн байгуулагч Мартин Маржелагийн гэрээслэлийг биелүүллээ

Maison Margiela загварын ордоны өнгөрсөн долоо хоногт танилцуулсан загварын шоу Парист зохиогдсон кутюр загварын долоо хоногийн хамгийн мартагдашгүй үйл явдлаар тодорлоо. Хэдийгээр брэндийн бүтээлч захирал Жон Гальяногийн театрын гэмээр сүрлэг загваруудыг хүн бүр мэддэг ч энэ удаагийн шоу урьд өмнөхөөс тэс ондоо түвшинд хүрч, үзэгчид үнэхээр их гайхширч чадлаа. Өөрөөр хэлбэл хавар-зун 2017 улирлын кутюр цуглуулгадаа Гальяно өөрийнхөө бүтээлч байдлын дээд цэгт хүрсэн гэхэд хилсдэхгүй болно. Дизайнер Givenchy, Dior эсвэл Maison Margiela гээд хаана ч ажилласан үргэлж өөрийн бэлгэ тэмдэг болсон стилийг баримталж, хаанаас ч харсан танигдах "Гальяно хэв маягийн" хувцаснууд бүтээдэг хэдий ч "Artisanal" кутюр цуглуулга дээр ажиллахдаа тэрбээр Maison Margiela ордоны үндсэн элементүүдийг суурь болгосон харагдана. Ингэснээр цуглуулга бүхэлдээ задлан сүйтгэсэн эсгүүртэй загварууд, буруу эргүүлэн өмссөн даашинзууд ба этгээд хэлбэртэй шляп малгайнуудаас бүрджээ. Мөн эдгээр загваруудаас гадна цуглуулгад нэгэн шинэлэг, ер бусын дизайн багтсан нь тюль материалаар хийгдсэн эмэгтэй хүний хөрөг зургууд байсан юм.

Тюль ба шифоноор хийгдсэн эмэгтэй хүний үзэсгэлэнт царайнуудыг моделиуд тайзан дээр амилуулж, шоунд хүрэлцэн ирсэн зочид уулга алдан суулаа. Тэдгээр хөрөг зургууд яг л утаан манангаас бүтсэн мэт ид шидийн харагдаж байлаа. "Тюлиэр зурах аргачлал"-ыг канадын зураач Бенжамин Шайн анх сэдсэн бөгөөд тэр уг цуглуулгыг бүтээх үйл явцад чухал хувь нэмэр оруулсан байна. Шайн Central Saint Martins сургуулийг төгссөний дараагаар 2003 онд өөрийн гэсэн студи үүсгэн байгуулж, тун удалгүй даавуун материал ба хуванцар эд зүйлс ашиглан үйлдвэрлэлийн дизайн ба уран зургийг хослуулах анхны туршилтуудаа хийж эхэлсэн юм. Тэр Энди Уорхол, Одри Хепберн, Маргарет Тэтчер, Монакогийн ханхүү зэрэг домогт хүмүүсээс бүтээлч санаа авч анхны статик хөрөг зургуудаа урлаж эхэлжээ. Түүний бүтээлүүд урлагийн гайхамшгийг харуулахаас гадна нийгмийн чухал сэдвийг хөнддөг байна. Шайн ихэнх бүтээлүүддээ аж үйлдвэрийн үлдэгдэл даавуу ба хуванцар ашигладаг нь байгаль орчноо хайрлаж, хамгаалж буйн нэгэн илрэл юм. Гар доорх материалыг ер бусын аргаар ашигладаг Шайны хандлага түүнд байж болох бүхий л шагналуудыг авчирч, Их Британийн томоохон загварын үзэсгэлэнд оролцох эрх олгож, мөн Givenchy ордны анхаарлыг татахад тусалсан байдаг. Givenchy-гийн бүтээлч захирал Рикардо Тиши саяхан залуу уран бүтээлчтэй хамтарч энгэр дээрээ хөрөг зураг агуулсан хөвөн даавуун цамцны капсул цуглуулга гаргасан байгаа.

Харин Гальяно ба Шайн нарын хамтын ажиллагааны хувьд гэвэл энэ нь хамтрагч талуудад маш чухал ач холбогдолтой, эрхэм нандин төсөл болсон байна. Учир нь Шайны аргачлал Maison Margiela ордны хуучин материалыг дахин боловсруулах бодлоготой төгс нийцэж байгаа юм. Another Magazine сэтгүүлд ярилцлага өгөхдөө зураач залуу Margiela-гийн хамт олон түүнд хамтрах санал тавьсан, мөн Гальяно түүний бүтээлүүдийн эртний шүтэн бишрэгч байсан талаар дурджээ. Гальяно, Шайн хоёр хэдэн сарын турш ярилцсаны эцэст утаа мэт харагдах тюль материалтай хөрөг зургуудын ерөнхий концепцийг гаргаж, ажилдаа оржээ. Шайны хэлж буйгаар түүний бүтээлүүдийг статик байрлалаас 3D хэлбэр лүү шилжүүлэх санаа нь түүнд маш их таалагдаж, энэ төсөл рүү ямар нэгэн болох зүйлгүйгээр шамдан орсон аж. Гэхдээ мэдээж хэрэг бүх зүйл тийм хялбар байгаагүй гэнэ. Зураач бүх хөргүүдийг өөрийн гараар, зүү утас ашиглан урлажээ.

Хамтын ажиллагааны үр дүнд хоёр төрлийн хөрөг зураг тайзан дээр гарсан байгаа. Эхний хөрөг зурагт даашинзан дээр оёгдсон солонгоны дүрс байсан бол хоёр дах нь цагаан өнгийн пальтог чимсэн эмэгтэй хүний сонгодог зураг байсан юм. Эхний дүрс нь орчин үед хүчээ авсан Snapchat сүлжээний алдарт фильтрийг санагдуулж байсан нь санаандгүй зүйл биш юм. Гальяно ингэснээр орчин үеийн дижитал чиг хандлагыг цуглуулгадаа тусгахын хажуугаар мөн брэндийн Artisanal өв залгамжлалд хүндэтгэл үзүүлэхийг зорьжээ. Загварын ордны үүсгэн байгуулагч Мартин Маржела үргэлж гар доорх хуучин эд зүйлсээс шинэ зүйл урлах дуртай байсан нь Гальянод гүн сэтгэгдэл төрүүлж, ийнхүү гайхамшигт цуглуулга бүтээхэд нөлөөлжээ.

Buro.Mongolia

2017-02-03, 13:00

  • Зураг: