2017 оны шилдэг загвар өмсөгчөөр хэн тодрох бэ? Кайя Гербер загварын ахмадууд Жижи ба Белла Хадид нартай өрсөлдөнө

Fashion Awards шагнал гардуулах ёслолын нэр дэвшигчид тодорлоо

Их Британийн Загварын Зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Fashion Awards шагнал гардуулах ёслолын энэ жилийн нэр дэвшигчид тодорлоо.

"Оны шилдэг загвар өмсөгч" төрөлд Синди Кроуфордын 16 настай охин Кайя Гербер анх удаагаа нэр дэвшиж, салбарын ахмадуудад тооцогдох Белла ба Жижи Хадид, Адвоа Абоа ба Винни Харлоу нартай өрсөлдөхөөр болжээ. Загварын тайзнаа алхах хууль ёсны насанд хүрсэн даруйдаа загварын салбарыг хэдхэн хоногийн дотор байлдан дагуулж чадсан Кайя энэ есдүгээр сард Calvin Klein, Fenty Puma, Burberry, Moschino, Versace, Fendi, Prada, Bottega Veneta, Saint Laurent, Chloe, Isabel Marant, Off-White, Valentino, Chanel гээд байж болох бүхий л томоохон брэндүүдийн шоунд оролцоод амжсан. Тэрээр загварын шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, тайзнаа алхах, дүрд хувирах чадваруудаараа үзэгчдийг гайхшруулаад байгаа билээ.

Гэхдээ энэ жил Кайя хэд хэдэн хүчирхэг өрсөлдөгчтэй тулгараад байгаа. Түүний хамгийн гол өрсөлдөгчдийн нэг болох Адвоа Абоа бол өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө орчин үеийн залуусын төлөөлөл болсон, өөрийнхөөрөө нээлттэй байж чаддаг, чадварлаг загвар өмсөгч юм. Тэрээр өөрт тулгарч буй сэтгэцийн асуудлаа олон нийттэй хуваалцахын хажуугаар Dior ордны тайзнаа өөртөө итгэлтэйгээр алхдаг нь түүнийг бусдаас онцгой болгодог билээ. Түүнчлэн энэ удаагийн нэр дэвшигчдийн жагсаалтад Канадын модель Винни Харлоу орсон байгаа. Арьсны пигментийн өөрчлөлттэй тэрээр өөртөө итгэлтэй байдал, эр зоригийн илэрхийлэл болж, бүх зүйл боломжтой гэдгийг бататгаж байгаа цөөн хүмүүсийн нэг юм.

Өнгөрсөн жилийн "Оны шилдэг загвар өмсөгч" өргөмжлөлийг Жижи Хадид хүртэж байсан бөгөөд тэрээр энэ жил алдарт дүү Белла Хадидын хамтаар дахин нэг удаа нэр дэвшсэн байгаа. Ингээд таны бодлоор эдгээр таван моделийн хэн нь ялагчаар тодрох бол?

Ө.Тодгэрэл

2017-10-24, 11:00