Загварын тайзнаас амьдрал дээр
Монохром буюу нэг өнгөөр дагнаж хувцаслах нь энэ улирлын гол трендүүдийн нэг юм. Гэхдээ энэ улиралд ганц, хоёрхон өнгө ноёрхох биш, харин нил ягаан, улаан, шар, ногоон гээд өнгөний маш өргөн сонголттой байгаагаараа онцлог байна. Жишээ нь, Z үеийнхэн яг одоо шар өнгөнд дурлаж байгаа бол, загварын нийслэл хотуудын гудамжинд алхах блоггер, редакторууд нил ягаан өнгөөр дагнан хувцаслах нь элбэг болжээ.
Дизайнерууд ч бас хэрхэн нэг өнгөөр дагнан хувцаслахыг загварын тайзан дээрээ харуулсан байгаа. Тухайлбал Victoria Beckham нил ягаан өнгийг хэрхэн ажил хэрэгч байдлаар өмсөж болохыг танилцуулсан бол, завсрын өнгөөр дагнан хувцаслах нь тийм ч уйтгартай биш гэдгийг Max Mara нотолсон.
Улаан өнгө
Сүүлийн хоёр улиралд ноёрхож буй улаан өнгөөр хөлөөсөө толгой хүртэл хувцаслах нь хүчирхэг, өөртөө итгэлтэй дүр төрх бүрдүүлнэ. Тод улаанаас гадна дарсны улаан, лоолийн улаан гэх мэт нэг өнгийн олон туяануудыг холих нь хувцаслалтыг илүү сонирхолтой харагдуулна.
Завсрын өнгө
Цагаан цамцыг beige өнгийн өмд, тренч цувтай хослуулан ажил хэрэгч, монохром төрхийг бүрдүүлээрэй. Ингэхдээ анхаарал татахуйц тод өнгийн гоёл чимэглэл, аль эсвэл гар цүнхийг сонгож хувцаслалтаа илүү сонирхолтой болгож болно.
Hил ягаан
Pantone институтийн 2018 оны онцлох өнгөөр зарласан нил ягаан буюу ultra voilet нь загварын тайз болон гудамжинд элбэг үзэгдэж байна. Нил ягаан өнгөөр дагнан хувцаслахдаа сонирхолтой зурагтай футболка, төмөрлөг өнгийн гутал, эсвэл ягаан өнгийн аксесуар нэмбэл илүү өвөрмөц харагдана шүү.
Шар өнгө
Өмсөхөд тийм ч амаргүй шар өнгө "millenial pink" өнгөний байр суурийг эзэлж байна. Өөдрөг уур амьсгал бэлэглэх шар өнгө нь нимбэгний тод, гичний бүүдгэр, гадилын цайвар гээд олон туяатай байж болно шүү.
Ногоон өнгө
Шинэлэг байдлын бэлгэ тэмдэг болсон ногоон өнгөөр дагнан хувцаслах нь дулаан улиралд тайван, байгалийн уур амьсгал бий болгодог. Ногоон өнгийг сонгож өмсөхдөө авиатор шил, түрийтэй гутал зэргийг хослуулан цэргийн мэт дүр төрхийг бүрдүүлж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт