Чиг хандлага: Энэ хавар, зун бид юу өмсөх вэ?

Бүсгүй таны дотоод сэтгэлгээ, хавар болон зуны аагим өдрүүдийг эрхшээх бидний таашаал хувцсаар илэрхийлэгдэх нь зүй ёсны хэрэг мөн. Яг ямар хувцсыг яаж зохицуулан өмсөх, өөрт таалагдах тэрхүү загварыг хэрхэн хайж олохоос урьдаад дэлхийн загварын чиг хандлага хэрхэн эргэж бас хувьсаж байгааг сонжих хэрэгтэй болов уу.


Загварын салбарт хүчин зүтгэдэг алдартай дизайнерууд ч мөн өөрсдийн харьяалагдаж байсан загварын орднуудыг орхин санаанд оромгүй эргэлт, сэлгээнүүдийг хийлээ. Энэ жилийн онцлох үйл явдлуудаас дурдвал Донателла Версаче өөрийн брэндээ орхиж, 2015 оноос хойш Balenciaga загварын ордны бүтээлч захирлын албыг хашсан Демна Гвасалия Gucci-д орохоор (artistic director албан тушаалд) болсныг брэндийн толгой компани Kering мэдэгдэж, түүнчлэн Жэк Макколлоу, Лазаро Эрнандес нар LOEWE-д шинэ бүтээлч захирлаар томилогдон ажиллахаар боллоо.

Энэ зуныг тодорхойлж буй дизайнеруудын үзэл санаа, хувцасны шийдлүүд маш баялаг сонголтуудтай байсан гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Торон оруулга, цэцгэн хээ, алтлаг энгэрийн тэмдэг, завсрын болон тод өнгийн хослол шоунуудад давамгай үзэгдсэн нь 2025 оны хавар зуныг бид илүү эмэгтэйлэг, илүү дур булаам хувцаслалтаар гоёх цаг ирснийг илтгэлээ. Зуны өдрүүдэд зориулсан хувцасны чиг хандлага гэхээс илүүтэйгээр зуны намуун үдшийн хэмнэл, эмэгтэйчүүдийн хүчирхэг зан чанарт чиглэхээс илүү тэдний дотоод нандин гоо зүйг харуулах гэсэн дизайнеруудын гол утга явж буй гэлтэй. Мөн бүсгүй хүний хараат бус байдлаас гадна эмэгтэй хүн чин үнэнийг үргэлж илэрхийлж байдгийг дизайнерууд хувцсаараа онцоллоо.

ЗӨӨЛӨН ПАСТЕЛЬ ӨНГӨ: ЦӨЦГИЙН ШАР, НУНТАГ ЯГААН

Дулаан өдрүүдэд өмсөх хувцасны өнгийг дизайнерууд пастель өнгөнүүдээр тодорхойлж байна. Ямар ч нөхцөлд хамгийн аюулгүй сонголт байсаар ирсэн завсрын өнгөтэй юбка, футболка зэрэг нь өдөр тутамд та бидний амьдралд зөөлөн, ялдам дүр төрхийг бэлэглэнэ. Цаашилбал загварын шоунуудад үзэгдсэн голлох өнгө бол яг л цөцгийн тос мэт зөөлөн шаргал өнгө байв. Тус өнгөний увдис нь арьсны төрөлх өнгийг улам тодотгож, ямар ч төрлийн аксеусартай эвлэгхэн зохицох суурь болж өгөх шидтэй. Эмэгтэйчүүдийн хувьд үргэлж асуулт байсаар ирсэн өнгө бол ягаан. Учир нь зарим эмэгтэйчүүд ягаан өнгөнөөс бараг л зугтаадаг гэж дүгнэж болно. Гэхдээ ягаан өнгө дотроо хэд хэдэн төрөл байдгийг та тунгааж үзээрэй. Энэ удаад гүн ягаан, нео ягаан зэрэг хурц палитр бус усан эсвэл нунтаг ягаан өнгийг брэндүүд онцолж байна. 

Alaia 
Dolce Gabbana
Victoria Beckham
Chloé
Chanel
Alaia

УСАН ЦЭРГИЙН СУДАЛ, ДАЛАЙН ТҮРЛЭГ МЭТ ХОРМОЙ

Jean Paul Gaultier усан цэргийн хээг кутюр загварт буулгасан тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Тэгвэл гүн цэнхэр болон цагаан өнгөний судал нь энэ жилийн голлох чиг хандлага болж эргэн ирлээ.

Proenza Schouler
Prada
Louis Vuitton
Proenza Schouler

НЭВТ ГЭРЭЛТЭХ ТОРГОН МАТЕРИАЛ

Торон хувцсыг зоригтой сонгох үе эхэллээ. Хувцас урлалд хэзээд шинэ загварчилгаагаар дахин ирдэг торон хувцас бүсгүйчүүдийг үргэлж сорьж байдаг. Гэхдээ энэ зун тус материалыг бүсгүй та өдөр тутамдаа зоригтой сонгож, өөртөө тавьсан улаан шугамыг давахыг дизайнерууд санал болгож байна.

Christian Dior
Chanel
Del Core
Brandon Maxwell

БОХО ХЭВ МАЯГ

Урлагийн томоохон урсгалын нэг, эрх чөлөөг илэрхийлдгээрээ алдартай бохо хэв маяг хувцас загварт ч ноёрхдог. Зун цагийн аялал зугаалгыг бохо хувцаслалтгүйгээр төсөөлшгүй. Аялал болон амралтын урт өдрүүдэд та өөрт эвтэйхэн хувцас сонгох нь лавтай учир яагаад бохо хэв маягийг сонгож болохгүй гэж?

Isabel Marant
Chloé
Giorgio Armani
Isabel Marant

СПОРТ АТЛАА ЭМЭГТЭЙЛЭГ

Олон төрлийн спортын тэмцээн ээлж дараалан зохиогдож, аварга шалгарах мөч долоо хоног бүр тодорсоор... Үүнтэй зэрэгцээд энэ жилийн спорт хувцасны чиг хандлагыг Miu Miu болон Ralph Lauren брэндүүд өвөрмөц байдлаар загварчилж танилцууллаа. Дан ганц тус брэндүүдээр зогсохгүй олон олон брэндүүд спорт загварыг эмэгтэйлэг стильтэй хослуулан онцолсоор байна.

Attico
Miu Miu
Sia Arnika
Ralph Lauren

ЦЭЦГЭН ХЭЭ ИЛҮҮ НИМГЭН
МАТЕРИАЛТАЙ ЦУГ

Алхаан хэмнэлд даган намирах нимгэн хормой, хаврын сэвэлзсэн салхитай үдэш бусдын харааг булаах таны сонголт бол нимгэн материалтай цэцгэн хээтэй даашинз яах аргагүй мөн. Энэ жилийн гол чиг хандлагад дизайнерууд цэцгэн хээг ахин онцолж байгаа бөгөөд атлас, панс зэрэг нимгэн материалууд дээр цэцгэн хээ хэвлэх техникийг түлхүү ашиглалаа.

Victoria Beckham
Acne Studios
Prada
Loewe

ШОО ДӨРВӨЛЖИН ХЭЭ

Хэт хуучинсаг, хэт дээр үеийн хээ гэж та бүү бодоорой! Угтаа дөрвөлжин хээ хэзээ ч загварын тайзнаас буудаггүй билээ. Дөрвөн улирал тэр дундаа хаврын улиралд хамгийн тохирсон шийдэл бол дөрвөлжин хээ бөгөөд эмэгтэй хүний тансаглалд яруу байдлыг бэлэглэх гол түлхүүр нь юм шүү. Жишээ нь Acne Studios брэнд өөр өөр өнгийн дөрвөлжин хээтэй юбка болон цамцыг хольж болох зоригтой тоглолтыг үзүүллээ. Яагаад үгүй гэж?

Burberry
Tod's
Acne Studios
Acne Studios

ШУЛУУН СИЛУЭТТЭЙ МИНИ ДААШИНЗ

Мэдрэмж, дотоод хүслээ бүү нуу. 1960 оноос эхэлж одоог хүртэл загварын ертөнцөд ноёрхсоор буй мини даашинз энэ жилийн бас нэгэн онцлох тренд боллоо. Урт түрийтэй гутал, ямар ч төрлийн цув, зүүлт, ороолт гэх мэт бусад хувцас чимэглэлтэй төгс нийцдэг мини даашинзыг өдөр тутамд сонгох бас нэг шалтгааныг дизайнерууд бидэнд өглөө. 

Louis Vuitton 
loewe
Gucci
Vaquera

ШӨНИЙН ХАТАН ХААН

Энэхүү трендийн гол зүйл нь намирсан хормойтой хар өнгийн даашинз юм. Энэ жил дизайнерууд хар өнгийг дахин мандууллаа. Торгон, шифон, нэхмэл тор гэх мэт нимгэн материалуудаар урласан хар өнгийн даашинз эрчээ авч буй нь зун цагийн бас нэгэн өвөрмөц хувьсал болоод байна. Ямар ч улиралд хар өнгөнөөс зугтаадаггүй Saint Laurent, Balenciaga брэндүүдтэй зэрэгцэж бусад олон загварын орднууд хар өнгийг зун цагт буулгалаа.

Valentino
Chanel
Saint Laurent
Tibi

Ж.Булган

2025-03-27, 16:57