Чиг хандлага: Угладаг сандаал

Зуны бэлтгэл ажил

Энэ жилийн дулаан улирлын гол трендүүдийн нэг болж буй энэхүү хөлд эвтэйхэн загвар нь тун удахгүй таны хамгийн хайртай гутал болно гэдэгт бид итгэлтэй байна

Adidas брэндийн хэдэн жилийн өмнөх хар цагаан канттай спорт хэв маягийн шаахайг санаж байна уу? Тэрхүү угладаг шаахайны ерөнхий дизайн энэ хавар-зун улирлын томоохон тренд болоод байна. Гэхдээ энэ удаад угладаг загвар нь бассейн эсвэл олон нийтийн шүршүүрт ороход биш харин хотын гудамжаар өдөр тутамдаа өмсөхөд зориулагдаж байгаа юм. Задгай хоншоортой энэхүү сандаал нь халуун өдрүүдэд таныг сэрүүцүүлэхээс гадна мөн flip-flop буюу углааш өмсөх шаардлагыг үгүй хийж байгаа юм (ашгүй дээ!). Дулаан өдрүүдэд найз бүсгүйчүүдтэйгээ үдшийн зоог барих, далайн эрэг дээгүүр алхах, аялалд гарах гээд амьдралын ямар ч нөхцөлд тохиромжтой энэ загварыг жийнсэн өмд, газар хүрсэн намирсан даашинз, миди юбка, богино шоорт гэх зэрэг ямар ч хэв маягийн хувцаслалттай зохицуулж болно. Alexander Wang-ийн мөнгөлөг тавтай, Jimmy Choo-гийн сүлжмэл загвартай, Gianvito Rossi-гийн төмөрлөг өнгөтэй, мөн Hermès-ийн арьсан загварууд street style зургууд дээр давамгайлж байна. Түүнчлэн дуучин Рианнагийн дөрөвдүгээр сарын 22-нд танилцуулсан Fenty X Puma цувралын үслэг оруулгатай угладаг сандаал нүд ирмэхийн зуур зарагдаж дуусч байна.

Одоогийн байдлаар Монголын цаг агаар тун ойлгомжгүй байж, заримдаа бүр цас хүртэл орж байгаа ч гэлээ бүсгүй та энэ трендийг эртнээс анхааралдаа аваарай. Учир нь сэрүүн өдрүүдэд угладаг сандаалыг оймстой хослуулан өмсөх бас нэгэн арга бий. Дашрамд дурдахад задгай сандаал, угладаг гутал зэргийг оймстой хослуулж өмсөх нь загварын том алдаа биш, харин "моод" юм шүү. Хамгийн гол нь зөв зохицуулах л хэрэгтэй. За тэгэхээр бидний сонгосон доорх загваруудыг сонирхож, санаа аваарай.

Ө.Тодгэрэл

2016-05-04, 15:00