Хавар-зуны хамгийн том чиг хандлагууд: Нэвт гэрэлтсэн цамц, загасчны малгай болон бусад

Таны мэдэх хэрэгтэй 14 тренд

Дизайнеруудын танилцуулсан хавар-зун 2022 улирлын цуглуулгуудаас дүгнэхэд өнгөрсөн улирлын турш мөрдөгдсөн загварын ерөнхий концепц болон чиг хандлагууд энэ жил ч мөн эрэлттэй байх болно. Тэд урьдын адил тод өнгөнүүдээр дамжуулан сэтгэл санаагаа өргөж, саа, цацаг, өдөн чимэглэлтэй хувцас өмсөхийг санал болгохын хажуугаар платформ ултай гутал, 2000-аад оны мини загварууд моданаас гарах болоогүйг санууллаа. Түүнчлэн минималист хэв маяг эрэлттэй чиг хандлагуудын эгнээнээс гарч, оронд нь үдшийн хээнцэр хувцаснууд өдөр тутмын хувцасны шүүгээг бүрдүүлсэн хэвээр байх юм. Энэ улиралд мөн загварын орднууд өөрсдийн архиваа эргэн сөхөж, тэр дундаа романтизмын эрин үеэс сэдэвлэсэн топ, корсет, даашинзын загвараа гаргаж байна. 


Сүлжмэл, торон загварууд

Загварын орднуудын цуглуулгад сүлжмэл, загасны торон, кроше зэрэг нэвт гэрэлтсэн төрөл бүрийн загварууд зонхилжээ. Тэдгээрээс Ludovic de Saint Sernin брэнд хөвөгдөж, урагдсан мэт харагдах хувилбарыг толилуулсан бол Rejina Pyo, Supriya Lele орднууд хар, цагаан өнгийн сонгодог загварыг толилуулсан юм.

LUDOVIC DE SAINT SERNIN
SUPRIYA LELE
REJINA PYO


Гарын аксесуар

Бугуйдаа биш, харин тохойноос дээш зүүх зориулалттай аксесуар нь 2000-аад оноос эргэн ирсэн тренд билээ. Энэ аксесуарыг ханцуйгүй цамц, майк эсвэл даашинзтай загварчлахад тохиромжтой.

FENDI
EMILIO PUCCI
BLUMARINE


Зууван цоолбор

Эхлээд урагдсан жийнс, дараа нь урагдсан футболка, харин одоо төрөл бүрийн хайчилбар, цоолбортой хувцаснууд бидний хувцасны шүүгээг бүрдүүлж байна. Энэ жилийн хувьд зууван хэлбэрийн цоолбортой хувцас моданд орж байгаа бөгөөд Stella McCartney, Nina Ricci, Ottolinger брэндүүдийн санал болгож буй загваруудыг анхааралдаа аваарай.

OTTOLINGER
NINA RICCI
STELLA MCCARTNEY


Өдөн загварууд

2022 оны хавар-зуны цуглуулгад байж болох бүх л хувцаснууд өдөөр чимэглэгджээ. Тухайлбал, Bottega Veneta брэнд өдөн детальтай брюк, комбинзон урласан бол Christian Cowan маш хөвсгөр, тод ягаан өнгийн өдөн малгай толилуулж, харин Halpern брэнд өдөөр бүрхэгдсэн даашинз болон юбка танилцуулсан байна.

DAVID KOMA
HALPERN
CHRISTIAN COWAN


Гялалзсан материал

Дизайнерууд нүд гялбам саа, чимэглэлтэй хувцсаар дамжуулан сэтгэл санаандаа ч тэр, хувцасны шүүгээндээ ч тэр өнгө нэмэхийг уриалж байна. Тэд гялалзсан загварыг дан ганц албан ёсны арга хэмжээ эсвэл үдэшлэгт гэлтгүй өдөр тутамдаа ч мөн өмсөж болохыг ахин дахин сануулж байгаа юм. Жишээ нь, David Koma брэндийн загварын тайзнаа харагдсан шиг гялалзсан хувцсыг жийнсэн хүрэмтэй загварчилснаар ерөнхий төрхөө зөөллөх боломжтой.

DAVID KOMA
LOEWE
VALENTINO


Элэгдсэн арьс

Ямар ч өө сэвгүй, нимгэн арьсан материалын оронд олон жилийн эдэлгээний үр дүнд цайрч, хуучирсан, илүү биетэй, зузаан арьс моданд оржээ. Энэхүү чиг хандлагын эгнээнд Miu Miu, Acne Studios, Dolce & Gabbana брэндүүд нэгдсэн бөгөөд тэдний урласан загварууд винтэж хэв маягт дурлагсдад таалагдах нь гарцаагүй.

DOLCE & GABBANA
MIU MIU
ACNE STUDIOS


Анорак стилийн цув

Спорт хийцтэй хамгийн түгээмэл хувцаснуудын нэг болох анорак цувыг дизайнерууд хараандаа аваад байна. Тэд энэ загварыг спортоор хичээллэх зорилгоор биш харин юбка, өндөр өсгийттэй хослуулан илүү шик байдлаар өмсөхийг санал болгожээ.

MSGM
TOD’S
LACOSTE


Нэвт гэрэлтсэн ноосон загварууд

Хавар-зуны дараагийн чиг хандлага бол маш нимгэн материалтай ноосон хувцас юм. Энэхүү загварыг Proenza Schouler өндөр суудалтай шоорттой хослуулсан бол Erdem даашинз дээр давхарласан стайлингийг харуулжээ.

ERDEM
PROENZA SCHOULER
REJINA PYO


Топ биш бра

Дотуур хувцсаа заавал далдлах шаардлагагүй. Харин ч ил гаргаж савхин хүрэм, цамцтай хослуулж аль эсвэл дангаар нь өмсөхийг загвар зохион бүтээгчид цуглуулгаараа дамжуулан уриалж байна. Тэд энэ мэтчилэн нэг улирлаас нөгөө улирал дамнан дотуур хувцсан дээр акцент өгч, нэвт гэрэлтсэн загваруудаа урласаар байгаа нь эмэгтэй хүний хөх бол ганцхан секс бэлгэ тэмдэг биш, харин энгийн нэг бие махбодын хэсэг гэх санааг түгээх давхар зорилготой билээ.

BALMAIN
MIU MIU
GIVENCHY


Урт бээлий

Ямар ч төрхийг хормын зуур хээнцэр болгоё гэвэл тохой давсан урт, нимгэн материалтай бээлий танд тусална. Ялангуяа, загварлаг харагдах зориулалтаас гадна цар тахлын энэ үед халдвараас сэргийлэхэд туслах бээлий нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон билээ. 

MM6 MAISON MARGIELA
BALENCIAGA
ROKH


Платформ ул

Платформ ултай гутал чиг хандлагын эгнээнээс бүр мөсөн гарч, анти-тренд болж байсан нь саяхан. Тэгвэл мода эргэдэг дүрмийн дагуу өнгөрсөн жилээс дизайнерууд энэхүү загварыг маш идэвхтэй сурталчилж, урлаж эхэлсэн билээ. Ингэхдээ тэд зүгээр ч нэг гутлын урд хэсгийг өндөрлөөд зогсохгүй энгийн бус хэлбэртэй, онцгой деталь бүхий загваруудыг санал болгож байгаа юм.

LANVIN
SAINT LAURENT
VERSACE


70-аад оны цамцны зах

70-аад оны урлаг, соёлын тусгал болсон диско хэв маягийг тодорхойлдог загварын чухал элемент бол цамцны шовх үзүүртэй зах юм. Тухайн үед Дэвид Боуи, Slade хамтлаг, Элвин Стардаст болон бусад олон уран бүтээлчид тус элементээр дамжуулан глэм рок хэв маяг бүрдүүлдэг байсан. Тэгвэл энэхүү чиг хандлага нь энэ цаг үед эргэн ирлээ. Ингэхдээ дизайнерууд ганцхан сорочкан цамцаар хязгаарлагдахгүй даашинз болон хүрмийн захыг тэрхүү 70-аад оны хэв маягт оруулж байна.

Brøgger
Munthe
Teatum Jones


Загасчны малгай

2022 оны хавар-зуны хамгийн загварлаг бөгөөд практикал трендүүдийн нэг бол загасчны малгай. Уг малгайг пиджак, пальтоноос эхлээд зуны улиралд нимгэн шоорт эсвэл топтой загварчилж болохын зэрэгцээ хүзүү наранд түлэгдэхээс хамгаалдаг арын хэсэг болон салхинд хийсэхээс сэргийлж, ямар ч хөдөлгөөн хийсэн унахгүй байх зориулалттай уяа нь практикал талыг нь илтгэдэг юм. Загасчны малгайг Jacquemus, Gucci, Loewe загварын орднуудын болоод Скандинавын орнуудын Nikolaj Storm, ESP, Samsøe & Samsøe зэрэг брэндүүдийн цуглуулгаас төрөл бүрийн хийц, хэлбэр, өнгөний сонголттойгоор олох боломжтой.

Samsøe & Samsøe
Nikolaj Storm
ESP


Цагаан өнгийн монохром төрх

Beige өнгийн монохром төрхийн оронд цагаан өнгө ноёлж эхэллээ. Энэ чиг хандлагыг Proenza Schouler, Peter Do, Erdem, Michael Kors болон бусад брэндүүд хавар-зун 2022 цуглуулгаараа дамжуулан дэлгэрүүлж байна.

Peter Do
Proenza Schouler
Teatum Jones

Buro.Mongolia

2022-04-11, 17:37