Мөнхийн классик гэгддэг толгойн алчуур энэ улирлын трендүүдийн нэгт багтсан билээ. Түүнчлэн цахим сүлжээнд “garden core” хэмээх микро чиг хандлага дэлгэрч байгаа нь тус аксесуарын эрэлтийг улам нэмэгдүүлж байна.
Толгойн алчуурын сэргэн мандалт 1960-аад онд дээд цэгтээ хүрч байсан гэж үздэг. Тухайн үед загварын ертөнцийн жинхэнэ шүтээнүүд болох Жаклин Кеннеди, Одри Хепбёрн, Брижит Бардо, Катрин Денев гэхчлэн алдартнууд үүгээр төрхөө бүрдүүлдэг байлаа. Харин үүсэл хөгжлийн хувьд тус аксесуарыг МЭӨ 1000 онд дорнын соёл иргэншилд өмсөж байсан гэдэг бол барууны орнуудад танигдсан нь II зуунаас эхлэлтэй болох нь эртний олдворуудаас харагддаг. Анх толгойн алчуурыг нар, салхи болон бусад гаднын нөлөөнөөс хамгаалахын тулд практикал байдлаар өмсдөг байв. Харин үүнийг аксесуар болон гоёл чимэглэлийн зориулалтаар хэрэглээндээ нэвтрүүлсэн нь 1900 оноос эхлэлтэй гэж үздэг.
Энэ бол ердийн нэг даавууны хэлтэрхий мэт боловч хэрхэн загварчлахаас хамаарч бохо, романтик, шик, streetwear гээд олон төрлийн хэв маягийг бүтээх боломжтой. Тиймээс сонголтоо хийхдээ өөрийн сонирхолд үндэслэн толгойн алчуурынхаа өнгө, хээ угалз, хэмжээ зэргийг харгалзаж үзэх хэрэгтэй юм. Хэрэв та сонгодог, өдөр тутмын өнгө аястай хувцасладаг бол хээ угалзгүй цулгуй загвараас сонгоорой. Тухайн алчуурыг толгойдоо зангиддаг учраас нүүрний арьсанд тань хамгийн тохиромжтой өнгөтэйгөөс авах нь оновчтой худалдан авалт болно. Нөгөөтээгүүр принттэй загвараас сонирхож байвал геометрийн дүрстэй, судалтай хувилбарууд цаг хугацааны эрхэнд хуучрахгүй байж чадна. Харин цэцэрлэгт хүрээлэн, ой модыг санагдуулам цэцэг, навчны хээтэй толгойн алчуур энэ улирлын тренд загварт тооцогдож байна. Загварчлахдаа “бабушка" стилиэр буюу эрүүн доороо зангидаж, толгойныхоо ард уяж, аль эсвэл Хейли Биберийн дуртай толгойн алчуураа саравчтай малгайн дээр давхарлах аргачлалаар өмсөх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт