Мода эргэж богино өмд чиг хандлага боллоо

Дизайнерууд өөрсдийн цуглуулгаараа дамжуулан богино өмд эргэн ирснийг тунхаглалаа. Энэ бол ихээхэн санал зөрөлдөөнийг дагуулдаг загваруудын нэг бөгөөд миллениалууд болон Z үеийнхний анти-тренд жагсаалтад байсан цаг саяхан. Гэвч мода ямагт эргэдэг дүрэм зүй ёсоор биелж капри өмд загварын гол тоглогчдын эгнээнд нэгдээд байна. Капри өмдийг эргэн ирэхэд Coperni, Ferragamo, Ganni, Emilio Pucci, Givenchy зэрэг маш олон брэндийн нөлөө оржээ.

Тус загварыг 1948 онд герман дизайнер Соня де Леннарт урласан хэмээн загварын түүхчид үздэг. Тухайн үед эмэгтэйчүүд өмд өмсөнө гэдэг маш ховор үзэгдэл байсан ба Леннарт эмэгтэй загварын ертөнцөд хувьсал хийсэн эрхмүүдийн нэгт тооцогддог билээ. Тэрээр өөрийн Мюнхен дэх урландаа уламжлалт загвараас залхсан зуу зуун эмэгтэйг хувцаслаж Дэлхийн II дайны эдийн засгийн хямралыг ажралгүй давсан гэдэг. Кино урлагийн домгуудын нэг жүжигчин Ингрид Бергман түүний үнэнч үйлчлүүлэгчдийн нэг байсан юм. Харин капри өмд Холливүүдэд танигдаж цар хүрээгээ тэлэхэд дизайнер Эдит Хэдийн нөлөө хэмжээлшгүй их. Тэрээр Грейс Келлигээс эхлэн Натали Вүүд гэхчлэн кино урлагийн домгуудыг хувцаслахдаа богино өмдийг нэвтрүүлж эхэлсэн юм. Цаашлаад капри өмд эрэлттэй болоход Одри Хепбёрны оролцоо ч мөн бий. Үүнд Хепбёрны тоглосон Sabrina киноны сурталчилгааны зураг авалтыг онцлох нь зүйтэй. Тэрээр зураг дээр дизайнер Эдит Хэд болон Юбер де Живанши нарын урласан богино өмдөөр төрхөө бүрдүүлсэн харагдах ба өндөр өсгийтийн оронд балерина гуталтай загварчилж тухайн үеийн өдөр тутмын хувцаслалтын ойлголтод шинэчлэл хийж байсан юм.

Одри Хепбёрн
Натали Вүүд

2000-аад онд капри өмд маш олон дэлгэцийн бүтээлүүдэд мөнхлөгдөж, мөн алдартнуудын сонголтоор тодорсоор иржээ. Хамгийн тод жишээ бол Sex and The City-гийн Кэрри Брэдшоугийн төрхүүд юм. Тэрээр жийнсэн, ретузэн, карго гэхчлэн төрөл бүрийн богино өмдийг утсан мөртэй майк, эсвэл бариу футболкатай загварчилж 2000-аад оны уур амьсгалыг мэдрүүлсээр ирсэн. Түүнээс гадна Женнифер Лопез, Рианна, Бритни Спирс зэрэг поп оддын 2000-аад оны төрхөд богино өмд голлох байр суурь эзэлдэг. Тухайн үед алдартнууд богино өмдийг өдөр тутамдаа төдийгүй улаан хивсний ёслолд ч өмсдөг байжээ. Ингэхдээ ихэвчлэн нам суудалтай богино өмдийг өндөр өсгийтэй сандаал, кроп топ болон малгайтай хослуулдаг байв.

Женнифер Лопез
Рианна

Орчин цагт тэр дундаа хавар-зун 2024 улирлын загварын долоо хоногоор капри өмдний загвар цөөнгүй харагдсан билээ. Дизайнерууд үүнийг шуумаг хэсэгтээ бантикан чимэглэлтэй, тейлор хийцтэй, өдөр тутмын ретузэн, сул өмсгөлтэй гэхчлэн төрөлжүүлэн урласан харагдана. Харин загварчлахдаа coquette core, office siren, blokecore гэхчлэн сүүлийн үед дэлгэрч буй микро чиг хандлагуудад нийцүүлсэн байна.

Coperni
Jacquemus
Coperni
Donatella Versace
Louis Vuitton
Victoria Beckham

Buro.Mongolia

2024-05-31, 11:32