Намрын шүүгээ: Пальтоны оронд нөмрөг

Бүрмөсөн сэрүү орохоос өмнө намрын хувцасны шүүгээгээ бэлдэхээр зэхэж буй эртэч шувуухайнуудад хэлэхэд нөмөргөн загвартай хүрэм пальтог гүйцэн давамгайлах магадлалтай байна. Тус хүрэм нь пальтотой харьцуулахад практикал талаараа тааруухан үнэлгээ авч болох ч уламжлалт эсгүүртэй, энгийн хувцаснаасаа уйдаж, сонирхолтой зүйл туршмаар санагдсан үед сэтгэл сэргээж дөнгөнө.

Намар-өвөл 2024/25 улирлаар Carolina Herrera, Celine сонгодог силуэттэй нөмрөг урласан бол Giada яг л Christian Dior-ын 1960-аад оны хэв маягийг санагдуулам зууван эсгүүртэй хувилбарыг толилуулсан юм. Эдгээр нь бүгд богино загвартай бөгөөд романтик, эмэгтэйлэг, өхөөрдөм өнгө аястай ч доогуураа заавал ижил урттай, эсвэл бариу эсгүүртэй хувцастай зохицуулахад тохиромжтой байдаг. Эс бөгөөс биеийн харьцаа эв хавгүй харагддаг сул талтай. Тийм ч болоод тэр үү дийлэнх загварын орднууд урт нөмрөгт илүү анхаарлаа хандуулсан байна. Тухайлбал, Khaite шовх захтай, саарал макси нөмрөг, харин Chloé өнгөлсөн савхиар хийсэн хүрэм санал болгожээ. Харин илүү нарийн төвөгтэй хэлбэртэйг Bottega Veneta болон Jil Sander харуулсан байна. Нөмрөг өөрөө анхаарал татахуйц эсгүүртэй тул өдөр тутмын хувцаслалтад энгийн, минимал төрхтэй хослуулах нь зөв сонголт болно.

Сонирхуулахад, нөмрөг бүтсэн түүх дундад зуунаас гаралтай билээ. Тухайн үед үүнийг загварын үүднээс өмсдөггүй байлаа. Харин хүйтнээс болон салхинаас хоргодох зорилгоор цэрэг, эсвэл малчид дийлэнхдээ хэрэглэдэг байжээ. Аажмаар язгууртнуудын хувцасны шүүгээнд нэвтэрсэн нь дулаан байхын тулд бус, харин гоёл маягаар өмсөх зорилготой юм.

Carolina Herrera FW 2024
Celine FW2024
Giada FW2024
Khaite FW2024
Chloé FW2024
Bottega Veneta FW2024
Jil Sander FW2024
Valentino Fall 2024

Б.Энххүслэн

2024-08-27, 15:24