Фестивалийн загварын долоо хоногт оролцох бэлтгэл ажил
Playtime амьд хөгжмийн наадам эхлэхэд ердөө зургаан хоног үлдээд байна. Тиймээс энэ жилийн хөгжмийн фестивалиуд дээрх гол трендүүдийг сонирхож, ямар төрх бүрдүүлж болохыг доороос харцгаая
Тун удахгүй эхлэх гэж буй Playtime наадамдаа бэлдэцгээж байна уу? Жил ирэх тусам загварын салбартай салшгүй холбогдож, нэг төрлийн фестиваль хувцаслалтын загварын долоо хоног болон хувирч байгаа энэ арга хэмжээнд зориулан хувцсаа бэлдэх нь үргэлж маш сонирхолтой байдаг шүү дээ. Энэ жил ямар дүр төрх бүрдүүлбэл бусдаас онцгой харагдахыг, мөн хувцаслалтын ямар ч алдаа гаргахгүй байхыг бид зөвлөж байна.
Ковбой загварын гутал
Шороо тоос ихтэй энэхүү арга хэмжээний үеэр нарийхан өсгийтэй туфли өмсөх алдааг бүү гаргаарай. Харин үүний оронд ковбой загварын богино эсвэл дундаж түрийтэй гутал өмсвөл үргэлж зохимжтой байдаг. Хамгийн гол нууц нь ковбой гутлыг маш богино даашинз эсвэл шоорттой хослуулбал илүү загварлаг харагддагийг анхааралдаа авах хэрэгтэй.
Өнгө, өнгийн линзтэй нарны шил
Энэ хавар-зуны улиралд өнгө, өнгийн линзтэй ретро нарны шил тренд болсныг бид нэг биш удаа мэдээллэж байсан билээ. Энэ тренд нь хөгжмийн фестивалийн үеэр бүр ч илүү хүчээ авах болно. Нэгэн хэвийн хар шил зүүхээс илүүтэйгээр хөнгөн бөгөөд зугаатай төрх бүрдүүлэх ийм төрлийн загварыг сонгоорой.
Цэцгэн хээтэй нимгэн даашинз
Хөгжмийн фестивалийн дүрэмт хувцас болсон цэцгэн хээтэй нимгэн даашинз энэ зун ч бас моодноос гарахгүй юм. Coachella наадам дээр үзэгдсэн олон төрлийн даашинзуудаас санаа аван, өөрийнхөөрөө загварчлан өмсөхийг бид санал болгож байна.
Цацагтай хувцас
АНУ-ын баруун нутгийн стилийг санагдуулам цацагтай деталь нь үргэлж хувцаслалтыг илүү сүрлэг болгодог. Цацагтай топ, юбка, даашинз, цүнх, гутал гээд танд өргөн сонголт бий.
Ковбой малгай
Үсийг нарны хорт туяа, тоос шорооноос хамгаалах үүрэгтэй ковбой малгай нь мөн хөгжмийн фестиваль дээр загварлаг харагдах үндсэн нууцуудын нэг юм.
Паска цүнх
Паска цүнх эргээд моодонд орчих юм гэж хэн санах билээ дээ. Гэхдээ дэлхийн дизайнерууд ба загварлаг бүсгүйчүүдийн ачаар энэ аксесуар нь урьд өмнөхөөсөө илүү загварлаг харагдах болжээ. Хамгийн гол нь олон хүнтэй газар эд зүйлсээ хамгаалахын зэрэгцээ, хоёр гараа чөлөөтэй байлгах боломж олгох энэ цүнх нь Playtime дээр хэрэг болох шилдэг сонголт юм.
Нэвт гэрэлтэх урт загвар
Готик хэв маягтай атлаа тачаангуй төрх бүрдүүлэх боломжийг нэвт гэрэлтэх урт загварууд олгоно. Дизайнеруудын санал болгосны дагуу нэвт гэрэлтэх хувцасны дотор өндөр суудалтай дотуур хувцас өмсөөрэй.
Нүүрний гялалзсан чимэг
Хөгжмийн фестиваль бол хувцаслалтын бүрэн эрх чөлөө олгодог цөөн арга хэмжээнүүдийн нэг юм. Тиймээс аль болох зоригтой дүр төрх бүрдүүлж, зөвхөн хувцас биш, мөн нүүр будалт гоёл чимэглэлээрээ бусдын анхаарлыг татаарай. Харин нүүрээ төрөл бүрийн хэлбэр дүрстэй гялалзсан чимэглэлээр гоёх нь зурган дээр этгээд гарах шилдэг арга юм шүү.
Сонирхолтой ханцуйтай хувцас
Хонхон, бөмбөгөр, эсвэл хэтэрхий урт гэх зэрэг сонирхолтой хэлбэртэй ханцуйнуудыг нэмэлт үгсээр магтан дуулах шаардлагагүй биз ээ. Үнэхээр гоё харагдаж байгаа биз?
Том аралтай тэлээ
Тэлээний арал том байх тусмаа сайн. Бэлхүүсээ тодотгон өндөр суудалтай шоорт, юбка болон даашинзаа бүслээрэй.
Маш урт оноотой юбка
Анжелина Жолигийн эффект загварын салбараар хүчтэй тархсан хэвээр байна. Хөлөө чөлөөтэй хөдөлгөхийн зэрэгцээ халууцахгүй, мөн тачаангуй харагдах давуу талуудыг энэ чиг хандлага олгоно.
Бандана
Үсний боолт, толгойн чимэглэл, чокер зүүлт, бугуйвч, цүнхний гоёл, шорооны эсрэг маск гэх зэрэг маш олон байдлаар ашиглаж болох бандана алчуурыг заавал авч явахаа мартуузай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт