Рианна бие давхар эмэгтэйчүүдийн хувцас загварт шинэ жишиг тогтоож байна

Бие давхар боллоо гээд загварын хүсэл сонирхлоо бүү орхигдуул

Рианна хөл тавьсан салбар бүртээ шинэ чиг хандлагуудыг тогтоож чаддаг. Тэрээр дуу, хөгжмөөрөө дамжуулан онцгой мэдрэмж түгээж, загварын ертөнцөд бодипозитив хөдөлгөөнийг сурталчилж, эмэгтэйчүүд ямар ч биеийн галбиртай байсан өөртөө итгэлтэй байхыг уриалдаг билээ. Харин одоо Рианна бие давхар эмэгтэйчүүдийн хувцас загварын талаарх ойлголтыг өөрчилж эхэллээ. Анх түүний бие давхар зураг цахим ертөнцөд цацагдахад түүний бүрдүүлсэн төрх олон нийтийн анхаарлыг татаж, хэдэн мянган сэтгэгдэл цуглуулаад байсан. Тэрхүү зурган дээр Рианна Chanel-ийн ягаан өнгийн винтэж куртка, урагдсан жийнс өмсөж, Christian Lacroix брэндийн урт зүүлтээр төрхөө чимээд зогсохгүй гэдсээ ил гарган загварчилсан билээ. Үүнийг харсан хүмүүсийн нэг хэсэг нь түүний зоригтой алхмыг үнэлж байсан ч “жирэмсэн хүнд тохиромжгүй төрх бүрдүүлсэн” гэх мэт сэтгэгдлүүд дийлэнх хувийг эзэлж байв. Хүмүүсийн энэ шүүмжлэл нь нийгэмд тогтсон хэвшмэл үзэл бодолтой холбоотой бөгөөд орчин үед ч хүртэл бие давхар эмэгтэй тодорхой байдлаар хувцаслаж, амьдрах хэрэгтэй гэсэн бичигдээгүй дүрмүүд байсаар байгааг харуулсан юм. Иймд Рианна Dior-ийн загварын шоу, Valentino-ийн үдэшлэг зэрэг уригдсан олон нийтийн арга хэмжээ бүртээ торон даашинз, нэвт гэрэлтсэн топ зэрэг гэдсээ нуух биш эсрэгээрээ бүх анхаарлыг гэдсэндээ хандуулсан хувцаснуудаар төрхөө бүрдүүлж, бие давхар боллоо гээд заавал баригдмал байх албагүйг харуулсаар байна. Түүний энэхүү үйлдлээс улбаалан бие давхар эмэгтэйчүүд заавал зориулалтын дэлгүүрээс аварга том цамц, сул даашинзаар төрхөө бүрдүүлэх биш, харин хүсэл сонирхлоо хойш тавилгүй загварын чиг хандлагыг чөлөөтэй дагах боломжтой шинэ үзэл дэлгэрээд байгаа юм. Эмэгтэй хүн бие давхар үедээ өөрийн болон ургийн эрүүл мэнддээ л чухалчлан анхаарах ёстой болохоос бусдын шүүмжлэлт харцнаас айж өөрийн хүсэл, сонирхлоо золиослох албагүй. Гэхдээ мэдээж хэрэг аливаа загварын тренд дагахдаа тав тух, аюулгүй байдлаа тэргүүнд тавихаа мартаж болохгүй юм.

Рианнагийн бий болгож буй загварын давлагааг томоохон дизайнерууд ч мөн цуглуулгадаа тусгасан байдаг. Тухайлбал, усанд норсон мэт харагдах даашинзаараа алдартай Di Petsa ордны бүтээлч захирал Димитра Петса хавар-зун 2022 цуглуулгадаа гэдэс хэсгээрээ торон оруулгатай даашинз урлажээ. Харин 2021 оны LVMH тэмцээний тэргүүн байрны эзэн буюу шилдэг залуу дизайнер Ненси Дожака намар-өвөл 2022 цуглуулгынхаа хүрээнд бие давхар эмэгтэйчүүдэд зориулсан нэвт гэрэлтэх гялалзсан даашинз бүтээсэн юм.

Nensi Dojaka Намар-Өвөл 2022/23
Di Petsa Намар-Өвөл 2022/23

Сонирхуулахад, Рианна өөрөө бие давхар болохоосоо ч өмнө буюу 2018 онд Savage x Fenty дотуур хувцасны брэндийнхээ загварын шоун дээр хөл хүнд модель Слик Вудсыг цээж нүцгэн алхуулж энэхүү сэдвийг хөндөж байсан билээ.

Buro.Mongolia

2022-04-13, 11:44

  • Зураг: