Эрүүл мэнд: Дархлааны системд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар

Хооллолт, дасгал хөдөлгөөн болон бусад

Улирал солигдох энэ үеэр жил бүр ханиад томуугийн дэгдэлт маш өндөр байдгаас эмнэлгийн ачаалал дээд цэгтээ хүрдэг. Томуугийн вирус нь А, B, C, D гэсэн дөрвөн бүлэгт хуваагдах ба үүнээс А болон В вирус нь улирлын болон томуугийн цар тахлыг үүсгэх чадвартай тул нийгмийн эрүүл мэндийн анхаарал татсан вируст хамаарагддаг. Энэ үед бид өөрийн болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч дархлаагаа дэмжих нь чухал.

Дархлааны систем гэдэг бол таныг өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаалах гайхалтай ажлыг гүйцэтгэгч систем юм. Гэхдээ тэд заримдаа бүтэлгүйтдэг бөгөөд энэ үед таны биед нян бактериуд амжилттай нэвтэрч өвчлөл үүсдэг. Энэ үйл явцад хөндлөнгөөс оролцож дархлаагаа сайжруулах боломжтой юу? Тодорхой эмийн ургамал, витамин уух шаардлагатай юу? Хоолны дэглэмээ сайжруулбал яах вэ? Амьдралын хэв маягаа өөрчлөх нь дархлааны хариу урвал сайжрахад нөлөөлөх үү?


ДАРХЛААНЫ СИСТЕМ БА НАСЖИЛТ

Нас явах тусам хүний дархлааны хариу урвал буурч улмаар халдварт өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгддэг. Өндөр хөгжилтэй орнуудад дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр насжилттай холбоотой өвчлөл мөн нэмэгдэж байна. Олон судалгаанд өндөр настай хүмүүс халдварын гаралтай өвчнөөр өвчлөх бүр цаашлаад нас барах эрсдэл залуу хүмүүстэй харьцуулахад өндөр байдаг гэж гарчээ. Эрдэмтэд үүнийг халдварын эсрэг тэмцдэг "Т" эсийн бууралттай холбоотой байж болох талаар судалсаар байна. Мөн томуугийн вакцины судалгаагаар настай хүмүүст хийсэн вакцин хоёроос дээш насны хүүхдүүдэд хийсэн вакцины үр дүнтэй харьцуулахад үр дүн багатай байжээ. Гэсэн ч хэдий үр дүн бага байж болох ч огт вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад өвчлөл болон нас баралтыг эрс бууруулдаг байна.

Настай хүмүүсийн хоол тэжээл болон дархлааны систем хоорондоо уялдаа холбоо ихтэй. Хоол хүнснээс авах шаардлагатай зарим амин дэм, эрдэс бодисын дутагдал настай хүмүүст элбэг ажиглагддаг. Учир нь настай хүмүүс бага идэх хандлагатай байдгаас гадна хоол хүнсэндээ ногоо жимс бага хэрэглэдэг. Баян чинээлэг орнуудад ч элбэг тохиолддог энэхүү хоол тэжээлийн дутагдлыг “бичил тэжээлийн дутагдал” ч гэж нэрлэдэг байна.


ДАРХЛААНЫ СИСТЕМ БА СТРЕСС

Орчин үеийн анагаах ухаан хүний бие махбод болоод оюун ухааны уялдаа холбоог судалдаг болсон нь талархууштай. Ходоодны хямрал, зүрхний өвчин зэрэг маш олон өвчин сэтгэл санаа болон стрессээс үүдэлтэй байдаг. Мөн стресст өртөх нь дархлааны системийг унагадаг бөгөөд ханиад болон бусад өвчинд мэдрэмтгий болгодог байна. Гэвч стресс бол тодорхойлж гаргаж ирэхэд маш хэцүү зүйл. Нэг хүнд бухимдалтай, хэцүү санагдаж буй нөхцөл байдал нөгөө хүнд өөрөөр санагддаг. Стресст өртсөн байлаа гэхэд хэр их стресстэж буйг хэмжихэд хэцүүгээс гадна тухайн хүний стрессийн талаарх субьектив ойлголт үнэн зөв эсэхийг илрүүлэхэд хэцүү байдаг. Гэсэн ч эрдэмтэд дархлааны систем болоод стресс хоёрын хоорондын холбоог тууштай судалсан хэвээр байгаа юм.


ДАРХЛААНЫ СИСТЕМ БА ХООЛЛОЛТ

Дархлаагаа дэмжихийн тулд тогтмол сайн шим тэжээлтэй хоол идэх хэрэгтэй. Хэрвээ та иддэг хоол хүнснээсээ хангалттай хэмжээний шим тэжээл авч чадахгүй байна гэж эргэлзэж байгаа бол, жишээлбэл та ногоо идэх дургүй бол, нэмэлтээр эрдэс бодис болон амин дэм хэрэглэх нь таны дархлааг дэмжихэд тустай байх болно. Харин дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглэснээр таны биеийн ерөнхий эрүүл мэнд болоод дархлааг дэмжихэд туслах болно. Хүнсний дэлгэрэнгүй тайлбарыг ЭНДЭЭС харна уу.

  • Цитрусны төрлийн жимснүүд - Витамин С
  • Улаан чинжүү - Bитамин C
  • Брокколи - Витамин A, C, E, антиоксидант
  • Сармис - Дархлаа сайжруулах маш олон нэгдлүүд байдаг
  • Цагаан гаа - Xоолой өвдөх, дотор муухайрах болон архаг өвчнийг намдаахад тустай
  • Бууцай - Витамин С антиоксидант болон бета каротинаар баялаг
  • Тараг - Витамин Д
  • Бүйлс самар - Витамин E
  • Наран цэцгийн үр - Витамин E болон В6
  • Турмерик - Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Ногоон цай - Aнтиоксидант
  • Амтат гуа - Витамин С
  • Киви - Кали, Bитамин С, К
  • Шувууны мах - Тахиа, цацагт хяруул, нугас, галуу зэрэг шувууны мах Витамин B6 аар баялаг байдаг
  • Хясаа - Зарим төрлийн хясаа цайрыг их хэмжээгээр агуулдаг

ДАРХЛААНЫ СИСТЕМ БА ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Тогтмол дасгал хөдөлгөөн нь эрүүл амьдралын гол тулгууруудыг нэг. Зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, цусны даралтыг бууруулж, биеийн жинг хянах болон өөр олон өвчлөлөөс сэргийлэхэд тусалдаг. Гэхдээ дасгал хөдөлгөөн таны дархлааг байгалийн жамаар нэмэгдүүлэхэд туслах уу? Эрүүл хооллолтын нэгэн адил дасгал хөдөлгөөн ерөнхий биеийн эрүүл мэндийг сайжруулж эрүүл дархлааны тогтолцоо бий болоход тус болдог байна.


ДААРАХ НЬ ТАНЫ ДАРХЛААГ СУЛРУУЛАХ УУ

Бараг бүх ээжүүдийн хэлдэг үг : “Гадуур хувцсаа өмсөхгүй бол ханиад хүрнэ шүү” Үнэхээр түүний зөв үү? Заримдаа энэ үг буруу ч байж болно. Учир нь дундаж хүйтэн температурт таны халдварт өртөх эрсдэл нэмэгдэхгүй. Өвлийн улирлыг яагаад ханиад томууны улирал гэж нэрлэх болсонд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, өвөл хүмүүс илүү их цагийг гэртээ, байшин дотор өнгөрөөдөг бөгөөд ингэснээр нян, бактер халдварлуулж чадах хүнтэй илүү ойроос харилцаа үүсгэдэг. Хоёрдугаарт, томуугийн вирус хүйтэн, чийг багатай агаарт илүү удаан тогтдог.


ДАРХЛАА ДЭМЖИХ ЗӨВ АРГУУД

Дархлааны систем гэдэг нь яг нэг л систем, нэг л зүйлийн тухай ойлголт биш учраас энэ системийг сайн ажиллуулахын тулд тэнцвэртэй байдал маш чухал. Таны хамгийн эхэнд хийж чадах зүйл бол эрүүл амьдралын хэв маягийг сонгох юм. Дараах энгийн зүйлс таны дархлааны систем эрүүл зөв ажиллахад тусалж чадна. Үүнд:

  • Тамхи татахгүй байх
  • Жимс ногоо сайн идэх
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Эрүүл жинтэй байх
  • Архи дарсыг тохируулж хэрэглэх
  • Хангалттай нойр авах
  • Гарыг тогтмол угаах
  • Махыг бүрэн болгож идэх
  • Аль болох стресстэж бухимдахгүй байх
  • Вакцинд хамрагдах

Дэлгүүр болон эмийн сангийн тавиур дээрээс дархлааг нэмэгдүүлнэ гэсэн бичигтэй бүтээгдэхүүнийг маш ихээр харах боломжтой. Гэвч дархлааг нэмэгдүүлнэ гэдэг нь шинжлэх ухааны талаас авч үзвэл маш учир дутагдалтай зүйл. Дархлааны эсүүд, эсвэл бие махбод дах бусад эсийн тоог нэмэгдүүлэх нь тийм ч сайн зүйл биш. Жишээлбэл, допинг хэрэглэсэн тамирчин цусны эсийн тоог нэмэгдүүлэх замаар гүйцэтгэлээ сайжруулдаг ба энэ нь тархинд цус харвах эрсдэлийг дагуулдаг.

Ер нь дархлааны системийн эсийг нэмэгдүүлнэ гэдэг маш төвөгтэй асуудал ба олон төрлийн нян, вируст олон янзаар хариу үйлдэл үзүүлдэг маш олон төрлийн эсүүд энэхүү системд агуулагдаж байдаг. Аль эсийг хэд болгож нэмбэл дархлааг дэмжихэд хэрэгтэй вэ? Үүний хариултыг эрдэмтэд одоогоор олоогүй л байна. Харин мэдэгдсэн зүйл бол хүний бие махбод өөрөө дархлааны эсүүдийг байнга үйлдвэрлэж байдаг. Хэрэгтэй хэмжээнээс хэд дахин илүүг үйлдвэрлэдэг. Харин илүүдэл эсүүд нь “apoptosis” гэж нэрлэгддэг эсийн үхлийн байгалийн үйл явцаар өөрийгөө устгадаг- зарим нь үйлдэл хийхээсээ өмнө, зарим нь тулаанд ялсны дараа. Дархлааны системийг хамгийн боломжит түвшинд ажиллуулахын тулд хэдий хэмжээний эс эсвэл ямар эсүүдийн нийлмэл хэрэгтэйг одоогоор хэн ч олж нээгээгүй байна. 

Buro.Mongolia

2022-04-27, 14:31