Судалгаагаар батлагдсан: Буруу байрлалтай суух нь таны насыг богиносгодог

Эрүүл амьдралын хэв маягийн талаарх судалгаануудын дийлэнх нь дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх дээр суурилсан байдаг. Харин хүн амрахдаа яаж, ямар байрлалаар суухаас шалтгаалж эрүүл мэндийн үзүүлэлт нь өөр байдаг талаар нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний ажил гарчээ. 

Яагаад суух байрлалд ач холбогдол өгөх ёстой вэ?

Өдөр тутамдаа хэчнээн дасгал хийсэн ч удаан хугацаагаар сандал дээрээ сууж өнгөрүүлдэг зуршил бүх хөдөлмөрийг тань нурааж цаашлаад бүр амьдрах наснаас тань хумсалсаар байдаг гэвэл итгэх үү? Уг асуудлын талаар АНУ-ийн эрдэм шинжилгээний баг Танзани улсын хойд зүгт байрлах Хадза омгийнхныг судлахаар замдаа гарчээ. Тус омгийнхны зүрх судасны болон бусад өвчнөөр өвдөх нь өндөр хөгжилтэй орны иргэдийг бодвол харьцангуй бага бөгөөд шалтгааныг нь тайлахаар тэд зорьсон байна. Хадзачууд одоог хүртэл ан гөрөө хийдэг цөөн хэдэн иргэншлүүдийн нэг юм. Тиймээс биеийн хүчний ажил бол тэдний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг мөн. Өндөр хөгжилтэй орны хүмүүсээс илүү эрүүл байгаагийн шалтгаан нь энэ биз гэж бодож байвал та түр азнаарай. Судлаачид тэдний эрүүл байдаг хамгийн гол шалтгаан нь ямар байдлаар, хэрхэн амардагтай нь холбоотой гэдгийг анзаарчээ. Ингээд тус омгоос нийт 28 эрэгтэй болон эмэгтэйг хамруулан нэг долоо хоногийн турш өдөрт дунджаар хэдэн цагийг амралтад зориулж буйг, хэр ойрхон суултын горимоос босох гүйх зэргүүд рүү шилжиж байгааг нь нарийн тэмдэглэн авчээ.

Үр дүн нь судалгааны багийнхныг гайхшруулсан байна. Хадзачууд АНУ, Нидерланд, Австрали зэрэг орны хүмүүсийн адил өдөрт 10 хүртэл цаг амардаг болж таарчээ. Түүнчлэн суухаас босох уруу шилжих тоо нь өдөрт дунджаар 50 удаа байсан бөгөөд мөн л европчуудынхтай адил байсан юм. Гэсэн ч тус омгийнхны цусны үзүүлэлт, даралт зэрэг нь хамаагүй эрүүл байсан бөгөөд дээр дурдсан триглицерид буюу өөхний хэмжээ нь харьцангуй бага гарчээ. Харьцуулалтын явцад нэг зүйл өөр байсан нь Хадзачуудын булчингийн ажиллагаа хөгжил өндөр улсын иргэдийг бодвол илүү идэвхтэй байсан юм. Омгийнхон сүүдэр бараадан амрахдаа "squat" суулт буюу улаараа газар тулан өгзөг хэсгээ өсгийндөө хүргэх байдлаар суудаг байжээ. Энэ нь сандал, газар дээр сууснаас бүр эсхүл хөнгөн дасгал хийснээс таваас арав дахин илүү булчинг ажиллуулж идэвхтэй байлгахад тусалдаг байна.

Тэгвэл бид бүр мөсөн сандал дээр суухаас татгалзах ёстой юу?

Судлаачид хүмүүсийг даруй суухаа болихыг зөвлөсөнгүй. Оронд нь амрах хугацаагаа багасгаж бага багаар "squat" суултыг биедээ дасгахыг санал болгожээ. Тиймээс ядаж л амралтын өдрөөр диван дээрээ тухлаад Netflix- ээ үзэхдээ ойр ойрхон босож булчингаа ажиллуулахаа бүү мартаарай. Таны зүрх танд талархах болно.

Тэгвэл эрүүл байхын тулд зүгээр л зөв суухад л хангалттай юу?

Мэдээж үгүй. Цоо эрүүл байхыг хүсэж л байвал дасгал хөдөлгөөнийг амьдралаасаа хасаж үл болно. Үүнийг батлах сонирхолтой судалгаануудыг хүргэж байна. Эпидемиологи судлаач Жерри Моррис Лондон хотын нийтийн тээврийн ажилчдыг хамруулан судалгаа явуулж байжээ. 1953 онд нийтлэгдсэн уг эрдэм шинжилгээний ажилд нийт 31,000 байнгын суугаа ажилладаг автобусны жолоочид ба ажлынхаа ихэнх цагт нь зогсдог кондуктор нарын эрүүл мэндийн байдлыг хоёр жилийн турш харьцуулан ажиглажээ. Үр дүнд нь жолооч нар кондукторуудыг бодвол 30% илүү зүрх судасны өвчтэй болох магадлалтайг тогтоосон байна. Дараагийн бидний танилцуулах эрдэм шинжилгээний ажил бол таталцлын хүчгүй орчинд байх нь сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх 1950-аад онд NASA-гийн хийсэн судалгаа юм. Туршилтын хугацаанд сайн дурынхныг хөдөлгөөнгүй бөгөөд хэвтээ байдалтай байлгадаг байсан бөгөөд үр дүнд нь тэдний яс сийрэгжиж, булчингийн үйл ажиллагаа нь суларч, цусан дахь «триглицерид» буюу өөхний хэмжээ ихсэж зүрх судасны өвчнөөр өвдөх магадлал өндөр болсон үзүүлэлт гарсан байна. Сүүлийн бидний танилцуулах судалгааг «Суух нь тамхи татахтай адил» гэж нэрлэе. Яагаад гэвэл бүгдийн айдас хүйдэс болоод байгаа Ковид-19 цар тахалтай дүйцэхүйц чимээгүй тахал хүн амыг хамраад байсныг 2012 онд олж мэдэж байжээ. Тодруулбал Харвардын Их сургуулийн эпидемиологи судлаач И Мин Ли зүрхний өвчин, сахар, хорт хавдар зэрэг өвчнүүдийн нас баралтын нийтлэг шалтгааныг илрүүлсэн бөгөөд энэ нь удаан хугацаагаар суух байсан юм. Анагаахын салбарын «The Lancet» сэтгүүлд Ли болон түүний багийнхны ажил нийтлэгдсэн нь дэлхий даяар жил болгон таван сая хүн урт хугацааны турш хөдөлгөөнгүй байснаар нас бардаг талаар байжээ. Иймд зүгээр л хөдөлгөөнгүй, дасгал хийхгүй байх нь тамхи татах болон сахарын өвчинтэй яг адил эрүүл мэндэд нөлөөлдөг байна.

Buro.Mongolia

2021-03-25, 17:16