Ажил, хичээл, сургууль гэсээр гэр бүлээрээ гадуур зугаалж, хамтдаа цаг гарган тоглох үе бидэнд тун ховор тохиодог. Тэгвэл сурагчдын амралт эхэлж, налгар зуны өдрүүд тохиож буй энэ л үед хамтдаа цагийг зугаатай бас дурсамж дүүрэн өнгөрүүлэх сонирхолтой санаануудыг хуваалцаж байна.
Зөвхөн тогтуун, дулаан цаг агаартай өдрийг хүлээлгүйгээр салхи, бороо гээд байгалийн бүхий л үзэгдлийг бяцхан үрдээ танилцуулж, тэдэнд хүссэнээрээ тоглож наадах эрх чөлөөг олгоорой. Хамтдаа бороонд бүжиглэж, ой хөвчөөр зугаалж, навчсаар тоглож, эсвэл зүгээр л өвсөн дээр хэвтээд үүл хэрхэн нүүж, эсвэл ямар хэлбэр дүрс үүсгэсэн байгааг ажиглаж ч болно. Мөн хэрэв энэ зун шинээр мод тарьж, цэцэг үрслүүлэхээр шийдсэн бол ямар ургамал сонгох, хэрхэн зөв ургуулж, арчлах зэрэгт хүүхдээ ямагт оролцоотой байлгаарай. Томчуудын хувьд энгийн байж болох зүйлс хүүхдүүдийн хувьд хорвоо ертөнцтэй танилцах том боломж байдаг юм шүү.
Орчин цагт энэ нь сонирхол, хобби гэхээс илүүтэй зайлшгүй эзэмших ёстой чадваруудын нэг болоод байна. Жүдо, таеквондо зэрэг маш олон төрлийн спортоор дамжуулан хүүхэд бие хамгаалах анхан шатны мэдлэгт суралцах боломжтой бөгөөд хэрэв таны хүүхэд ганцаараа явах хүсэлгүй байвал эцэг эхчүүд ч мөн өөрийн цаг завыг тохируулан хамтдаа хичээллэж болно. Спортоор хичээллэх нь хүүхдэд амьдралын чухал хичээл болоод зогсохгүй, зуны туршид хүүхдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, дархлааг дэмжиж өгөх олон давуу талтай билээ.
Хүүхэд гэр бүлийн бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцох тун дуртай. Тэгвэл энэ зуны амралтаар хүүхдүүдтэйгээ хамт шинэ хоолны жор туршиж, үүнийгээ цаашид гэр бүлийн уламжлалт зан үйл болгон хөгжүүлж болно. Хоол хийх үйл явц, амт чанар гээд бүх зүйл таны төсөөлсөн шиг төгс байх боломжгүй гэдгийг урьдчилан тооцоолж уян хатан байгаарай. Гэр бүлээрээ хамтдаа хоол хийх нь сайхан дурсамж үлдээгээд зогсохгүй хүүхдүүддээ хоол хүнс, шим тэжээлийн талаар ойлголт өгөх төгс боломж байх болно.
Эргээд бодоход ямар ч бэлгээс илүү гэр бүлээрээ хамтдаа буйдан дээр сууж хүүхэлдэйн кино үзээд, амттан идээд инээлдэж байсан цаг мөчүүд л санаанд тод гэгч нь үлдсэн байдаг. Эсвэл үеэлүүдтэйгээ өдөржин тоглоод, үүр цайтал сонирхолтой зүйлс ярилцаж хонодог байсан хүүхэд насны нандин дурсамж л амьдралыг үргэлж илүү амттай болгодог. Тэгвэл та ч гэсэн хүүхдэдээ тийм сайхан дурсамж бүтээхэд тусалж болно. Цагт баригдалгүй өглөө сэрээд, гар утсаа унтраагаад бүтэн өдөржин гэр бүлээрээ чанартай бас дурсамжтай цаг хугацааг өнгөрүүлээрэй.
Удаан төлөвлөж буй гал тэрэгний аяллаа энэ зун заавал бодит болгохыг зөвлөж байна. Хүүхэдтэй хол замд гарах үед галт тэрэг автомашинаас илүү тухтай байхаас гадна та замдаа илүү олон байгалийн үзэсгэлэнт тогтцыг харах боломжтой. Улаанбаатар хотоос явахаар төлөвлөж буй бол Мандал, Баянбуурал, Мааньт, Түнх зэрэг хэдхэн цагийн дотор хүрч очих боломжтой өртөөг зорьж, үзэсгэлэнт байгальд аялж, амарч болно.
Улаанбаатар хотод яг одоогоор арав гаруй музей, номын сан үйл ажиллагаа явуулж буйгаас гадна бага насны хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухааны музей, бүтээлч төв, тоглоомын төв, чимээтэй номын сан зэрэг амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх газрууд шинээр байгуулагдсаар байна. Үүгээр ч зогсохгүй гэр бүлээрээ одон орон судлах төвийн аялалд хамрагдах, морин тойруулгын клубээр зочлох, жирокоптероор нисэх зэрэг адал явдлаар дүүрэн зуныг өнгөрүүлэх боломжтой. Хүүхдэд шинэ зүйлс туршиж үзэх боломж олгож, сонирхолтой газруудаар дагуулж явж занших нь тэдэнд өгч буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын нэг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт