Мөн Z үеийнхэн хамгийн ганцаардмал
Залуу хүмүүс ахмад настай хүмүүсээс илүү их ганцаарддаг болохыг Cigna гэх даатгалын компани судалгаа хийж баталсан байна. Тэд нийт 20,000 хүнийг судалгаанд хамруулсан бөгөөд үүний үр дүнд Z үеийнхэн буюу 18-22 насны залуус хамгийн их ганцаарддаг болох нь тогтоогджээ. Тодруулбал Калифорнийн их сургуулийн боловсруулсан ганцаардлын хэмжүүр гэх үнэлгээгээр Z үеийнхэн 48 оноо авсан бол 72-оос дээш насны хүмүүс ердөө л 39 оноо авсан байна.
Мөн түүнчлэн өмнө нь эрдэмтэд ганцаардах нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй болохыг онцолж, ганцаардлыг тамхи татахтай харьцуулсан байдаг. Эрдэмтдийн хэлж буйгаар ганцаардах нь өдөрт 15 ширхэг тамхи татсантай ижил нөлөө үзүүлдэг болохыг мэдэгджээ.
Сонирхуулахад судалгаанд дурдагдсанаар олон нийтийн сүлжээ ганцаардах мэдрэмжинд нөлөөлдөггүй гэнэ. Өөрөөр хэлбэл Facebook ба Instagram ашигладаг залуус олон нийтийн сүлжээ огт хэрэглэдэггүй хүмүүстэй ижил түвшинд ганцаарддаг аж. Мөн Cigna компанийн ерөнхий захирал Дэвид Корданигийн хэлснээр олон нийтийн сүлжээнд хүмүүсийн зураг ба "Stories" үзэх бус харин тодорхой харилцан үйлдэл хийснээр л ганцаардлаас ангижрах боломжтой гэжээ.
Эцэст нь хэлэхэд ганцаардлыг мэдрэхгүйн тулд сайн унтаж амарч, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрөөж, биеийн тамирын дасгал хийж мөн хэт их ажиллахгүй байх хэрэгтэй гэдгийг эрдэмтэд онцолж байна. Хэдийгээр энэхүү судалгаанд ганцаардал ба олон нийтийн сүлжээ нь хоорондоо холбоотой гэсэн нотолгоо байхгүй ч эрдэмтдийн санал болгосон зөвлөгөөнөөс харахад хүмүүс олон нийтийн сүлжээнээс түр ч болов холдох хэрэгтэй нь тодорхой байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт