Эрдэмтэд: Хэрэв та Кардашьяны гэр бүлийг үзэн яддаг бол өөрийгөө ч мөн үзэн яддаг байх магадлалтай

Тэд бол өнөөгийн нийгмийн тусгал

Кардашьяны гэр бүлийн алдарт "Keeping Up With The Kardashians" реалити шоуг үздэггүй олон хүн байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Гэхдээ энэхүү шоуг үздэг хүмүүсийн хувьд тус нэвтрүүлэг нь бодит амьдралаас тасарч, ямар нэг зүйлд санаа зовохгүй тархиа амраах бас нэг арга болдог билээ. Ер нь орчин үед тэдний нэрийг мэдэхгүй хүмүүс ховор болсон гэж хэлж болно. Тэгвэл биднийг Кайли Женнерийн Instagram дахь дур булаам зургууд дээр "зүрх дарах" зуур эрдэмтэд нийгмийн сэтгэл зүйг Кардашьяны гэр бүлийнхэнтэй уялдуулан судалгаа хийгээд амжжээ.

Жишээ нь 2015 онд Лондон дахь Брунелийн их сургууль "Kimposium" гэх бүхэлдээ Кардашьяны гэр бүлд зориулагдсан дэлхийн анхны шинжлэх ухааны хурлыг зохион байгуулж байсан удаатай. Энэхүү хурлын зохион байгуулагчид тухайн үед Кардашьяныхан ямар нэг байдлаар "АНУ-ын шинэ хааны гэр бүл" болсон хэмээн онцолж байжээ.

"Кардашьяны гэр бүл өнөөгийн соёлын нэгэн хэсэг болж байгаа учраас би 'Kimposium'-ыг зохион байгуулахаар шийдсэн. Хэрэв соёл судлал ба социологийн өнцгөөс харвал тэд орчин үеийн амьдралыг тодорхойлж байгаа" гэж профессор Мередит Жонс ярьсан байна.

Мөн эрдэмтдийн үзэж буйгаар танд таалагдсан ч бай, үгүй ч бай, Кардашьяны гэр бүл хамт олны сэтгэл зүйн төгс тусгал болж байгаа гэнэ. Тиймээс тэднийг хэт их хэрэглээнд тулгуурласан амьдралтай гэх зэргээр шүүмжлэх нь "хоёр нүүр" гаргаж байгаатай адил. Учир нь Кардашьяны гэр бүл ердөө л нийгэмд ноёрхож байгаа ерөнхий хандлагуудыг л илтгэж байгаа аж. Түүнчлэн эрдэмтэд Кардашьяны гэр бүлийг үзэн яддаг хүмүүс зүгээр л өөрсдөдөө дүгнэлт хийхээс зайлсхийдэг бөгөөд үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөггүй байх магадлалтай гэдгийг нэмж онцолжээ.

Энэхүү судалгаанаас гадна "Keeping Up the Kardashian Brand: Celebrity, Materialism and Sexuality" номын зохиолч Аманда Шейнер Макклейны үзэж буйгаар хүмүүс Кардашьяны гэр бүлийг үзэн яддаг эсвэл шүтэн биширдгээс үл хамаарч бүгд тэднийг сонирхдог гэсэн байна.

Buro.Mongolia

2018-05-11, 11:00

  • Зураг: