Наймдугаар сарын зурхай: Өөртөө итгэлтэй байж, зоригтой хөдлөх үе тохиож байна

Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2024 оны наймдугаар сарын дэлгэрэнгүй зурхайг хүргэж байна.


Хонь

Энэ сард хонины ордныхны эрүүл мэнд, сэтгэл санаа сайжирч, мөн ажил төрөл дээр нь аз дагуулсан боломжууд гарч ирнэ. Тус энерги наймдугаар сарын дунд хүртэл үргэлжлэх учир чухал ажлуудаа энэ үеэр төлөвлөн, амжуулахыг хичээгээрэй. Ингэснээр хийж буй ажил, хийх дуртай зүйлс тань танд аз жаргал, сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлэх болно.

Гэвч Буд гараг охины орд руу ухрах хөдөлгөөн хийснээр дуусгаагүй орхисон ажлуудаас тань үүдэн асуудал, зөрчилдөөн үүсэж болзошгүйг анхаарна уу. Цаашлаад 22-ны өдөр нар охины орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр өр зээлтэй холбоотой бүхий л асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Иймд үрлэг, зарлагаа нарийн тооцоолж, хянамгай хандаарай. Харин сарын сүүлээр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил, төрөл дээр тулгарч байсан саадууд эергээр шийдэгдэж, санхүүгийн байдал тань тогтворжиж эхэлнэ. 

Үхэр

Үхрийн ордныхны хувьд наймдугаар сарын эхний долоо хоног маш чухал үеүдийн нэг болж өнгөрөх болно. Үр хүүхэд, хосын харилцаа, гэр бүлийн дотоод уур амьсгал, найз нөхдийн хүрээлэл гээд хувийн амьдралтай холбоотой бүхий л харилцаа холбоонууд тань идэвхэжнэ. Мөн энэ үеэр гэр бүл, орон байртай холбоотой санхүүгийн асуудал үүсэх, зарлага гарах магадлалтай байгааг анхаарна уу.

Сарын дунд үеэс ажлын байран дээр асуудал үүсэх, тодорхойгүй бичиг цаасны ажил гарч ирэх, хүмүүстэй үл ойлголцох магадлал өндөр байна. Иймд хувийн амьдрал болон ажил төрөлдөө зарцуулах цагаа тэнцвэржүүлж, аль, алийг нь орхигдуулахгүй байхыг хичээгээрэй. Харин Буд гараг шилжих хөдөлгөөн хийх үеэр үр хүүхэд, орон байр, гэр бүлтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Тухайлбал гэр бүлийн гишүүдийн дунд үл ойлголцол үүсэх, тог цахилгааны эвдрэл гарах, гэртээ шинэ зүйлс худалдаж авах зайлшгүй шаардлага тулгарах зэрэг саадууд бий болох хандлагатай байна. Сарын сүүлээр ганц бие үхрийн ордныхон шинэ хүнтэй танилцаж, болзох бүрэн боломжтой ба романтик, халуун дулаан харилцаанд ороход таатай үе тохиох болно.

Ихэр

Наймдугаар сарын эхээр шинэ сар арслангийн ордод гарна. Хэрэв та нийгмийн сүлжээгээр дамжуулан бизнес эрхэлдэг, эсвэл эрхлэхээр зорьж байгаа бол шинэ сар гарах үеэр хийсэн, бүтээсэн ажил бүхэн тань маш амжилттай бүтэх болно. Харин бусад хүмүүст шинэ зүйл сурч мэдэх, сургууль соёл хөөцөлдөх, хэтийн төлөвлөгөөгөө гаргах зэргээр шинэ бүхний эхлэлийг тавихад таатай үе тохиож байна.

Сарын дунд үеэс эхлэн ирэх есдүгээр сар хүртэл гэр бүлийн дотоод уур амьсгал сайжирч, та гэр орондоо илүү их цаг хугацааг зарцуулахыг хүсэж, шинэ тавилга, эд зүйлс худалдаж авах хүсэл тань нэмэгдэнэ. Цаашлаад наймдугаар сарын 17-ны өдөр Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр урьд нь хийж дуусгаагүй байсан ажлууд дахин анхаарлын төвд орж ирнэ. Мөн энэ үеэр зам тээврийн осол, машин тэрэгтэй холбоотой гэмтэл, бэртлээс болгоомжлоорой. 19-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарахад зорилго, тэмүүлэл тань нэмэгдэж эхлэхийг мэдрэх болно. Харин сарын сүүлээр үе мөч, нуруу, бөөртэй холбоотой эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй учир дасгал хөдөлгөөн сайн хийж, эрүүл хооллохыг хичээгээрэй.

Мэлхий

Наймдугаар сарын эхээр гарах шинэ сарны нөлөөлөл таны амьдралд томоохон аз завшаантай, эерэг өдрүүдийг бэлгэлэх болно. Энэ сарын 5-ны өдөр Буд гараг охины орд руу ухрах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр нүүх, шинээр байр худалдаж авах, амьдарч буй орчноо солих, гадаад оронд очиж суурьших гэх мэт шаардлага үүсэж магадгүй ч есдүгээр сар хүртэл орон байртай холбоотой чухал шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна.

Сарын дунд үеэс гэр бүл, үр хүүхэдтэйгээ харьцах харилцаандаа анхаарал хандуулж, тэдэнтэй ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх хэрэгцээ үүснэ. Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр ойрын аялал, зугаалгад явах боломж өндөр байгаа хэдий ч аялалтай холбоотой санхүүгийн асуудал үүсэх, замд унаа тэрэг эвдрэх зэрэг саад тохиолдож болзошгүй. Сарын сүүлээр сэтгэл санаа тань тогтворгүй болох хандлагатай байгаа тул дотоод хүнтэйгээ сайтар ярилцан, өөрийнхөө дуртай зүйлсийг хийж сэтгэл санаагаа дэмжиж өгөөрэй.

Арслан

Наймдугаар сарын эхээр арслангийн ордныхонд төлөвлөж байсан ажлуудынхаа эхлэлийг тавихад тохиромжтой үе тохионо. Хэрэв та энэ үеэр зоригтой алхмууд хийж, ухаалаг шийдвэр гаргаж чадвал бизнесийн ашигтай хамтрал, азтай боломжуудыг өөртөө татаж чадна.

Сарын дунд үеэс гэр бүлийн дотоод асуудал болон орон байр, үл хөдлөхтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Энэ сарын 14-ний өдөр Буд гараг таны ордод буюу арслангийн ордод шилжих хөдөлгөөн хийснээр харилцаа холбоо дээр тань бага зэрэг саадууд үүсэх хандлагатай байна. Иймд үг яриагаа цэгнэж, бусадтай зөрчилдөхгүй байхыг хичээгээрэй. Харин 19-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарах үеэр хэн таны жинхэнэ найз, хэн зүгээр л дүр эсгэж байна вэ гэдгийг ойлгож, мэдэрнэ. Сарын сүүлээр гэр бүлтэй арслангийн ордныхон хамтрагчтайгаа мөнгө, санхүүгийн талаар зөвлөлдөж, орлого зарлагаа тооцоолбол эерэг үр дүн авчирна. Ганц бие хүмүүсийн хувьд хувийн санхүүгээ нягталбал зохистой. Мөн гээсэн эд зүйлээ олох, гэнэтийн орлого орж ирэх, гэр бүл, ойр дотнын хүнээсээ санхүүгийн туслалцаа авах зэрэг үйл хэрэг идэвхтэй байх болно.

Охин

Наймдугаар сарын эхээр шинэ сар гарснаар охины ордныхон дотоод сэтгэл рүүгээ өнгийсөн, өөрийгөө сонссон эерэг, тааламжтай өдрүүдийг туулна. Харин 5-ны өдөр Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр шинэ ажил эхлүүлэх, томоохон гэрээ хэлэлцээр хийх, чухал шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Нөгөөтээгүүр одоо хийж буй ажлаа сайтар нягталж, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулахад таатай байх болно.

Сарын дунд үеэс ажил, бизнес дээрээ шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатай үе тохиох ба энэ үеэр санхүүгээ зөв тооцоолж, ашиггүй худалдан авалт хийхгүй байхыг хичээгээрэй. Мөн бүх зүйлд хүлээцтэй хандаж, ямар нэгэн азаа туршсан үйлдэл хийхгүй байхыг гараг эрхэс танд сануулж байна. Наймдугаар сарын 22-нд нар охины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажил төрөл тань илүү хурдацтай, үр бүтээлтэй өрнөж эхлэх учир ачаалалтай, завгүй өдрүүдэд өөрийгөө бэлдээрэй. Цаашлаад сарын сүүлээр Буд гараг арслангийн ордод шилжих хөдөлгөөн хийх үеэр харилцаа холбоо дээр үүсээд байсан саад бэрхшээл, үл ойлголцлууд хялбархан шийдэгдэж эхэлнэ. Мөн энэ үеэр чухал ажлуудаа төлөвлөвөл нэн таатай үр дүнг авчрах болно.

Жинлүүр

Наймдугаар сарын 4-ний өдөр шинэ сар арслангийн ордод гарах үеэр хөрөнгө оруулалт хийх, эд юмс худалдан авах, гэрээ хэлэлцээр хийвэл амжилттай бүтэх болно. Харин 5-ны өдөр Буд гараг ухрах хөдөлгөөн хийнэ. Энэхүү ухрах хөдөлгөөн нь жинлүүрийн ордныхонд бага зэрэг саад, бэрхшээл, үл ойлголцлыг татах тул энэ үеийг анхааралдаа аваарай.

Сарын дунд үеэс хуучны танил, найз нөхөд эргэн амьдралд гарч ирэх өндөр магадлалтай байна. Гэвч аливаа ухрах хөдөлгөөний үеэр гарч ирсэн хүмүүс таны амьдралд тийм ч таатай нөлөөлөл үзүүлдэггүй гэдгийг мартуузай. 19-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарах үеэр үр хүүхэдтэй жинлүүрийн ордныхон хүүхдэдээ илүү их цагийг зарцуулж, боловсрол, нийгэмшилд нь анхаарлаа хандуулаарай. Харин ганц бие хүмүүсийн хувьд өөрийнхөө хоббиг хөгжүүлж, шинэ зүйл сурч мэдэхэд таатай үе байх болно. Цаашлаад Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийснээр хүрээлэл, найз нөхдийн холбоонд үүсээд байсан асуудлууд шийдэгдэж, хэтийн зорилго, мөрөөдөл тань биелэх бүрэн боломжтой байна.

Хилэнц

Наймдугаар сарын 4-ний өдөр шинэ сар гарах үеэр хилэнцийн ордныхон шинэ ажлын санал хүлээж авах, тушаал дэвших, бизнесээ өргөжүүлэх бүрэн боломжтой байна. Мөн энэ өдөр Сугар гараг охины орд руу ирж байгаа нь таны амьдралд маш олон эерэг үйл явдлуудыг татаж өгөх ба орлогын үүд хаалга тань нээгдэх болно. Нөгөөтээгүүр хуучин найз нөхөд, танил, болзож байсан хүмүүс эргэн гарч ирэх магадлалтай. Эдгээр хүмүүс санхүүгийн эерэг боломжуудын үүд хаалгыг нээхэд тань туслалцаа үзүүлнэ.

Сарын дунд үеэс өв хөрөнгө, санхүүтэй холбоотой бичиг цаасны асуудал гарч ирж болзошгүй. Иймд ойр дотнын хүмүүстэйгээ сайтар зөвлөлдөж, үрлэг зарлагаа хянаарай. Цаашлаад эрүүл мэндийн асуудлууд анхаарлын төвд орж ирэх хандлагатай байна. Нэн ялангуяа хилэнцийн ордны эмэгтэйчүүд цээж, хөх хэсгээ анхааран үзэж, эрүүл мэндээ тордвол зохистой. 19-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарснаар хууль, улсын байгууллагатай холбоотой бичиг цаасны чухал ажлууд үүснэ. Сарын сүүлээр үр хүүхэдтэй хилэнцийн ордныхон тэднийхээ сургууль соёл, хүмүүжилд санаа тавьж, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Харин ганц бие хүмүүсийн хувьд өөртөө итгэлтэй, зоримог байж чадвал сонирхож буй хүнтэйгээ болзох, үерхэх бүрэн боломжтой байна.

Нум 

Наймдугаар сарын эхээр шинэ ажил эхлүүлэх, олон нийтийг хамарсан хурал, цуглаан зохион байгуулах, томоохон гэрээ хэлэлцээр хийвэл үр дүнтэй байна. Нөгөөтээгүүр үр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй нумын ордныхонд нэн таатай үе байх болно. 4-ний өдөр Сугар гараг шилжих хөдөлгөөн хийснээр хуулийн байгууллагатай холбоотой бичиг, цаасны ажлууд гарч ирэх магадлалтай боловч ухаалаг шийдвэр гаргаж чадвал хялбархан шийдэгдэнэ.

Энэ сарын 9-ний өдрөөс эхэлж харилцаа холбоо дээр тань бага зэрэг саадууд үүсэж, бусадтай зөрчилдөх, жижиг зүйлээс болж үл ойлголцох магадлалтай. Иймд сэтгэл санаагаа тайван байлгаж, аливаа асуудалд няхуур хандаарай. Түүнчлэн зөн совин тань идэвхтэй болж, зүүд нойроороо дамжуулан олон мэдээллийг олж авна. Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр виз, сургууль соёл, аялал гэх мэт гаднын улс оронтой холбоотой зүйлс анхаарлын төвд орно. Сарын сүүлээр санхүүгийн байдал харьцангуй сайжирч эхлэх боловч хэрэггүй зүйл худалдан авах, сэтгэлийн хөөрлөөр хөрөнгө оруулалт хийх, бусдын худал үгэнд итгэхээс болгоомжлоорой.

Матар

Наймдугаар сарын эхээр санхүүгийн асуудлуудаа цэгцлэх боломж тохионо. Энэ үеэр банкнаас зээл авах, өр ширээ төлөх, томоохон хөрөнгө оруулалт хийх зэрэг үйл хэрэгт таатай. Нөгөөтээгүүр бусдын үгэнд итгэж азаа туршсан үйлдэл хийхээс болгоомжлоорой. Учир нь та энэ үеэр хэн нэгний ятгалгад автах, худал хов жив сонсох өндөр магадлалтай байна.

Буд гараг ухрах хөдөлгөөн хийснээр хийж буй ажлаа олон дахин нягталж, шалгах шаардлагатай нүүр тулна. Энэхүү энерги нь наймдугаар сарыг дуустал үргэлжлэх тул ажлын байран дээрээ анхаарал, болгоомжтой байхыг хичээгээрэй. Сарын дунд үеэс өмнө нь болзож байсан хүн эргэн гарч ирэх боловч амьдралд тань тийм ч таатай нөлөөлөл үзүүлэхгүй болохыг анхаарна уу. 19-ний өдөр бүтэн сар хумхын ордод гарах үеэр мөнгийг хэрхэн олж, мөн яаж зарцуулж байна вэ гэдэгтээ дүн шинжилгээ хийвэл зохистой. Сарын сүүлээр таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, юмсыг эергээр харж эхлэх бөгөөд энэ үеэр та маш олон гайхалтай боломжуудыг олж нээх болно.

Хумх

Наймдугаар сард та хүмүүсийг таньж мэдэж, жинхэнэ мөн чанарыг нь ойлгоно. Сугар гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр гэр бүлтэй хумхын ордныхны харилцаанд бага зэрэг саад үүсэж, нэгнээ хардах, жижиг зүйлээс болж үл ойлголцох боломжтой учир шаардлагатай үед буулт хийж сураарай. Харин ганц бие хүмүүсийн хувьд хуучин үерхэж, нөхөрлөж байсан хүмүүс эргэн амьдралд тань гарч ирэх магадлалтай.

Сарын дунд үеэр хэт их стресс мэдэрч, айдаст автаж болзошгүй тул дотоод хүнээ сайн сонсож, өөртэйгөө ярилцахыг хичээгээрэй. Мөн аз туршсан үйлдэл хийх, сэтгэлийн хөөрлөөр аливаа асуудлыг шийдэх гэж бүү яараарай. 19-ний өдөр бүтэн сар таны ордод буюу хумхын ордод гарна. Энэ үеэр эрүүл мэнд, ажил төрөл, харилцаа холбоо дээр тань үүсээд байсан саадууд хялбархан шийдэгдэх болно. Харин бүтэн сар гарсны дараа шинэ ажил, төсөл эхлүүлбэл маш амжилттай бүтэх хандлагатай байна. Сарын сүүлээр нар охины орд руу шилжих үеэр айдаст автах, түгшүүр, стресс мэдрэх боломжтой тул йог, бясалгалаар хичээллэж, хоол хүнсэндээ анхаарвал зохистой.

Загас

Наймдугаар сарын 5-ны өдөр Буд гараг ухрах хөдөлгөөн хийх үеэр гэр бүлтэй хүмүүс нэгэнтэйгээ маш сайн ойлголцож, тэвчээртэй байх хэрэгтэй бол ганц бие загасны ордныхны хуучин үерхэж, болзож байсан хүмүүс эргэн гарч ирэх боломжтой байна. Гэвч аливаа ухрах хөдөлгөөний үеэр эргэн гарч ирсэн хүмүүс таны амьдралд тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй гэдгийг маш сайн анхаараарай. Нөгөөтээгүүр виз, сургууль соёл, холын аялал зэрэг гадагшаа чиглэсэн ажил үйлс тань идэвхтэй болно.

Сарын дунд үеэр банк, өр ширтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Иймд гэр бүл, хувийн амьдралаа түр хойш нь тавьж ажил төрөл, карьер, санхүү дээрээ анхаарлаа хандуулбал зохистой. 19-ний өдөр зөн совин тань идэвхжиж, зүүд нойроороо дамжуулан чухал мэдээллүүдийг олж авна. Нөгөөтээгүүр нойргүйдэх, стресс мэдрэх, хэт эмзэг болох магадлалтай байгааг анхаарна уу. Сарын сүүлээр орон байр, үл хөдлөхтэй холбоотой бичиг цаасны ажлууд гарч ирэх тул мөнгө санхүүгээ зөв тооцоолж, хянамгай хандаарай.


Энэ сарын онцлох өдрүүд:

Наймдугаар сарын 4 - Шинэ сар арслангийн ордод гарна.

Сугар гараг охины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Наймдугаар сарын 5 - Буд гараг охины орд руу ухрах хөдөлгөөн хийнэ.

Наймдугаар сарын 17 - Буд гараг арслангийн орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Наймдугаар сарын 19 - Бүтэн сар хумхын ордод гарна.

Наймдугаар сарын 22 - Нар охины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ.

Buro.Mongolia

2024-08-01, 09:00