Орон орны дизайнерууд энэ өнгийг хэрхэн ашиглаж байна вэ?
2019 оны онцлох өнгөөр нэрлэгдээд буй “Living Coral” буюу “Aмьд шүр” өнгө интерьер дизайнер ба архитекторуудын бүтээлч ажилд хэрхэн тусгалаа олж буйг тоймлон хүргэж байна.
Грекийн Салоники хот, архитектор Стаматис Яннакис
Архитектор Стаматис Яннакис Газар дундын тэнгисийн эрэг дээр орших Waterfront Nikis орон сууцны интерьерийг шинэчлэхдээ шүрэн өнгийг ашиглажээ. Ингэхдээ амралт болон унтлагын өрөөний ханыг тэр чигт нь шүрэн өнгөөр будсан ба энэхүү шийдэл нь өрөөг илүү цэлгэр харагдуулахын зэрэгцээ цонхоор харагдах Газар дундын тэнгисийн гайхалтай үзэмжийг илүү тодотгож байлаа. Түүнчлэн том навчит ногоон ургамал, модон сандал зэргийг байршуулж өгснөөр илүү амар тайван орчныг бүрдүүлсэн байна.
Испанийн Барселон хот, Colombo and Serboli архитектурын компани
Colombo and Serboli компанийн дизайнерууд олон төрлийн ягаан туяаг нэг дор буулгахдаа шүрэн өнгийг ч мөн ашиглажээ. Тэд гал тогооны ханыг шүрэн өнгөөр будсан бөгөөд саарал, цагаан болон усан ягаан өнгөтэй хослуулж өгчээ. Эдгээр өнгөнүүд нь хоорондоо төгс уусах боломжтойг энэхүү шийдлээс харах боломжтой.
Австралийн Сидней хот, Tribe интерьерийн студи
Интерьер засалд шүрэн ягаан өнгийг хэрхэн дангаар нь ашиглах боломжтойг Tribe Studio харууллаа. Тэд энэхүү шийдлийг угаалгын өрөөний засалд ашигласан ба энэ тохиолдолд өрөөний засал аль болох минимал хэв маягтай байх нь тохиромжтойг онцоллоо.
Украины Киев хот, архитектор Лена Брумина болон Артем Тригубчак
Киев хотод байрладаг энэхүү кафе нь шүрэн өнгийг саарал, усан ягаан, гүн хөх болон алтан шаргал өнгөнүүдтэй уусгасан байгаа. Эсрэг тэсрэг хэв шинжтэй материал болон өнгө сонгосон нь тэнцвэрт байдлыг хадгалж чаджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт