Тавилгын Швед дизайнер Густаф Уэстмены бүтээлийг интерьер сонирхдог хүн бүр харсан байх учиртай. Тэрээр долгиотсон хүрээтэй, хөвсгөр дэр мэт пастель өнгийн толь, буйдан, ширээ, сандал, өрөө тусгаарлагч зэрэг тавилгуудаараа алдартай. Густафын бүтээлээр тохижуулсан өрөө яг л хүүхэлдэйн киноноос, эсвэл чихрийн ертөнцөөс амилсан мэт үлгэрийн орчныг мэдрүүлж чаддаг. Мөн декор бүр нь дахин давтагдашгүй, онцлог загвартай байдаг учир интерьер заслыг уйтгартай, нэгэн жигд болохоос сэргийлж характер нэмдэг билээ. Түүний бүтээлээр Tyler, the Creator, Оливиа Родриго гэхчлэн алдартнууд болон Вивид Ву, Мари Жедиг зэрэг загварын инфлюенсерүүд гэрийнхээ дотоод тохижилтыг хийж байна.
Густаф 2020 онд Шведийн стилист Hanna MW-тэй хамтран тааз шүргэм өндөр дугуйрсан хүрээтэй толь гаргаснаар брэндийн нэр олон нийтэд танигдаж эхэлсэн юм. Улмаар дугуйрсан хүрээтэй толь тренд болж TikTok дээр гэрийн нөхцөлд гар аргаар тус загварыг дуурайлган хийхийг заасан бичлэгүүд олширч эхэлсэн билээ. Үүний талаар Густаф “Хүмүүс заавал надаас худалдан авалт хийхгүйгээр миний бүтээлийн нэг хэсэг болж байгаа нь надад үнэхээр таатай байна. Тэд уг стилийг түгээж байна” хэмээжээ.
Уэстмены бага нас Шведийн Долхефуш хотод өнгөрчээ. Тэрээр урлагтай ойр, бүтээлч гэр бүлд өсөөгүй ч багаасаа зураг зурах дуртай, үргэлж хар зургийн дэвтрээ авч яван бүтээлч санаа орж ирсэн үедээ тэр даруйд нь буулгадаг байсан. Улмаар барилгын дизайн гаргах сонирхолдоо хөтлөгдөн Готенбургд архитектурын мэргэжил эзэмшсэн байна. Мэргэжлээсээ салбарлан тавилга урладаг болсон бөгөөд төд удалгүй Шведийн алдартай PR мэргэжилтэн Даниел Редиэтын оффисыг сэргээн тохижуулах анхны томоохон ажлын саналаа авч байжээ.
Тэрээр тавилгаа урлахдаа загварын салбараас ихээхэн урам зориг авдаг бөгөөд ирээдүйд өөрийн дуртай Loewe, Jacquemus, Cecilie Bahnsen брэндтэй хамтран бүтээл гаргахыг хүсдэг талаараа хэлдэг.
“Бүү хослуул! Өнгө будаг, хээ угалзыг өвөрмөц байдлаар хоршуулж контраст үүсгэ. Шинэ тавилгыг хуучинтай хослуул. Өөрийгөө жаргалтай болгох бүх зүйлсийг хийгээрэй”.
Уэстмены тавилгыг харсан хүмүүс түүнд “Идчихмээр санагдаж байна” гэж түгээмэл хэлдэг бөгөөд “Энэ бол миний сонсох дуртай хамгийн таатай магтаал” гэж дизайнер үздэг. Тэгвэл хүрэх, харах таашаалаас гадна амтлах мэдрэмжийг өдөөж чаддаг түүний тавилгуудтай танилцъя.
Дарсны ширээ
Энэ бол дөрвөн хөл, нэг тавцангаас бүрдэх энгийн ширээ биш, харин С хэлбэрийн мушгиа багануудыг бөөрөөр нь нийлүүлэн дарсанд зориулж тусгайлан бүтээсэн декор юм. Тус ширээг худалдан авах хүсэлтэй интерьер сонирхогчдын тоо нэмэгдсээр байгаа бөгөөд одоогоор брэндийн хүлээлгийн жагсаалтад 2,000 гаруй хүн бүртгүүлсэн байгаа гэнэ.
Цайны аяга
“Chunky Cup” гэх тус аяга нь амралтын өдрөөрөө өглөө сэрчхээд орноосоо босолгүй өглөөний цайгаа уух дуртай хүмүүст, аль эсвэл ханиад хүрчихсэн хэвтэж байхдаа халуун цайгаа орон дотроо уухаас өөр гарцгүй болсон нэгэнд практикал талаараа таалагдах нь гарцаагүй. Учир нь Уэстмен тус аягыг орон дээр тавьсан ч доторх шингэн зүйл нь хальж асгарахааргүй гүн ховил бүхий тавгийн суурьтайгаар зохиожээ.
Ном, сэтгүүлийн тавиур
Томруулсан пүрш шиг харагдах энэхүү декор нь ном, сэтгүүл тавих зориулалттай. Минимал, модерн загвартайн сацуу тод өнгөний сонголтууд нь ретро мэдрэмж төрүүлнэ.
Буйдан
Уэстмены бүтээсэн хөвсгөр чихэр мэт буйдан нь худалдаанд гарсан цагаасаа маш хурдан хугацааны дотор зарагдаж дууссан тул авахыг хүссэн хүмүүст хүлээлгийн жагсаалтад нэрээ оруулах л арга үлджээ.
Гэрлийн бүрхүүл
Интерьер тохижилт хийхэд гэрэлтүүлэг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөө л нэг болор гэрлийн бүрхүүлээс залхсан хүмүүст энэхүү декор ухаалаг сонголт болж гэрт тань өнгө нэмэх нь гарцаагүй.
Түүний урладаг бусад тавилгууд
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт