Дэлхийн хамгийн анхны 3D хэвлэлттэй сүм Дубайд баригдана

3D кино, зураг, принтер, хувцас, цаг, тоглоом гэх мэт зүйлс бидний амьдралын нэг хэсэг болоод удаж буй. Тэгвэл 3D хэвлэлттэй барилга гэж сонсож байсан уу? Энэ оны сүүлээр Дубайд дэлхийн хамгийн анхны 3D хэвлэлттэй сүмийн барилгын ажил эхлэх болсныг Арабын Нэгдсэн Эмират улсын Исламын шашны төвөөс албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү барилга нь 600 мөргөлчдийг байршуулах 2,000 м.кв хоёр давхар сүм байх бөгөөд 2025 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ийм барилгыг барихад 3D дизайны мэдээллээр програмчлагдсан аварга том хэвлэх машин гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд 2030 он гэхэд Арабын Нэгдсэн Эмират улсын нийт барилгын 25 хувь нь энэ технологиор баригдсанаар Дубай нь дэлхийн 3D хэвлэлттэй барилгын төв цэг болох ажээ. Ингээд хүн төрөлхтний хөгжлийн хурдыг нэг шат ахиулж буй энэ гайхалтай технологийн тухай сонирхоцгооё.  


3D хэвлэлттэй барилга гэж юу вэ?

Энэ бол гаднаасаа 3D харагддаг, их бие нь эгэл жирийн, стандарт барилгатай ижил төрлийнх биш юм. Гурван хэмжээст хэвлэлттэй барилга гэдэг нь 3D хэвлэлтийн технологийг цементтэй хамт ашиглаж барьсан байр орон сууцаас эхлээд тансаг зэрэглэлийн барилга, гүүр хүртэлх байгууламжийг хэлдэг. Ийм барилга нь аварга том хэвлэгч машины тусламжтай давхар давхаргаар үечилж баригддаг, хэлбэр дүрс, хэмжээний хувьд ямар нэг формгүй ба цементээс гадна шавар, элс зэрэг өөр материалуудыг ч ашиглаж болдог ажээ.

Ямар давуу талтай вэ?

Технологийн ертөнцөд олон гайхалтай нээлтүүд бий болохын хэрээр бид амьдралаа илүү хөнгөвчилж, мөнгө санхүү болон цаг заваа хэмнээд зогсохгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй олон асуудлуудыг шийдсээр байна. Тэгвэл 3D хэвлэлттэй барилга нь хүний нөөцөөр дутмаг барилгын салбарын асуудлыг технологиор шийдэхийн зэрэгцээ ажлын байран дээрх осол гэмтлийг бууруулж, хүний хараа хяналтыг багасгах ач холбогдолтой. Мөн хүнээс шалтгаалсан инженерчлэлийн болон механик алдааг бууруулдаг учраас барилгын чанар стандартад эергээр нөлөөлж, гаднах өнгө үзэмжийг ч дахин давтагдашгүй өвөрмөц болгодог. Түүнчлэн цаг хугацаа болон зардал мөнгөний хувьд маш бага зарцуулалттай байдаг. Тухайлбал, 2021 онд АНУ-д баригдсан 1,407 м.кв, гурван унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө болон хоёр машины дулаан зогсоолтой 3D хэвлэлттэй байшин 299,000 доллароор худалдаалагджээ. Хамгийн гайхалтай нь 600-800 м.кв хүртэлх хэмжээтэй ийм байшин хамгийн хямддаа 4,000 долларын өртөгтэй байх ба 24 цагийн дотор барьж дуусгах боломжтой ажээ.

3D хэвлэлттэй барилгын бичлэгийг эндээс сонирхоно уу.

Buro.Mongolia

2023-05-30, 17:53