Дотроос нь харцгаая: Кендалл Женнерийн Лос-Анжелес дахь байшин

Завсрын өнгө, органик бүтэц, дулаан уур амьсгал

Загвар өмсөгч Кендалл Женнер Лос-Анжелес дахь гэрээ Architectural Digest сэтгүүлд үзүүлжээ. Модель бүсгүй тус сэтгүүлийн есдүгээр сарын нүүрийг чимж, интерьер дизайн сонирхдог болохоо хуваалцсан байна.

Кендалл гэрээ Газар дундад тэнгисийн стилиэр тохижуулсан бөгөөд интерьер дизайныг өөрөө бие дааж боловсруулсан гэжээ. Харин мэргэжлийн дизайнерын баг түүний санааг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд тусалжээ. "Надад тухайн байшин өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай байх нь таалагддаг" гэж Кендалл хуваалцсан юм.

Төслийн декоратор Кейтлин болон Том Клеменс нарын хэлснээр Кендаллын стиль Кардашьян-Женнер гэр бүлийн бусад гишүүдийн хэв маягаас эрс ялгардаг гэжээ. "Түүний стиль маш прагматик, амьдралд ойр" хэмээн тэд тодорхойлсон юм.

Кендалл Женнер орчин үеийн урлагийн шүтэн бишрэгч гэдэг нь түүний гэрээс маш тод харагдах болно. Жишээ нь зочны өрөөнд уран бүтээлч Жеймс Тарреллын гэрлэн инсталляц өлгөөтэй байх бол унтлагын өрөөний ханыг Трейси Эминий неон уран баримал чимэглэнэ. Түүнчлэн энд Ричард Принс, Стерлинг Руби, Барбара Крюгер, Реймонд Петтибон нарын бүтээлүүд ч бий.

Ерөнхийдөө загвар өмсөгч бүсгүй гэрийнхээ интерьерт завсрын өнгө, органик материал түлхүү ашиглаж, энгийн, халуун дулаан, тав тухтай уур амьсгал бүрдүүлжээ.

Трейси Эминий неон уран баримал
Жеймс Тарреллын гэрлэн инсталляц

Buro.Mongolia

2020-08-03, 10:44

  • Зураг: Architectural Digest