Энэ улирлын 7 гол өнгийг илтгэх гоёмсог декорууд
Намар-өвөл 2023 улиралд зонхилж буй гол өнгөнүүдийг ашиглан хэрхэн гэрээ тохижуулах вэ? Бид таны орон зайг чимэх сонирхолтой декор болон тавилгуудыг цуглууллаа.
ЦАГААН
Дотоод засалдаа цагаан өнгө оруулснаар тайван, цэмцгэр орчин бүрдүүлэх боломжтой билээ. Цагаан өнгө нь зөвхөн минимал засалтай, эсвэл энгийн хэв маягийг онцолдог жапанди интерьерт төдийгүй футуризм, эклектик, мөн сүрлэг хийцтэй тавилгууд давамгайлдаг дорно дахины хэв маягт хүртэл сайхан зохицдог. Тиймээс өөрт таалагдсан хэлбэр дүрстэй цагаан өнгийн декор болон тавилгуудаас зоригтой сонголтоо хийгээрэй.
ГҮН ЦЭНХЭР
Шөнийн тэнгэр мэт гүн цэнхэр өнгө гэрийг тань өнгөлөг, үзэмжтэй харагдуулахын сацуу сэтгэл санааны байдлыг мэдэгдэхүйц дээшлүүлнэ. Гүн цэнхэр өнгийг усан ягаан, цагаан, улаан, шаргал бор өнгөнүүдтэй хослуулбал тохиромжтой байдаг.
ЯГААН
Хэрэв цулгуй декорын оронд олон өнгө хосолсон зүйлс сонирхдог бол бидний анхаарлыг татсан ханын цаас, лаа болон дарс онгойлгогчийг сонгоорой. Мөн хаан сэнтий мэт харагдах өвөрмөц хэлбэр бүхий сандал, ширээний гэрэл, хамба хилэн хайрцаг хэний ч анхаарлыг булаана гэдэгт итгэлтэй байна.
БОР
Бор өнгийг уйтгартай гэж бодсоор л байна уу? Хэрэв тийм бол энэ бодлоо өөрчлөх цаг иржээ. Бор өнгө нь гэрт, оффист байгалийн уур амьсгал оруулж, тав тухтай, энгийн байдал бэлэглэнэ.
УЛААН
Загвар зохион бүтээгчид энэ улиралд зориулан сүр жавхлантай, тансаг гэх тодотголтой улаан өнгийг зоригтой ашигласан бол дизайны ертөнцөд мөн улаан өнгийн декорууд эрэлт ихтэй байна.
ГҮН НОГООН
Сэтгэл судлаачдын үзэж буйгаар ногоон өнгө нь хүний сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлдэг гэнэ. Интерьерт ногоон өнгө давамгайлах нь бие махбодыг тайвшруулдаг хэмээн тэд онцолсон байна. Жишээ нь, ногоон өнгө хүний цусны даралтыг бууруулж, сөрөг сэтгэл хөдлөлийг аажим аажмаар арилгаж, нойргүйдлийн эсрэг тэмцэж, толгойн өвчнийг намдааж, тайван амгалан болгох зэрэг олон тооны ач тустай юм.
НИЛ ЯГААН
Өнгөрөгч 2022 онд загвар болоод дизайны салбарт зонхилсон Very Peri нил ягаан өнгийг энэ жил ч мөн гэрийн дотоод засалдаа ашиглахад тохиромжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт