Гал тогооны интерьерийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагууд
Гэрийн зүрхэн хэсэг болсон гал тогооны өрөөг маш олон янзаар тохижуулах боломжтой гэдгийг 2023 оны интерьерийн чиг хандлагаас харах боломжтой. Ирэх жил бид чулуун тавцандаа үнэнч үлдэхийн сацуу дулаан мэдрэмж өгсөн винтэж хэв маягийг туршиж үзэх болно. Мөн бүхэлдээ цагаан өнгийн “амьгүй” дизайныг халж, илүү их өнгө, олон төрлийн материал хосолсон сонирхолтой цогц тохижилт бий болгохыг салбарынхан уриалж байна.
Lindye Galloway дизайн студийн үүсгэн байгуулагч Линдай Галлоуэйн “Цөөн хэдэн хүн л тэгж боддог байх л даа, гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам цав цагаан өнгийн гал тогоо улам л эрэлтээс гарсаар байна” хэмээн хэлсэн бөгөөд бид ч үүнтэй санал нийлж байна. Энэ нь мэдээж гэгээлэг өнгө моданаас гарсан, хуучинсаг гэсэн үг огтоос биш юм. Харин ердөө ганцхан өнгөний оронд хэд хэдэн туяанууд оролцуулан контраст үүсгэж тав тухтай орчин бий болгоход уг чиг хандлагын утга учир оршиж байна.
Уламжлалт хэв маягаас уйдсан бол хүрэн, ногоон гэхчлэн тод өнгийн шүүгээнээс эхлэн гал тогоогоо тохижуулахыг зөвлөе. Та ийм дизайнтай өрөөг хараад "Энэ өнгө ингэж сайхан харагдана гэж санасангүй" хэмээн өөртөө нээлт хийх болно.
Шүүгээгээ тод өнгөөр шийдсэн тохиолдолд бусад тавилгынхаа үзэмжийг аль болох бүдэг, саармаг өнгөөр сонгож гал тогооны өрөөгөө өнгөний хувьд тэнцвэртэй харагдуулаарай.
Оригами хайчилбар мэт арт деко, модерн хийц бүхий бруталист, тэгш бус хэмтэй баухаус хэв маягтай гэрлийн бүрхүүлүүд гал тогооны хамгийн чухал деталиудын нэгээр тодорчээ. Интерьер дизайнерууд тэдгээр гэрлийн бүрхүүл нь хэмжээний хувьд том байх тусмаа гоёмсог байдгийг онцоллоо.
Трендийн хурдыг бид гүйцэх боломжгүй ч хөл нийлүүлэн урагшлахад туслах ухаалаг алхмуудыг хийх боломжтой. Тухайлбал, гал тогооны шүүгээний бариул, зарим тавилгыг алтлаг өнгөөр шийдэх нь жижиг алхмаар том өөрчлөлт гаргах нэгэн жишээ юм.
Ханын хавтан, эсвэл чулуун тавцан товгор гадаргуутай, төгс биш зүсэлттэй байх нь тийм ч муу зүйл биш юм. Харин ч энэ нь 2023 онд давамгайлах трендүүдийн эгнээнд багтсаны сацуу интерьер дизайнерууд зарим тохиолдолд өө сэвтэй ч гэсэн өөрийн гараар гал тогооныхоо жижиг ч болов хэсгийг тохижуулах нь зөв сонголт болдгийг хэлж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт