Интерьер шинэчлэлт: Улбар шар өнгө Монгол хүнд баяр баясгалан бэлэглэдэг

Хоёр дах дизайнер Ц.Энхжин

Энэ 2017 онд гэрээ шинэчилж, интерьер дизайнаа өөрчлөх, эсвэл шинэ байранд орохоор төлөвлөж байгаа уншигчиддаа зориулж Бюро 24/7 цуврал нийтлэлүүд бэлтгэлээ. Энэ удаад дизайнер Ц.Энхжингийн зөвлөгөөг хүргэе

Та гэртээ хэрхэн гэгээлэг, баясгалантай уур амьсгал оруулах вэ гэж бодож байвал дизайнер Ц.Энхжингийн зөвлөсөн энэхүү мэдээллийг анхааралтай уншаарай. Тэрээр Кембриджийн Урлагийн их сургуулийг интерьер болон бүтээгдэхүүний дизайнер мэргэжлээр нэгдүгээр зэрэгтэй дүүргэсэн чадварлаг залуу уран бүтээлч юм. Ц.Энхжин хэсэг хугацаанд интерьер дизайны Skinny компанид ажилласныхаа дараа Флоренцийн Дизайны Их Сургуульд өнгөрсөн 2016 онд магистраа хамгаалсан байгаа. Одоо тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Eden design компанидаа ажиллахын сацуу италийн интерьер дизайнерууд, Лондонгийн архитекторуудтай хамтран ажилладаг. 


Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/design/interior-renovation-2017-trend-designers-biligt.html

Хүмүүс интерьер дизайны талаар нэн түрүүнд мэдэж байх хэрэгтэй ямар зүйлс байдаг вэ?



Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/design/interior-renovation-2017-trend-designers-biligt.html

Миний харж байгаагаар интерьер дизайн тэр чигтээ хүний амьдралын хэв маягийг тодорхойлно. Бид 24 цагийн ихэнхийг өнгөрөөдөг гэр болон ажлын өрөөний тохижилт нь хүний далд ухамсарт нөлөөлж байдаг. Тийм учраас ямар орчинд амьдрах вэ гэдэг нь маш чухал бөгөөд хүмүүс өөрт нь баяр баясгалан төрүүлэхүйц орчин бий болгох хэрэгтэй. Үүнийг шийдэх интерьер дизайнаа гаргахдаа бүх зүйлийг нэг цогц болгож харвал сайн. Монголчууд маань зарим хэсгийг анхаарахгүй орхих гээд байдаг. Гэтэл зочны өрөөнд ваар тавих уу, цэцэг байх уу гээд бүх зүйлсийг жижиг гэлтгүй анхаарч үзээрэй. Учир нь бид өдөр бүр түүнийг харах болно. 
Skinny studio-д багаараа хийсэн ажлаас

Өөрчлөлт хийж эхлэхийн өмнө анхаарах гол зүйл юу вэ?

Хүн өөрөө юу хүсч байгаагаа тодорхой мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь 150 м2 талбайтай байраа тохижуулах боллоо гэхэд бүхлээр нь шинэчлэх үү, хэсэгчлэн өөрчлөх үү гэдгээ шийдсэн байвал сайн. Өөрт нь ямар өнгө, стиль таалагддаг вэ гэдгээ тодорхойлсон байвал дараа нь дизайнерт захиалгаа ойлгуулахад дөхөм байдаг. Бид мөн үүнийг тодруулахын тулд зөв асуултуудыг тавьж, тухайн хүн юу хүсч байгааг сайтар мэдэхийг эрмэлздэг. Яг үүн дээр монголчууд бид сайн ойлголцож чадахгүй байх нь элбэг.

Интерьер дизайны талаар сайн мэдээлэлгүй хүн байлаа гэхэд яавал дизайнертай сайн ойлголцдог вэ?

Ер нь бол хамтын ажиллагаан дээр бүх зүйл тогтоно. Зарим хүмүүс эхлээд гоё л байвал юу ч хамаагүй болно гэж боддог. Үүнийг нь дизайнер өөрийнхөөрөө ойлгоод ийм зүйл таалагдаж магадгүй гээд концепци гаргаад үзүүлэхээр нөгөө хүнд арай өөр зүйл гоё юм шиг бодогдож, санаагаа өөрчлөх тохиолдол бий. Тиймээс дизайнерууд хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулж, гэр бүлийн гишүүд, тэдний ажил мэргэжил, гэртээ хамгийн их хийдэг зүйлсийг нь ойлгож авна. Хэрэв илүү гүн мэдээлэл олж авбал илүү удаан хугацаанд өөрчлөхөөргүй дизайн гаргаж болно. Хоол хийх дуртай хүмүүст гал тогооны хэсэг уужим, орон зай ихтэй байхад ном унших дуртай хүмүүст тухтай орчин хэрэгтэй. 

Энэ 2017 онд интерьер дизайны салбарт ямар чиг хандлага орж ирж байна вэ?



Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/design/interior-renovation-2017-trend-designers-biligt.html

Ерөнхий: Классик болон контемпорари стилийг нэгтгэсэн байдал тренд болж байгаа. Классик загвартай хэрнээ пластик материалаар хийсэн тавилгууд, сонгодог шийдэлтэй хананы өмнө тавьсан контемпорари тавилга хослуулах зэрэг янз бүрийн элемэнт ажиглагдаж байна. Дизайнеруудын санал болгож буй олон чиг хандлагаас гол зонхилж буй зүйлс нь гэвэл энгийн, цулгүй өнгийг янз бүрийн хээтэй хольж, саруулхан бөгөөд шинэлэг уур амьсгал бүрдүүлсэн загвар ажиглагдаж байна. Энэ жилийн хувьд хивс нэлээн өвөрмөц шийдэл болж байгаа. Тэгэхдээ жирийн нэг хивс биш харин өөрөө яг л урлагийн бүтээл шиг харагддаг хивс сонгох хэрэгтэй.

Аксесуар: Египетээс гаралтай, Европт их дэлгэрсэн терракато энэ жил тренд болж байна. Өмнө нь терракатогоор төрөл бүрийн ваар сав, баримал хийдэг байсан бол орчин үед үүнийг гэрлийн бүрхүүл ч юм уу янз бүрийн чимэглэлийн зориулалттай зүйлсэд ашиглаж, илүү дулаан өнгөтэй урлаж байна. 

Тавилга: Илүү гар урлал орсон, өөрөө бие даасан урлагийн бүтээл мэт загвартай тавилгыг дизайнерууд санал болгож байгаа. Хүмүүс урд нь загварлаг хэрнээ хямд үнэтэй хувцас түлхүү сонгодог байсан бол одоо өндөр үнэтэй, чанартай зүйл авахыг эрмэлздэг болсон нь тавилгын чиг хандлагад ч бас нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь минимал хэв маяг хүчтэй байсан бол одоо эргээд арай илүү хөрөнгө зараад өнө удаан хэрэглэх урлагийн бүтээл мэт зүйлс сонгохыг хүсдэг болсон. 

Өнгө: Нимбэгний ногооноос маргадын ногоон хүртэлх ногоон өнгөний олон уусгалт хүчээ авсан байгаа. Ногоон өнгө хүний сэтгэл санааг тайвруулж, эерэгээр нөлөөлдөг. Мөн цулгуй байдлаар биш төрөл бүрийн холимог хээтэй ашиглагдаж байна. 

Өнгө сонголтыг интерьер дизайн болон тавилгадаа оруулж өгөхдөө хүмүүс юу анхаарах хэрэгтэй вэ?



Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/design/interior-renovation-2017-trend-designers-biligt.html

Англичуудын хувьд илүү саарал, бараан өнгө сонгодог бол италид гэгээлэг өнгө эрхэмлэдэг. Харин Монголчууд бид эрт дээр үеэсээ улбар өнгийг хэрэглэж байсан шүү дээ.  Олон мянган жил хэрэглэсэн монгол гэрийн үндсэн өнгөнд улбар өнгө зонхилж, төрөл бүрийн хээтэй хослож тавилгуудыг чимдэг байсан. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хүмүүсийн сэтгэлгээний онцлогтой төгс тохирдог. Яагаад гэвэл монголчууд маш өөдрөг сэтгэлгээтэй хүмүүс. Харин улбар өнгө хүний сэтгэл санаанд маш өөдрөгөөр нөлөөлж, баяр баясгалантай байлгадаг. Хэрвээ өнөөдрийн хотожсон, завгүй амьдрал танд стресс төрүүлж байвал гэртээ бага зэрэг улбар туяа оруулж өгснөөр таны гэрт өмнөхөөсөө илүү баяр хөөртэй уур амьсгал бий болж, сэтгэл санаа тань илүү гэгээлгээр амьдралыг харах болно. Улбар өнгө мөн хүний таашаах мэдрэмжийг нэмдэг учраас хоолны ширээ, аксесуаранд ийм өнгө оруулж өгвөл гэр бүлийн хүмүүс болон ирсэн зочид тань зоогоо илүү урамтайгаар амтархан идэх болно. 

Skinny studio-д багаараа хийсэн ажлаас

Орчин үеийн трендийг өөрийн үл хөдлөх хөрөнгөдөө шингээх боломж хэр байдаг вэ?



Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/design/interior-renovation-2017-trend-designers-biligt.html

Миний дээр дурдсан бүх л чиг хандлагыг монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Хүмүүс европоос тавилга захиалахаас гадна урд хөршөөс дэлхийн бүх л алдартай брэндийн загваруудыг олж авч чаддаг шүү дээ. Мөн гэртээ орчин үеийн шинэлэг уур амьсгал бүрдүүлье гэвэл тренд болсон зүйлсийг хэсэгчилж оруулж болох юм. Тэгэхдээ нэг зүйлийг онцлон хэлэх хэрэгтэй байх. Тренд гэдэг бол гэр орноо тохижуулахад заавал ч үгүй дагах, баримтлах хэрэгтэй зүйл биш юм. Цаг үеэ дагаж, хөл нийлүүлж алхах хэрэгтэй байдаг дэлгүүр, кафе, зочид буудал зэрэг газруудад тренд хамгийн түрүүнд нэвтэрдэг. Харин гэр гэдэг бол өөр зүйл. Монголчууд гэхэд өөрийн гэрээ гал голомт гэж үзэж, маш ариун дагшин байлгахыг эрхэмлэдэг. Тийм ч учраас гэрт мөрдөх олон ёс, дүрэм гарсан шүү дээ. Жишээ нь бид гэрт хэрэгцээгүй эд зүйлс байлгах сонирхолгүй байсан бөгөөд тэдгээр нь гэр дэх эерэг энергийг хааж, түгждэг гэж үздэг. Тийм болохоор аль болох хэрэгцээгүй аксесуар цуглуулахгүй байх хэрэгтэй. 

Ж.Чинбат

2017-01-20, 09:00