Жапанди - 2020 оны стрессийг тайлах төгс интерьер
Энэхүү галзуу гэмээр тогтворгүй жил төгсгөлдөө ирж байна. Интерьер дизайны салбарт дүгнэлт хийхэд, хүмүүс илүү тайван орчныг хүсэмжилж байгаатай холбогдуулан япон болон скандинав гоо зүйн нэгдэл болсон жапанди стиль хамгийн том тренд болж, маш өргөн хүрээнд дэлгэрч байна.
Japandi = Japan + Scandi, ийм л энгийн учиртай. Дэлхийн хоёр өөр өнцөгт орших хоёр улс, хоёр өөр соёл уламжлал, хоёр өөр гоо зүй. Өнгөцхөн харахад энэ хоёр улсад ижил төстэй зүйл тун цөөн мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ дизайн, тэр дундаа интерьерийн салбарт энэ хоёр орон нь хоорондоо төгс зохицож, уусан нэгдэж чаддаг юм. Тодруулбал функционал байдлыг чухалчилж, илүү дутуу зүйлгүй энгийн хэв маягийг онцолдог скандинав стиль нь байгаль болон хүний холбоог төгс гаргаж, амарлингуй байдлыг голчилдог япон стильтэй нэгдэх үед хүн бүрийн хүсэмжилдэг тэрхүү тайван, үзэсгэлэнтэй, “амьтай” орчин бүрддэг билээ. Ялангуяа сөрөг мэдээгээр дүүрэн энэхүү 2020 онд жапанди стиль нь төгс сонголт болж, олон хүний хувьд оны турш хуримтлагдсан стрессийг тайлах нэгэн шийдэл болоод байна.
Эрт дээр үед буюу 17-р зууны дунд үеэс эхлэн 19-р зууны дунд үе хүртэлх хугацаанд Япон улс өөрийгөө дэлхийн бусад улс орнуудаас тусгаарлаж байх үед европчууд япончуудтай холбоо тогтоон, соёл уламжлалаас нь суралцаж эхэлсэн байдаг. Тэр дундаа даничууд Япон улсын гоо зүйгээс маш их урам зориг авдаг байсан нь скандинав стилийн түүхийг судлах үед илт харагддаг. Хожим нь япончууд ч мөн хюгге болон лагом урсгалуудад автаж, үр дүнд нь жапанди стиль үүссэн байдаг.
Товчхондоо бол минимализм болон функционал байдлаас бүрддэг. Жапанди стильд beige, сүүн саарал, пастель ягаан зэрэг байгалийн цайвар өнгөнүүд давамгайлдаг. Аливаа зурааснууд нь зөөлөн, гөлгөр, энгийн бөгөөд цэвэр байх учиртай бөгөөд аливаа гадаргуунууд нь байгалийн ширхэглэг бүтэцтэй байдаг. Материалуудын хувьд аль болох эко, урт настай байвал зохистой. Жишээ нь цайвар өнгийн мод, хулс мод, таар, ноос байж болно. Мөн нэгэн чухал зүйлийг онцлоход, интерьертээ ашиглах материал, эд зүйлсээ авахдаа аль болох дотоодын үйлдвэрлэгчид, урлаачдыг дэмжиж, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хор хөнөөл учруулдаггүй байгууллагуудыг сонгох хэрэгтэй.
Үүнээс гадна жапанди стиль нь япон гоо зүй дээр үндэслэдэг тул буйдан, сандал, ор, ширээ зэрэг эд хогшлууд газарт тэмүүлэн ихэвчлэн хөлгүй, эсвэл богино хөлтэй, их бие нь намхан байдаг.
Хаалганы хувьд япончуудаас үлгэр дууриалал аван гүйдэг хаалга сонгох хэрэгтэй. Япончууд ихэвчлэн хагас гэрэлтэх будааны цаасаар хийсэн хаалгыг сонгодог хэдий ч ийм төрлийн хаалгыг олоход бэрх байж болзошгүйгээс гадна хүүхэдтэй, эсвэл тэжээвэр амьтантай айлд тохиромжгүй тул энгийн матт бүтэцтэй шилэн хаалга байхад л болно. Бүхэлдээ модон хийцтэй гүйдэг хаалганууд орон зайг багасгаж харагдуулан, давчуу мэдрэмж төрүүлдэг тул илүү агаартай, гэгээлэг орчныг бүрдүүлэхийн тулд шилэн хаалга сонгоорой.
Жапанди интерьерт байгалийн гэрэл, нарны тусгал давамгайлах учиртай тул хурц гэрэлтэй чийдэнгүүдээ илүү зөөлөн гэрлүүдээр орлуулах хэрэгтэй. Харин хэрвээ гэрт байгаа чийдэнгийнхээ гэрлийг бүдгэрүүлэхийг хүсвэл матт гадаргуутай шил, бат бөх атлаа нимгэн цаас зэргийн тусламжтай бага зэрэг “тайвшруулж” болно.
Гэрээ тохижуулахдаа янз бүрийн баримлууд болон утга агуулга багатай шаардлагагүй чимэглэлүүд сонгохын оронд мод, ургамлаар гэрээ баяжуулаарай. Тэр дундаа бонсай мэт олон мөчиртэй моднууд илүү гоёмсог харагдах ба цэцгийн ваарнууддаа ч мөн төрөл бүрийн мөчрүүд, улаан буудайн өвснөөс хийж тавьж болох юм. Түүнчлэн хюгге болон лагом урсгалуудын адил жапандид ч бас шавран эдлэлүүд, зөөлөн дэрнүүд, дулаан нөмрөгүүд, кофены ширээн дээрх сонирхолтой номнууд, зузаан зургийн цомгууд чухал үүрэгтэй тул эдгээрт анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Ерөнхийдөө илүү бүхнээсээ салж, орчин тойрноо аль болох зайтай, агаар ихтэй байлгахыг зориорой. Жишээ нь тод өнгөтэй уран зургууд болон постеруудын оронд дээр дурдсан тайван, цайвар өнгөнүүд давамгайлсан абстракт уран зураг ханандаа өлгөвөл гэрийн өнгөнүүд бүгд хоорондоо уусаж, бүхэлдээ маш цэлгэр орчин бий болно. Жапандид ямар нэгэн байдлаар сэтгэл түгшээх хурц өнцөгтэй дүрс, зураг, хээг ашигладаггүй тул аль болох цулгуй, эсвэл тайван зурагтай гадаргууг сонгох нь зүйтэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт