Орчин үеийн Монгол интерьер: Хөх хот дахь Өвөр Монгол уран бүтээлчдийн гэрийг харцгаая

Na-Deco дизайн студийн шинэ төсөл

Нанжин хотоос гаралтай Na-Deco дизайн студи саяхан Хөх хотод байрлах нэгэн орон сууцыг тохижуулсан нь бидний анхаарлыг татлаа. Нийт 132 м2 талбайтай энэхүү орон сууцад хоёр Өвөр Монгол уран бүтээлч амьдардаг аж. Тэд анхнаасаа л байраа шинэчлэх талаар маш тодорхой зааварчилгааг дизайн студийн хамт олонд өгсөн бөгөөд энэ нь Na-Deco дизайны хувьд тийм ч амар даалгавар биш байв. Бүр тодруулбал тэд байрны ерөнхий концепци, төлөвлөлтийг өөрчлөхгүй байхыг онцолж мөн хамгийн чухал нь Монголын өв соёлыг интерьер дизайнд шингээж өгөхийг дизайн студийн хамт олноос хүсчээ.

Тэдний энэхүү хүсэлтийг Na-Deco студийн үүсгэн байгуулагчид болох Жан Юфан ба Ха Да нар хүлээн авч, орчин үеийн дизайны шийдлийг Монголын эртний ёс заншил, уламжлалтай хослуулсан өвөрмөц орон зайг бүтээсэн байна. Тухайлбал алтлаг өнгийн нумарсан хавтан бүхий гурван хана нь Америкийн минималист уран барималч Ричард Серрагийн бүтээлээс санаа авч, түүнд хүндэтгэл үзүүлсэн шийдэл болсон юм. Үүний зэрэгцээ дизайн студийн хамт олон тус байрыг Монгол урлагийн бүтээлүүдээр дүүргэжээ. Жишээ нь энд эртний домбо, шаазан эдлэл, уран зураг зэрэг эд зүйлс гэрийн эздийн өөрсдийн бүтээсэн уран барималтай зэрэгцэн оршино.

Сонирхуулахад эртний эд зүйлс орчин үеийн урлагийн бүтээлүүдтэй ийнхүү хослон оршиж байгаа нь Монголын өнгөрсөн ба ирээдүй цагийг бэлгэдэж байгаа гэдгийг дизайн студийн хамт олон онцолжээ.

Buro.Mongolia

2018-05-31, 16:00

  • Зураг: