Fursys брэндийн нээлтийн арга хэмжээ: БНСУ-ын №1 оффисын тавилга Монголд

БНСУ-ын оффисын тавилгын 70 орчим хувийг нийлүүлдэг улсынхаа тэргүүлэгч Fursys брэнд Монголд албан ёсоор орж ирлээ. Fursys нь 1983 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дан ганц Солонгостоо төдийгүй олон улсын стандартыг хангасан дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд юм. Тэд бүтээгдэхүүнийхээ чанараар шигшигдэн цойлсоор дэлхий даяар 70 улсад өөрсдийн дилерээ байгуулаад байна. Fursys-ын хэрэглэгчдийн эгнээнд Samsung, LG, Hyundai, IBM, SK, Cisco, Softbank гэхчлэн томоохон компаниуд багтдаг билээ. Ийнхүү Fursys брэндийг 1997 оноос үйл ажиллагаагаа эрхэлж буй ууган компаниудын нэг АНУН албан ёсоор монголын хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.

АНУН ХХК гүйцэтгэх захирал Б.Билгүүн

Нээлтийн үйл ажиллагаа АНУН төв дээр зохион байгуулагдсан билээ. Төвийн хаалгаар орон арга хэмжээ болж буй хоёр давхар луу өгсөн гарахад зочдыг оргилуун дарсаар угтан авч байв. Тэнд байршуулсан шоурумын тавилга дундуур сүлжилдэн цааш алхан үндсэн арга хэмжээ болж буй танхимын урд тулан ирлээ. Улаан гэрлээр үдшийн уур амьсгал оруулсан энэхүү өрөөнөөс “Trend of Furniture” хэмээх үүдний ханыг тэр чигт нь дүүргэсэн томоо гарчиг нүдэнд тусна. Учир нь дэлхийн брэндээр дамжуулан орчин үеийн оффисын тавилгын чиг хандлагыг зочдод таниулахын тулд арга хэмжээг ийнхүү нэрлэжээ. Энэхүү санаагаа тэд үгээр чихэнд хүргээд зогсохгүй өрөөний хэсэг бүрд Fursys-ын төрөл бүрийн тавилгыг тараан байршуулж зочдод бүтээгдэхүүнийг харж, хүрч, өөрийн биеэр турших боломж олгосон байлаа. Дээрээс нь тавилгын талаар бүрэн ойлголт авахыг хүссэн хүн бүрд АНУН-ы мэргэжилтнүүд уриалгахнаар мэдээлэл, зөвлөгөө хүргэж байсан юм.

Төд удалгүй арга хэмжээ албан ёсоор эхэлж Ub Drums-ынхан түргэн хэмнэлт бөмбөрийн үзүүлбэрээрээ өрөөний жаврыг үргээлээ. Улмаар тайзнаа хөтлөгч гарч ирэн зочдод Fursys-ын талаар сонордуулсан билээ. Ингэхдээ брэндийн эргономик байдлыг удаа дараа онцолж байв. Тодруулбал, Fursys-ын тавилга хүний хэрэгцээг урьтан зохион бүтээгдсэн тул оффисын талбайн өнцөг булан бүрд ухаалгаар нийцдэг байна. Иймд та тус брэндээс зөөврийн компьютероо цэнэглэнгээ ажлаа хийх боломжтой өөр дээрээ розетка суурилуулсан сандал, аль эсвэл олон цагаар ажиллах үед суудлаа сэлбэх боломжийг олгодог дээшилж доошилдог тохируулагч тавцантай ширээ гэхчлэн эргономик байдал шингэсэн тавилгыг олох боломжтой юм.

Ub Drums хамтлаг

Үүнээс гадна Fursys-ын бүтээгдэхүүн байгальд ээлтэй болохыг АНУН-ы зүгээс онцоллоо. Тэд Greenguard сертификат эзэмшдэг ба энэ нь тухайн бүтээгдэхүүн байгальд сөрөг нөлөөтэй химийн бодис ялгаруулдаггүй болохыг илэрхийлж байгаа юм. Тогтвортой хөгжлийн асуудал хурцаар хөндөгдөж, байгальд ээлтэй юмс бүхэн өндрөөр үнэлэгдэж буй орчин үед энэ бол хэрэглэгчдийн тавих шалгуур, брэндийн бахархал мөн.

Улмаар Fursys брэндийн төлөөлөгч И Нын Ги үг хэлсэн ба “Бид дан ганц тавилга санал болгоод зогсохгүй оффисын орчны концепц, интерьерийн бүтцийг тодорхойлоход гар бие оролцдог” хэмээж Fursys-ын сайн бүтээгдэхүүн болон АНУН-ы сайн үйлчилгээний нийлбэрээр монголын зах зээл дахь оффисын орчны түвшнийг ахиулж ажиллахаа хэлсэн билээ.

Fursys брэндийн төлөөлөгч И Нын Ги

Түүний дараа дуучин Амраа өөрийн уран бүтээлээ хүргэж, араас нь зочид бартендер Авараагийн хийсэн коктейль, Жансү рестораны ханву махнаас амтлангаа өрөөнд байршуулсан Fursys-ын тавилгуудыг туршиж үзэх боломжтой арга хэмжээний чөлөөт хэсэг эхэлсэн юм. Миний хувьд танхимын үүд хэсгээс эхлэн өртөөчилсөн байдлаар бүтээгдэхүүн нэг бүртэй танилцсан билээ. Ингэхдээ юун түрүүнд өрөөний баруун жигүүрт сүндэрлэх шилэн хаалгатай тавилгын талаар АНУН-ы мэргэжилтнээс тодруулахад утсаар ярих зориулалттай тусгай бүхээг хэмээн хариулсан юм. Тус бүтээгдэхүүн нь оффисын орчинд бусад хүмүүстээ саад болохгүйгээр утсаар тухтай ярих нөхцөлөөр хангах шийдэл болжээ. Мөн бүхээг дотор агааржуулалтын систем болон хүний харааны түвшинд зориулан тохируулах боломжтой гэрэл суурилуулсан байв.

Ерөөс Fursys-ын ажлын ширээ, сандал гээд дийлэнх тавилгууд энгийн болон share оффист тохиромжтой дизайнтайгаар хийгджээ. Розетка, гэрэл, шүүгээ, тавиур, өлгүүр гээд ажилтны хэрэгцээг хангах зүйлсээр бүрэн тоноглогдсон ширээ, мөн нэг хүний ажлын байрыг цомхноор шийдсэн олон үйлдэлт сандал зэрэг орчин үеийн оффисын интерьерийн чиг хандлага тэнд дэлгэгдсэн байлаа.

Дизайны хувьд Fursys-ын тавилгуудад модерн өнгө аяс давамгайлна. Интерьер дизайнер болон салбарынхны нэн түрүүнд үнэлдэг эргономик байдал бүтээгдэхүүний өнцөг бүрд шингэснийг дахин онцолъё. Тиймээс Fursys брэнд уян хатан байдал, хувирах чадвар үнэлдэг бүх оффисуудад тохиромжтой ба ухаалаг хийц нь ажилтны бүтээмжийг өндөр байлгаад зогсохгүй зөөлөн өнгө давамгайлсан цэмцгэр дизайнтай учир нүдэнд торж, анхаарал сарниулахгүй, эерэг уур амьсгалыг бүрдүүлж чадна.


АНУН

Хаяг: ХУД, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, MCS байр, АНУН төв

Утас: 7777 8181

Facebook: АНУН

Instagram: @anun_office

Б.Энххүслэн

2023-11-29, 10:16