Шинэ загварын BMW X7 автомашин Богд хааны ордон музейд: Арга хэмжээг дотроос нь харцгаая

BMW брэндийн шинэ загварын X7 автомашиныг танилцуулах арга хэмжээ Туул голын хөвөөн дэх Богд хааны ордон музейд болж өнгөрлөө. Өдгөө 107 жилийн түүхтэй, дэлхийн премиум автомашины зах зээлийн тэргүүлэгчдийн нэг BMW-гийн Монгол дахь албан ёсны дилер Bavaria Motors энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж нэгэн оройг шинэ загварын X7 автомашинтай ойроос танилцаж, сонгодог хөгжмөөр оюун санаагаа хөглөн өнгөрүүлсэн юм.

Арга хэмжээний байршлыг сонгосон шалтгаан анх удаа энэ тухай дуулсан миний сонирхлыг ихэд татсан шиг уншигч та бүхний ч мөн анхааралд өртөнө гэдэгт итгэлтэй байна. Учир нь бидний соёлын өв болсон Богд хааны ордон музейд монголын хамгийн анхны автомашин алс холын АНУ-аас хилийн дээс даван орж ирж байсан түүхтэй юм. Энэхүү үйл явдлыг BMW Mongolia-гийн хамт олон бэлгэшээж байршлынхаа сонголтыг хийжээ.

Уригдсан зочид музейн баруун урд байрлах хаалгаар орцгоож байв. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг зочид музейн босгыг давах даруйд BMW-гийн ажилчид найрсгаар угтан авч, хундага дарсаар дайлж байлаа. Үүднээс холгүйхэн FORWARDISM хэмээн хаягласан нүдэнд тусахгүй байхын аргагүй том хэмжээтэй самбар байршжээ. Энэ бол тус арга хэмжээний хүрээнд төдийгүй BMW брэндийн дэлхий даяар санаачлан сурталчилж буй үзэл санаа юм. Урлагт импрессионизм, экспрессионизм, сюрреализм, пост модернизм зэрэг цаг үеэ тодорхойлох урсгалууд байдаг шиг forwardism буюу түүчээлэх гэдэг нь орчин цагт дэлгэрэх ёстой дараагийн үзэл санаа хэмээн BMW-гийн зүгээс харж байна. Forwardism нь хүн төрөлхтөн гагцхүү амиа борлуулахын тулд бус, бусад хүмүүс, хойч үеийнхээ төлөө хийх алхмаа тооцоолох ёстой гэсэн агуулгатай. Иймд брэндийн зүгээс гял цал, өндөр үнэтэй материаллаг зүйлс дээр бүх нөөц бололцоогоо шавхахаас татгалзаж байгаль орчин, үр хойчдоо ээлтэй үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхээр анхаарч байна. Forwardism бол BMW-гийн гэнэтхэн дэлгэрүүлэхээр болсон шинэ үзэл санаа биш, харин тэдний зуун жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн ажлыг нэг үгэнд нэгтгэж буй явдал юм.

Forwardism хэмээн бичсэн самбарын эсрэг талд LED дэлгэц, мөн бүтээлгээр хучсан автомашин байрлажээ. Хучлага дор шинэ загварын X7 автомашин байгаа гэсэн таамаг надаас эхлэн бүх зочдод төрсөн болов уу. Гэхдээ тэс өөр гэнэтийн бэлэг биднийг хүлээж байсныг уншигчдадаа нийтлэлийн төгсгөлд хүргэе. Цаашлаад талбайн зүүн болон баруун хойд хэсэгт зочдыг кейтеринг хэсэг угтлаа. BMW X7 загварын нэрэмжит арга хэмжээ гэдэг утгаараа хоол тавьсан ширээг X хэлбэрээр тусгайлан хийж гүйцэтгэжээ. Үүгээр ч зогсохгүй талбайд байршуулсан гэрлийг дээш тусгахдаа мөн л X хэлбэр гаргасан нь сайн ажвал харагдах ч эгц дээрээс дроноор авахад төгс дүрслэгдэхээр бодолцож хийжээ.

Ийнхүү хөл хөдөлгөөн нэмэгдсэнээр арга хэмжээний гол үзүүлбэр болох Фантазиа студийн найрал хөгжмийн чуулга зочдын сонорыг мялаахаар бэлэн боллоо. Хүмүүс ч мөн тусгайлан зассан дөрвөн эгнээ үзэгчдийн суудал дээр байрлалаа эзэлцгээв. Урлагийн тоглолт Вальсын хаан гэгддэг Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” дуурийн удиртгалаар эхэлж, Италийн хөгжмийн зохиолч Вивальдигийн “Дөрвөн улирал” концертын зуны хэсгийн аялгуугаар үргэлжиллээ. Борооны дараах чийг, сэвэлзсэн салхи, тайзны утаа, мөн сонгодог хөгжим... Илүүц зүйлгүй, эсрэгээрээ хоосон оргиулаагүй харин ч дүүргэсэн, тухтай мэдрэмжүүд тэнд холилдож байлаа.  Тоглолтын төгсгөлд Германы алдарт хөгжмийн зохиолч, Грэммийн шагналт Ханс Циммерын “Dark Knight” киноны хөгжмийн хэсэг эгшиглэсэн юм. Энэхүү найруулгыг "Forwardism" үйл ажиллагаанд зориулан зохиогчийн албан ёсны эрхтэйгээр хүргэжээ. Учир нь Ханс Циммер BMW-гийн цахилгаан автомашины дууны найруулгыг бүтээж байсан сонирхолтой түүхтэй юм байна.

Найрал хөгжимчид тайзны баруун болон зүүн талд хуваагдан суусан бөгөөд дунд хэсгийг хар хөшгөөр халхалсан байсан юм. Энэ нь цаанаа учиртай байсан нь хөгжмийн үзүүлбэр дууссанаар ил болсон билээ. Тодруулбал, хөшигний цаанаас шинэ загварын BMW X7 автомашин аажмаар гарч ирэн талбайн голд ирэн зогслоо. Үйл ажиллагааны оргил хэсгийг үзэгчид алга ташилтаар угтан авсан билээ.

Шинэ загварын BMW X7-гийн нүүрэн хэсэгт дийлэнх өөрчлөлтүүд оржээ. Жишээ нь салаа гэрэлтэй болсон байсан бөгөөд BMW-гийн хамгийн тансаг, тав тухтай, хурд хүчтэй автомашинууд ийм төрлийн гэрлээрээ ялгагддагийг Bavaria Motors-ын автомашины эксперт дуулгасан юм. Түүнчлэн автомашины интерьерт ч дорвитой шинэчлэлтүүд хийгдсэн байна. 14.9 инчийн маш өргөн, нумарсан Led дэлгэц, ambient гэрлийг дараагийн түвшинд аваачсан тэнгэрийн лаунж буюу гэрэлтдэг шилэн дээвэр, Swarovski болор оруулга гэх зэргээр X7 загвар бусдаасаа ялгарна. Мөн зургаан цилиндр бүхий хос турбо хөдөлгүүр нь 380 морины хүчтэй болж сайжруулалт хийгдсэн байна. Зочид талбайн голд очин өөрийн биеэр автомашинтай танилцаж, энэ бүх шинэчлэлтүүдийг харах боломжтой байсан юм. Суухад, арьсанд нь хүрч үзэхэд, тэмтэрч, бүр үнэрлэж үзэхэд премиум зэрэглэлийн чанар нь мэдрэгдсэн билээ.

Арга хэмжээ өндөрлөх тийш хандаж байтал дээр дурдсанаар музейн баруун хэсэгт байрлах бүтээлгээр хучсан автомашины өмнө зочдыг цугларахыг урьсан юм. Ийнхүү хучлагыг тайлахад X7 загвар биш, харин цоо шинээр танилцуулж буй BMW XM автомашин зогсож байв. Энэхүү загвар нь M TwinPower Turbo технологи бүхий 4.4 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүр болон цахилгаан мотороос бүрдэх хосолмол системийг агуулсан төдийгүй BMW-гийн түүхэн дэх хамгийн хүчирхэг автомашинаар тодроод байгаа юм.

BMW Mongolia

 Хаяг: ХУД, 4-р хороо, Нүхтийн зам, Арцатын ам

Утас: 7511 8866

Facebook: BMW Mongolia

Instagram: @bmwmongolia

Б.Энххүслэн

2023-06-20, 11:05