Yelloween 2019: Шангри-Лад зохиогдсон Хэллоуины үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид
Хар хувцастнууд, Билли Айлиш, Хөөрхөн хүүхэн, феминист болон бусад гайхалтай дүрүүд
Жил бүрийн аравдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын догь залуус Хэллоуины баярт зориулан эртнээс костюмаа бэлдэн, төрөл бүрийн сэдэвчилсэн үдэшлэгүүдэд оролцдог уламжлал тогтоод багагүй хугацааг ардаа орхижээ. Тэдгээр үдэшлэгүүдээс хамгийн их хүлээлт үүсгэж, анхаарал татдаг арга хэмжээг мэдээж хэрэг Шангри-Ла Улаанбаатар зочид буудлаас зохион байгуулдаг уламжлалтай.
Тэгвэл Шангри-Ла зочид буудал болон MSM Betastar нарын хамтран зохион байгуулсан Veuve Clicquot брэндийн нэрэмжит ээлжит "Yelloween 2019" үдэшлэг уржигдар Наадам ресторанд амжилттай болж өнгөрлөө. Зочид хичээл зүтгэл гарган уран сэтгэмж, төсөөллөө дээд зэргээр ашиглан аймшигтай, үзэсгэлэнтэй, хөгжилтэй, догь зэрэг янз бүрийн өвөрмөц дүр төрхүүдийг бүрдүүлэн хүрэлцэн ирж, оргилуун дарс шимэн нэгэн үдшийг хамтдаа хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Розе, винтэж төрлийн оргилуун дарсыг хамгийн анх зохион бүтээж байсан 247 жилийн түүхтэй Францын алдарт тансаг зэрэглэлийн оргилуун дарсны Veuve Clicquot брэндийн нэрэмжит "Yelloween" нэртэй Хэллоуины үдэшлэг дэлхийн бүх Шангри-Ла зочид буудалд зохиогддогоороо онцлогтой. Харин тэрхүү алдарт үдэшлэгийг Шангри-Ла Улаанбаатар зочид буудал 2015 оноос эхлэн Монголд анх удаа зохион байгуулж, Улаанбаатарчуудыг Хэллоуины баярын уур амьсгалд автуулж байгаа билээ.
Биднийг Шангри-Ла зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах Наадам рестораны хаалгаар ормогц Veuve Clicquot брэндийн нэрийн хуудас болсон зөөлөн шаргал өнгийн интерьер угтан авлаа. Үүдний хэсэгт сүнс, араг яс зэрэг аймшгийн киноны баатрууд хананд өлгөөстэй байсан бөгөөд цаашлаад "The Nightmare Before Christmas" киноны гол баатрууд, зөөлөн гэрэлтэх лаанууд, Жек хулуу зэрэг сонирхолтой эд зүйлсээр чимэглэсэн зураг даруулах зориулалттай тусгай хэсэг угтан, хормын зуур Хэллоуины уур амьсгал оруулж, учир битүүлэг атлаа цаанаа л нэг сэтгэл догдлуулсан орчныг бүрдүүлж байлаа.
Зочдын дунд Netflix-ийн алдарт "Money Heist" цувралын дээрэмчид, "The Purge" киноны баатар, хүмүүсийн ой санамжийг арчин хаяж буй Хар хувцастнууд, эмээдээ хуушуур хүргэж өгөхөөр яваа Улаан малгайт, "Бид чаднаа" хэмээн хашхирах феминист бүсгүй, "Game of Thrones" цувралын шулам Мелисандра, 1920-иод оны хээнцэр бүсгүйчүүд, "Z" үеийнхний шүтээн Билли Айлиш, "ажлын" хувцастай Хөөрхөн хүүхэн, тэнгэрээс унаад ирсэн болов уу гэмээр сахиусан тэнгэр, Араб иргэд, Фрида Кало гээд Хэллоуины баяраар харж болох бүхий л дүр төрх, баатрууд үзэгдсэн юм. Эдгээр зочдоос феминизмийн бэлгэ тэмдэг болсон хүчирхэг бүсгүй хүрэлцэн ирсэн зочдын саналаар үдшийн хамгийн шилдэг костюмтай зочноор шалгарч Veuve Clicquot брэндийн оргилуун дарсны эзэн болсон юм.
Энэ үдэш Compass хамтлаг "Цус сорогч" дуугаараа үдэшлэгийг эхлүүлсэн бол дараа нь дуучин Наагий жазз уран бүтээлүүдээ хүргэж, эцэст нь DJ Deez үдшийн турш эрч хүчтэй хэмнэлээр хүрэлцэн ирсэн зочдыг цэнэглэж байлаа. Арга хэмжээг Comedy Lab клубийн комедиан Амаржин хөтлөн явуулсан бөгөөд тэрээр "Pumpkin Pinata", "Ring Toss" зэрэг олон хөгжилтэй тэмцээнүүдийг зохион байгуулж, ялагчдыг оргилуун дарсаар шагнасан юм.
\
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт