Өвөрмөц 5 чимэглэл
Шинэ он гарахад ердөө хэдхэн хоног үлдсэн байна. Хайртай, дотны хүмүүстээ бэлэг сэлт цуглуулж, овоорсон ажлууд дунд гэрээ чимэглэх зав олдсонгүй юу? Хэрэв тийм бол бид танд зориулж хийхэд маш хялбар бөгөөд хормын дотор л гэрт тань баярын уур амьсгал оруулах хэдэн санаа бэлтгэлээ. Хамгийн гол нь дэлгүүрүүдээр ховордсон, үнэтэй материалуудын оронд айл болгонд олдох хүнсний бүтээгдэхүүнүүд ашиглан бүтээлч сэтгэлгээгээ асаах хэрэгтэй юм шүү.
Европт өргөн дэлгэрсэн жигнэмэгэн байшингаар одоо хэнийг ч гайхшруулахгүй л болов уу. Харин жигнэмэг ашиглан өөр олон сонирхолтой чимэглэл хийх санаанууд бий. Жишээ нь, жижиг жигнэмгийн орой хэсгийг цоолж, бат бөх утас уяснаар өвөрмөц гацуур модны тоглоом болгон хувиргаж болно. Мөн амтат жигнэмгийг арай хөгжилтэй байдлаар ашиглахыг хүсвэл урт утас эсвэл тууз ашиглан гэрийн цонх, хана зэрэг дээр тогтоож гэрэл хийгээрэй.
Жигнэмэг эсвэл хатсан хөвсгөр бялуу зэргийг ашиглан хаалганы гоёмсог хэлхээ чимэглэлийг өөрийн гараар бүтээх боломжтой. Ийм чимэглэл нь хүүхэд багачуудад ч илүү сонирхолтой санагдана. Гэхдээ энэхүү чимэглэлийг гэр дотроо өлгөхийг зөвлөж байна. Эс тэгвээс гадны амьтад, шувууд амтархан идчихнэ шүү!
Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг ашиглаарай. Энэхүү чимэглэл нь гэрийн толь, цонх, хаалганы дээр илүү тохиромжтой харагдах болно. Төрөл бүрийн амт, өнгийн попкорн хослуулж гэрэл хийвэл гэр тань гарцаагүй өнгө нэмж, өвөрмөц уур амьсгал бүрдэх болно. Урт утас, тууз зэргийг ашиглах нь тохиромжтой юм.
Сайн боловсорсон улаан алим нь шинэ жилийн уур амьсгалыг хамгийн сайн бүрдүүлж чадна. Тэр тусмаа алимыг лааны суурь болгон ашиглах нь илүү тааламжтай орчин бүрдүүлэх болно гэдэгт итгээрэй. Ердөө л алимны голыг болгоомжтой хутгаар авч дотор нь жижиг хэмжээний лаа суурилуулахад л чимэглэл тань бэлэн болно.
Жүрж болон мандаринаар хийсэн чимэглэл
Мэдээжийн хэрэг шинэ жилийн баярыг жүрж болон мандарингүйгээр төсөөлөхийн аргагүй. Харин эдгээр жимснүүдийг зөвхөн баярын ширээгээ засахдаа төдийгүй гацуурын тоглоом болгон ашиглахад тохиромжтой байдаг. Мандариныг тэр чигээр нь гацуураас зүүж болох бол жүржийг нарийхан хэрчиж дараа нь хатааж гацуур модон дээр өлгөөрэй. Мөн жүржийн чимэглэлээ шанцай, лаврын навч, мөчир зэргээр баяжуулж болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт