Орчин үеийн хандлага: Хэрэглээ бага байх тусмаа сайн

Хангалттай хэрэгцээт

Манай нийтлэлч Ксения Наумова хэрэглээний эрин үед "хангалттай хэрэгцээ" гэж юу болох талаар орчин үеийн нонконформист хүмүүсээс асууж, үүнд хэрхэн сэтгэл хангалуун байх тухай сэдвээр ярилцлаа

Хүмүүс ямар хувцас худалдаж авч буй нь ихэвчлэн тэдний санхүүгийн байдлыг бус харин амьдралын хэв маяг болон зан чанарыг нь илэрхийлдэг. Бид үүгээрээ шопахолик нарыг амьдралаас юу хүсч байгаагаа мэддэггүй гэж хэлэх гээгүй. Гэвч хожим харахад гайхширал төрүүлэхүйц бус зүйлсийг кассан дээр бичүүлдэг хүмүүс aмьдралдаа тодорхой байр суурьтай, мөн сэтгэлийн амар амгаланг эрхэмлэдэг хүмүүс байдаг аж.

Стив Жобсыг жишээ болгон яривал тэрбээр хамгийн үлгэр жишээч хувцасладаг бизнесмэн байсан. Түүнд амьдралын ямар ч үед адилхан байдаг ганц л төрх байсан шүү дээ. Үүгээрээ Стив Жобс өөрийн гэсэн имижийг бүрдүүлэх, бодлоо зөвхөн ажилдаа зориулах гэсэн томоохон бизнес эрхэлдэг хүний зайлшгүй шийдэх хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдчихсэн байгаа юм. Зарим нэгэн хүнд хувийн стилист, шоперууд хэрэг болох ч Жобст зөвхөн хоолойтой хар цамц, жийнс, New Balance л хэрэгтэй байлаа.

Нийгэмд "fast fashion", минимал зэрэг цөөхөн зүйлээр хэрэглээгээ хязгаарладаг хүмүүс яг л дуу чимээ ихтэй онгоцны буудал эсвэл худалдааны төвд бясалгал хийж байгаатай адил юм. Ийм төрлийн хүмүүс өдөр тутамд байнга өөрчлөгддөг төрхөөс бус харин хүрээлэн буй орчин болон өөрөөсөө сэтгэл ханамжийг авдаг. Тэдний заримыг нь орчин үеийн даяанч гэж нэрлэж болох юм. Яагаад гэвэл тэд хувцасны сонголтоо аль болох цөөхөн байлгадаг бөгөөд хувцсыг "бурхан" болгодоггүй. Харин зарим нэгэн нь "шунах нь хоёр дахин илүү төлөөстэй" гэх дүрэмд захирагдаж, аливаа загварын брэндийн худалдааны сайтаар хэсэлгүй, өөрийн байр суурийг хадгалах ба хэн нэгний бизнес төлөвлөгөөнд өртөхгүй байхыг эрмэлздэг байна.

Бид хэрэглээгээ хязгаарласан хүмүүстэй ярилцаж "Таны юуг хэрхэн өмсч байгаа нь өөрийг тань тодорхойлох болно" гэдгийг дахин нэг удаа батлахыг оролдлоо.


Дмитрий Ульянов

Зар сурталчилгааны компанийн стратеги төлөвлөлтийн газрын дарга

Би хязгаарлагдмал хэрэглээний өндөрлөгт арай хүрээгүй байна. Гэхдээ миний бодлоор "fashionista" нар хязгаарлагдмал байдал, энгийн зүйлсийн тухай ярих нь нэгэн төрлийн ёс бус зүйл юм. Яагаад гэвэл энэ нь нэг төрлийн загвар шүү дээ. Мэдээж чанартай, энгийн хувцас олох нь хуурамч дүр үзүүлсэнээс хэцүү. Надад хэрэгтэй бүх зүйл бол жийнснүүд, хэдэн цагаан эсвэл саарал футболк мөн ямар ч хипстерүүд олж мэдээгүй байхад миний өмсдөг байсан New Balance пүүзнээс хэдэн хос байхад л хангалттай. Би 19 настайдаа Нью-Йоркд цонх угаагчаар ажиллаж байсан учир өвөлдөө Нью-Йорк стилийн хүрэм бас давхарлаж өмсөх ажилчин америкийн энгийн, эвтэйхэн хувцаснаас шүүгээ маань бүрддэг байлаа. Миний хувьд энгийн байх тусмаа гоё байдаг.

Гэхдээ өөрөө өөртөө үнэнч байвал миний гадаад төрх дотоод үзлийг маань хангалттай илэрхийлдэг гэж бодож байна. Нэг талаасаа аав маань надад нөлөөлсөн. Тэр хүмүүсийн хуурамч, ихэрхсэн байдалд дургүй байсан нь надад ч бас нөлөөлсөн байх. Харин нөгөө талаас тэр даруухан, анхаарал татахааргүй хувцасладаг байлаа.

Хэрэглээгээ хязгаарлаж, даяанч мэт амьдарч буй хүмүүс өөртөө илүү зүйл хэрэггүй гэж боддог. Гэхдээ би тэдний нэг биш.

Миний энгийн хувцаслалт бол жирийн амьдралын илэрхийлэл юм. Надад ихэрхсэн байдал хэрэггүй. Хэнд ч өөрийгөө батлах хэрэг байхгүй, би ийм л хүн. Би шударга, энгийн байдал, хүний тодорхой үнэ цэнэд татагддаг. Скандинавчууд энэ бүхнийг дизайндаа их тусгадаг.

Нэгдүгээрт, санаанаасаа зохиосон энгийн байдал бол тийм ч энгийн биш. Хоёрдугаарт, туршлага. Би шүүгээний маань нэг хэсэг болох зүйлсийг л сонгодог.

Миний энгийн хувцаслалт бол энгийн амьдралын илэрхийлэл юм. Надад ихэрхсэн байдал хэрэггүй, хэнд ч өөрийгөө батлах хэрэг байхгүй, би ийм л хүн

Хамгийн гол нь сонгож, өмсөж  цаг алдахгүйн тулд аажмаар хэвшил болж эхэлдэг. Нэг удаа би Копенхагенаас худалдаж авч байсан футболк надад бүх талаараа таардагийг мэдэж авсан. Би Зул сарын баяраар жилд ганц л удаа тэнд очдог ч нэг очихдоо маш олныг худалдаж авдаг. Хаана очиж, ямар хэмжээтэйг авахаа сайн мэддэг болохоор футболк сонгох гэж нэг ч секунд илүү үрэхээ больсон. Энэ нь Москвад энгийн нэг футболк авах гэж хайснаас хамаагүй хямд, хурдан, хялбар арга юм. Москвад бол иймэрхүү энгийн зүйлс олоход маш хэцүү бөгөөд үнэтэй байдаг.


Ксения Новикова

ОХУ-ын «Выход» аутизмын асуудлыг шийдвэрлэх сангийн хөтөлбөрийн менежер

Миний хувьд эцэс төгсгөлгүй үйлдвэрлэл болон хязгааргүй хэрэглээнээс зайлсхийх арга бол "second-hand" хэрэглээ. Second-hand зүйлс нь илүү адал явдалтай бөгөөд мөн чөлөөт цагаа өнгөрөөх зохистой арга юм. Мөнгөний үнэ цэнэ ч надад чухал. Second-hand зүйлс ихэвчилэн хямд байдаг. Жишээ нь 3000 рублийн оронд 500 рублээр худалдаж авсан жийнс дараа нь шүүгээн дотор тоосонд дарагдан хэвтэх болвол бодлогогүй үрсэн мөнгөндөө илүү бага харамсана. Надад ийм зүйлс их тохиолддог. Би амьдралынхаа туршид зөвхөн second-hand дэлгүүрээс хувцасаа худалдаж авсан. Энэ нь аль хэдийнэ миний хэрэгцээ, итгэл үнэмшилтэй нийцэж миний амьдралын хэв маяг болсон.

Нэгдүгээрт, би үүнээсээ маш их сэтгэл ханамжийг авдаг. Хоёрдугаарт, энэ зүйл надад тодорхой утгыг агуулж байдаг. Дэлгүүр хэсэх нь надад залхуутай санагддаг. Хэд хэдэн дэлгүүрээр орж загварын хэв маяг ямар байгааг харж үнийг нь харьцуулна. Энэ нь намайг стрессдүүлж, хамгийн гол нь өөр хэрэгтэй зүйлд зарцуулж болох байсан цаг, хүчийг бардаг. Мөн тэдгээр зүйлс байх ёстой үнэнээсээ илүү үнэтэйгээр зарагдаж байгаадаа гэсэн бодол төрдөг.

Мөн тэдгээр зүйлс байх ёстой үнэнээсээ илүү үнэтэйгээр зарагдаж байгаадаа гэсэн бодол төрдөг

Би одоо буяны байгууллагад ажиллаж байгаа нь миний ертөнцийг харах үзэлд ч бас нөлөөлж байгаа. Сүүлийн үед second-hand худалддаг хандивын дэлгүүрүүд гарч ирж байгаа нь миний хувьд жинхэнэ аз жаргал! Энэ бол гайхалтай нөхцөл бололцоо юм. Ийм дэлгүүр надад стресс биш харин баяр хөөрийг өгдөг. Өнгөрсөн удаад би бээлий, өсгийтэй гутал гэх мэт зүйлс худалдаж авсан. Би өсгийтэй гутал өмсөлгүй таван жил болсон бөгөөд арьсан бээлий надад ямар ч хэрэггүй л дээ. Гэвч үүнд үрсэн мөнгө надад харамсалтай санагдахгүй. Яагаад гэвэл надад сайхан мэдрэмж төрүүлж бас мөнгө нь сайн үйлсэд зориулагдсан шүү дээ.


Вадим Ясногородский

Home Concept-ын захирал

Ганц удаа л чанартай пальто худалдаж авснаар энэ асуудлыг нэг хэсэгтээ л шийдчихлээ гэсэн үг. Мэдээж H&M-ээс  шинэ пальто худалдаж авч болно л доо гэхдээ хоёр жилийн дараа дахин шинийг авахдаа бэлэн байгаарай. Жишээ нь би тодорхой нэг загварын чанартай гутал авчихвал дахиж ийм загвартай гутал хайхаа болино. Тэд урагдаж, элэгдэхээс нааш энэ асуудал миний шүүгээнд дахиж сөхөгдөхгүй. Би багаасаа л загварлаг, дизайнеруудын хувцсанд дурлаж ирсэн бөгөөд юу өмсөхөө үргэлж анхаардаг байсан. Энэ нь загварын салбарт ажиллаж байсны туршлага л даа. (Вадим GQ сэтгүүлийн загварын захирлаар хэдэн жил ажилласан) Эцэст нь би хувцас болон гутлын үнэтэйг нь худалдан авах нь илүү дээр гэдэг бодолтой болсон. Надад 2001 онд худалдаж авсан Слиманы хийсэн Dior пальто байдаг ба надад байдаг хамгийн дулаахан зүйлсийн нэг тул өвөл бүр өмсдөг. Өмсөх бүрт заавал ч үгүй хэн нэгэн ямар гоё болохыг нь хэлдэг. Цамц, футболк зэрэг жижиг зүйлсийг би Uniqlo шиг дэлгүүрүүдээс авдаг.

Би хувцасны шүүгээгээ -10 эсвэл -20 хэмд өмсөх пальто зэргээр хэдэн хэсэгт хуваадаг. Би загварлаг, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, загварын талаар сонирхдог тул гайхалтай зүйлс урладаг хэд хэдэн брэндийн хувцсыг хараад таалагдах юм бол тэр дор нь л худалдаж авдаг.

Би зөвхөн хувцсанд ийм байдлаар ханддаггүй. Жишээ нь Hi-Fi, Hi-End зэрэг үгэнд мөн ач холбогдол өгдөг. Гэсэн хэдий ч чанартай зүйлс цуглуулж чадсан болохоор олон жил тайван байж, шинэ зүйлсийг эрж хайхаа больсон.

Tодорхой нэг загварын чанартай гутал авчихвал дахиж энэ загварын гутал хайхаа болино. Тэд урагдаж элэгдэхээс нааш энэ асуудал миний шүүгээнд дахиж сөхөгдөхгүй

Харамсалтай нь тодорхой нэг загварын давалгаа байдаг нь зарим нэгэн зүйлсийг маш хоцрогдсон болгодог. Жишээ нь heritage, американо загварууд сүүлийн хэдэн жил загварлаг харагдахаа болисон тул би твидээр хийсэн хослол өмсөхгүй. Одоо надад цаг зав гардаггүйгээс болж би амралтынхаа үеэр эсвэл томилолтоор явж уулзалтаа хийснийхээ дараа л дэлгүүр ордог болсон. Надад юу хэрэгтэйг би тодорхой мэддэг.

Худалдан авах гэж буй зүйлтэй маань ямар нэг түүх холбогдоход би дуртай байдаг. Жишээ нь Сингапурт бүтэн жилийн турш 30 хэм дулаан байдаг ч гэлээ би тэндээс хамгийн дуртай цамцнуудынхаа нэгийг худалдаж авч байсан. Зөвхөн надад зориулсан юм шиг л санагддаг юм. Одоо харин хүйтэн өвлийн өдрүүдэд түүнийг өмсөх дуртай. Надад хоёр, гуравхан л удаа өмссөн зүйл маш цөөн байдаг. Миний смокинг хослол хүртэл хуучирдаг.


Катя Метелица

Сэтгүүлч, зохиолч

Одоо ямар нэг сайхан зүйлс харах болгондоо худалдаж авах нь утгагүй. Мэдээж сайхан зүйлс худалдан авах үе байна. Өнгөрсөн жил санамсаргүйгээр төгс нэхий дээл харсан юм. Цэнхэр өнгөтэй, сэтгэл сэргээсэн, бүх талаараа надад тохирсон байсан учир картаа гарган шууд л худалдаж авсан. Харин одоо би түүнийг сайн цэвэрлэж, болж өгвөл өвөл бүр өмсмөөр байдаг. Энэ утгаараа шүүгээгээ шинэчлэх нь сайн хэрэг.

Би хувцсанд маш хуучинсаг үзлээр ханддаг. Энэ нь яг л манай танилын нохой пекан самарнаас өөр юм иддэггүй байсантай бараг л адил. Хэдэн жилийн өмнөөс би хувцас худалдаж авах маань багассаар байгааг анзааарсан. Өмнө нь би хувцсанд маш их ач холбогдол өгч, авахыг мөрөөдөж, үдэшлэгт хэн нэгэн нь надтай ижил хувцастай ирэх вий гэдэгт санаа зовдог байсан. 1990-ээд онд их этгээд, бараг хэний ч өмсдөггүй хувцсыг өмсдөг байлаа. Хилэн өмд, захиалгаар хийлгэсэн хослол, галзуу хүрэм, Лондонгоос авсан дөрвөлжин хээтэй юбка гэх мэт. Харин тэр үедээ дэрвэгэр даашинз, цэцгэн хээтэй нимгэн даашинз гээд хаана ч байхгүй, тэр үед хэн ч оёж чадахааргүй зүйлсийг мөрөөддөг байлаа. Харин үүнээс арваад жилийн дараа яг л миний төсөөллийн зүйлс Topshop-ын цуглуулганд гарч ирсэн юм. Гэвч надад аль хэдийнэ сонирхолгүй санагддаг болж үеэ өнгөрөөсөн байлаа.

Мэдээж ХУУЧИН зүйлсээс салж байх нь зүйтэй

Харин хуучин зүйлсдээ би хэтэрхий гэмээр сэтгэл хөдлөлөөр ханддаг. Зарим нэг хэнд ч, ямар ч үнэ цэнэгүй болсон зүйлсийг үзмэр мэт хадгалмаар санагддаг. Надад нэг зузаан целлофанаар хийсэн, тод нил ягаан өнгийн шоорт байсан. Би түүнийг хадгалж хадгалсаны эцэст их л баярлах байх гэж санан охиндоо өгтөл тэр цочирдсон. "Та үүнийг яаж өмсөж байсан юм бэ? Хэзээ? Аав л таныг жинхэнэ эмэгтэй хүн болгож дээ. Би гоё утгаар нь хэлсэн шүү, уучлаарай" гэсэн юм. Мэдээж тиймэрхүү зүйлсээс салж байх нь зүйтэй.

Миний хуучинсаг үзэл их этгээд байх. Ердийн, байдаг л зүйлс надад таалагддаггүй, зохидог ч үгүй. Миний бараг бүх хувцас этгээд, сонин байдаг. Надад нэг зүйл маш их таалагдах юм бол түүнийг залхатлаа өмсдөг. Заримдаа би оёдолчинд хуулбарласан хувцас захиалж, хоёр ижил туфли, даашинз худалдаж авдаг. Надад мөн хоёр жилийн өмнө Берлинээс авч байсан Trippen брэндийн гутал байдаг бөгөөд зун  өвөлгүй өмссөөр байгаад жаахан хуучирчихсан. Харин би дахиад л яг ижилхэн нэг гутал захиална. Энэ удаад саарал биш цэнхэр өнгөтэйг. Trippen гуталнууд харагдах байдлын хувьд загварын тайзны гутал шиг ч гэлээ өмсөхөд маш эвтэйхэн байдаг. Мөн тэдний хуучин цуглуулгаас захиалгаар хийлгэх боломжтой. Энэ нь магадгүй биднийг нэгтгэдэг байх. Үргэлж мөнхийн бас улайрсан ч гэмээр. Хэтэрсэн хэрэглээ, хэт их зүйл бол утгагүй зүйл.


Артем Темиров

"Черный" кофе кооперативийн үүсгэн байгуулагч

Миний хуучин футболкнууд цөөрсөн учир би сүүлд нэг футболк авсан. Харин жийнсийг second-hand-с авдаг. Өмнө нь хэн нэгний шүүгээнд хэвтэж байсан эсвэл хэн нэгэн өмсөж байсан зэрэг нь надад асуудал биш. Энэ чинь зүгээр л жийнс шүү дээ. Дэлхий даяар хэт үйлдвэрлэлтийн хямрал болж буй үед 15 жилийн өмнө хийсэн зүйл одоог хүртэл чанараа алдаагүй байвал миний хувьд хамгийн сайн сонголт. Би 17 настайдаа Европ явахдаа H&M, Zara-с хувцас авдаг байсан ч эцэстээ ямар ч хэрэггүй зүйл худалдаж авдаг байснаа ойлгосон. Энэ үе бол би дэлхий ертөнцийг арай өөрөөр харах болсон үе юм.

Би ажил хийж эхэлснээр юунд мөнгөө зарцуулж байгаагаа боддог болсон. Би аж үйлдвэржилтийн дараа үеийн капитализм, корпорацийн хөгжил, Зүүн Өмнөд Ази дахь үйлдвэрлэлийн түүх зэргийг сурч эхэлснээр миний хэрэглээ өөрчлөгдсөн. Хэдий би хэрэглээний нийгэм болж буйг мэдэх ч миний дотор зөрчилдөөн бий болдог.

Футболк хурдан хуучирдаг тул би байнга шинийг авч байдаг. Би нэг зүйлийг хагас жил биш харин хэдэн жил өмсөхийг хүсдэг учир хямд зүйл худалдаж авахгүй байхыг хичээдэг. Хэрэв надад боломж нь байвал үнэтэй зүйл авахаас татгалзахгүй. Би H&M-ээс зургаан ширхэг юм авснаас Our Legacy брэндийн хоёр футболк эсвэл Данийн ямар нэг сайн брэндийн хувцас худалдаж авахыг илүүд үзнэ.

Миний хувьд зөвхөн орон сууцны зардал, хувцас, хоолонд үрэх гэж мөнгө цуглуулах нь утгагүй зүйл юм.

Хэдий би хэрэглээний нийгэм болж буйг мэдэх ч миний дотор зөрчилдөөн бий болдог

Томоохон брэндүүд дахин боловсруулсан материалаар, жишээ нь далайд цугларсан хог зэргээр хийсэн хувцасны маркетинг явуулж байгаа нь надад сонин биш. Энэ бүгд зүгээр л тархи угааж, асуудлыг гуйвуулсан ажил юм. Хэрвээ асуудлыг бодитойгоор харах юм бол 2000 онд олон загварын брэндийн хувцсыг хийдэг үйлдвэрийн ажилчид ажлын хөлсөө нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хуулиа мөрдөхийг шаардаж эсэргүүцэл зарлаж байсан билээ. Эдгээр үйлвэрийн олонхид нь тухайн оронд мөрдөгдөх наад захын аюулгүй ажиллагааны дүрэм, хөдөлмөрийн хуулиа сахиж чаддаггүй юм. Идэвхитнүүд үүнд брэндийг буруутгах үед тэд үйлдвэртэй шууд ажил хэргээ явуулдаггүй, харин орон нутгийн гэрээт борлуулагч нартай ажилладаг хэмээн хамаг бурууг тохдог байна. Жишээ нь Бангладеш дахь нэгэн оёдлын үйлдвэрийн ажилчинг зүгээр л буудчихсан. Хорин жилийн өмнө яг л тэр үйлдвэрийн барилга нурж 1000 гаруй хүн амь үрэгдсэн. 2009 онд нэгэн үйлдвэр шатаж 100 гаруй хүн эрсэдсэн. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөх үед тэдгээр үйлдвэрт ажлын цагийг ч мөн нэмэх ба брэндүүд үйлдвэрээ хууль эрх зүйн орчин муутай, ядуу буурай орон руу нүүлгэдэг. Тэгэхээр энэ бол зөвхөн шинэ хувцас худалдаж авах тухай биш түүний ард байгаа зүйлсийн агуулга нь надад илүү утга учиртай санагддаг юм. 

 

Б.Амина

2016-07-14, 12:14

  • Зураг: