Velin сэтгүүл: URECA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Орчлонтой хийсэн ярилцлага

Velin сэтгүүлийн карьер буланд нийтлэгдсэн URECA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Э.Орчлонгийн ярилцлагыг тус сэтгүүлийн зөвшөөрөлтэйгөөр хүргэж байна.


Нью-Йоркийн их сургуульд эдийн засгийн боловсрол эзэмшиж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр арав гаран жилийн турш олон улсын томоохон байгууллага, төслүүдэд удирдах албан тушаал хашсан Э.Орчлон Rio Tinto-гийн ерөнхий зөвлөх, Clean Energy Asia компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Цогтцэций суманд салхин станц байгуулж, монгол дээлээ өмсөөд л уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын хор уршгийн тухай хөдөөгийн малчин ардад тайлбарлаж явсан цаг саяхан. Сайх малчид хүн төрөлхтний өмнө нэн тулгамдаад буй эл сэдвийг ахуй амьдралаасаа улбаалан ухамсарлах хэдий ч эргэх дөрвөн улирлын турш хоттой хонь, төлтэй малынхаа төлөө цаг наргүй хөдөлмөрлөх тэдний өнөө маргаашдаа шуударчих гол ажил нь энэ биш байлаа. Уг мэдрэмж л “Яаж байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог ихэсгэх вэ” гэдэг сэдлийг түүнд өгсөн хэрэг. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа Сибирийн их тайгад гарсан түймрийн утаа үргэлжилсэн олон хоногоор монголын тэнгэрийг бүрхэх үед түүний гэргий хөл хүнд төдийгүй бяцхан үр нь дөнгөж нэг ойтой байжээ. “Салхивчаа ч онгойлгох боломжгүй тэр нөхцөлд хэдий би амжилттай карьертай, боломжийн санхүүтэй, тухтай байшин, том машинтай байлаа гээд юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэрсэн. Ковидын хөл хориотой, хөдөө явсан ч хорт утаанаас зугтах газар байгаагүй. Бидний амьдардаг нэг дэлхий ийм байдлаар уур амьсгалын өөрчлөлтөд автсаар л байвал ирээдүйд үр хүүхдүүд маань мянга боловсролтой, санхүүгийн эрх чөлөөтэй байгаад нэмэр байхгүй шүү дээ. Баян, ядуу хэнбугай ч бай бид нэг л нарны дор, нэг агаараар амьсгална. Тиймээс эх дэлхийнхээ төлөө би юу хийж чадах вэ гэж өөрөөсөө асуусан” гэх түүний ярианаас URECA компанийн үүссэн түүх тодорно.

URECA бол технологи ашиглаж байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь хүний оролцоог ихэсгэх, тэрхүү оролцоог нь дэмжих зорилготой платформ юм. Өөрөөр хэлбэл аливаа хүн өөрийн хэрэглээнээсээ ялгаруулж буй хүлэмжийн хийг багасгаснаар урамшуулал хүртэх систем гэж ойлгож болно. Дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах зорилттой маш олон янзын тоо томшгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж буй. Бууруулж буй хүлэмжийн хийнээсээ хамаарч үйл ажиллагаагаа кредитжүүлээд, түүнийгээ олон улсад борлуулах боломж байдаг ажээ. Өнгөрсөн жил гэхэд л бараг нэг их наяд ам.долларын карбон кредитийн арилжаа дэлхий даяар хийгдсэн гэх. Хүлэмжийн хийгээ бууруулах зорилт тавьсан хөгжингүй орнуудын засгийн газрын агентлагууд, дэлхийн хэмжээний томоохон корпорацууд нүсэр зардал болон технологийн асуудлаас болоод тэрхүү зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй байдаг. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрд хүлэмжийн хий бууруулж байгаа төслүүдээс карбон кредитийг нь худалдаж авах буюу тэдгээрт хөрөнгө оруулдаг гэнэ. Тэрээр энэ тухай “Урьд өмнө карбон кредитийг зөвхөн засгийн газар хооронд, эсвэл компаниудын хооронд нээлттэй биш арилждаг байсан. Бид энэ зах зээлийг олон нийтэд илүү нээлттэй болгож, байгаль орчноо хамгаалахад өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй бүх хүнд ижил тэгш боломжийг олгох алсын хараатай” хэмээн хуучиллаа. Сингапурт байгуулагдаж, одоогоор Монголд төвтэй үйл ажиллагаа явуулж байгаа ч цаашид Азийн орнуудаас эхлээд дэлхийд танигдсан платформ болж хөгжих ирээдүй URECA-д бий.

Монголдоо сэргээгдэх эрчим хүчний салбарт түүчээлэгчдийн нэг Э.Орчлонгийн хүч үзэж буй шинэ талбарын гүнд нь чухам юу болж байдгийг ярилцах тусам илүүг мэдэх хүсэл оргилж байхуй. Сүүлийн жилүүдэд гэр хороолол болон хөдөө сумд гэртээ нарны хураагуур тавиад зуухаар биш цахилгаанаар халаалтаа шийдсэн айлууд улам олширсоор байна. Энэхүү платформ тэднийг жилдээ хүлэмжийн хийгээ хэр хэмжээгээр бууруулж байгааг хиймэл оюун ухааны тусламжтай тооцож кредит гаргаж өгөөд, түүнийгээ борлуулах боломжийг нь нээж байгаа юм. Энэ зарчмын дагуу тэдний сүүлд хийсэн туршилтаар гэр хорооллын нэг айлын ялгаруулах хүлэмжийн хий 20 тонноор багасаж, тухайн айл сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү шилжсэнийхээ төлөө жилд 2000-3000 ам.долларын орлого олох боломжтой нь батлагджээ (1 кредит нь 100 орчим ам.доллартой тэнцэнэ). Түүнчлэн дайнаас үүдсэн эрчим хүчний хомсдолоос болоод дэлхийн томоохон корпорацуудын хүлэмжийн хийгээ багасгах төлөвлөгөө саатаж, карбон кредитийн эрэлт нь нийлүүлэлтээсээ 25 дахин их байгаа гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс зуухыг халж, айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ рүү шилжүүлж чадвал бид гаднын зах зээлээс мөнгөн урсгал татах бүрэн боломжтой юм. Өнгөрсөн онд тав дахин томорсон энэ зах зээл дараагийн таван жилд хорь дахин өсөх төлөвтэй байгааг дэлхийн банкны судалгаанаас харж болно. Ингээд түүнээс хүлэмжийн хийн квотын тухай нэмж тодруулахад, “Европын холбооны ихэнх улс үйлдвэрүүддээ ялгаруулж болох хүлэмжийн хийн дээд хязгаарыг тогтоочихсон байдаг. Хязгаартаа тулчихвал үйл ажиллагаа явуулах эрхээ карбон кредит худалдаж авч дүйцүүлдэг” хэмээн тайлбарлав. Мөн карбон кредитийн чанарыг нь баталгаажуулдаг олон улсын байгууллага болон үнэлгээ өгдөг байгууллага тусдаа байдаг ажээ.


“Старт ап эхлүүлнэ гэдэг бол асар том хариуцлага. Ганц хувь хүний ч биш, ар гэр, хайртай бүхнийхээ боломж бололцоог эрсдэлд оруулж буй үйлдэл учраас сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй”


Ийнхүү бидний ярианы салхи аавын хүү болгоны ард нь гарч чадаад байдаггүй старт ап ертөнц рүү эргэж, улмаар хувь хүнийх нь эгэл атлаа онцгой содон оршихуйг тэмтэрлээ. Түүнтэй нэг жимээр алхаж яваа залууст тэрээр “Старт ап эхлүүлнэ гэдэг бол асар том хариуцлага. Ганц хувь хүний ч биш, ар гэр, хайртай бүхнийхээ боломж бололцоог эрсдэлд оруулж буй үйлдэл учраас сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй” гэж зөвлөөд “Хааяа урьд ажиллаж байсан компаниуддаа удирдах албан тушаалд байсан үеэ бодохоор сайхан санагддаг юм. Чиглүүлээд өгөх, загнах, загнуулах хүнтэй, хамтын хариуцлагын дор ажиллана гэдэг сэтгэл санааны хувьд ч амар. Энэ дэлхийд өөрийнхөө оршихуйг баталж нотлохоос илүү зүгээр л зовлон багатай жаргалтай амьдрах нь хэн хүний л боддог бодол. Хүн ер нь эргэн тойрондоо эерэг нөлөөлөл авчиръя гэвэл заавал старт ап хийх шаардлагагүй шүү дээ. Харин ч өөр нэгэн том юмны чухал хэсэг болоод явбал аз жаргалтай байх биш үү? Гарааны бизнес эрхлэхээр заримдаа зөв зүйл хийж байгаа юм шиг, эсвэл заримдаа би юу хийчхэв дээ гээд өдөр шөнөгүй л савладаг юм. Наанадаж бие болоод сэтгэл санааны ийм ачааг дааж чадах ёстой. Мэдээж эхлээд энэ замыг сонгох болсон зорилгодоо бат нот итгээд, дараа нь энэ итгэл үнэмшилдээ маш олон хүнийг итгүүлэх шаардлага гарна. Ингээд л баг хамт олон, тэдний ар гэр гээд бүх зүйлийн хариуцлага толгой дээр буух нь тэр. Энэ үед л ойлгож дэмжих гэр бүл, найз нөхөд хэчнээн чухал гэдгийг ухаардаг юм билээ” хэмээн илэн далангүй хуучилсан юм. Өмнө нь тэрээр өдөрт бараг 200 и-мэйл хүлээж авдаг байсан бол анх ureca.com домэйноо аваад шинэ хаягтай болохдоо нэг ч и-мэйл хүлээж аваагүй нь их сонин мэдрэмж байсан гэнэ. “Хүн ер нь их ажилд бөмбөгдүүлсээр байгаад дасчихдаг юм шиг ээ. Хэрхэн и-мэйл хүлээж авах нөхцөлтэй болох вэ гээд бас хэсэг толгойгоо ажиллуулах хэрэг гарсан. Тэгээд анх банкнаас, эсвэл зүгээр спам хүлээж авахдаа хүртэл баярлаад л их сонирхолтой байсан даа” гэсэн түүний дотно ярианаас одоо ямархан хэмнэлээр ажилладаг болохыг нь ажиглалаа. Тэрээр гэр бүл, хайртай хүмүүсийнхээ дэргэд илүү үр бүтээмжтэй ажилладаг бөгөөд өөртөө тохирох хэв маягаар ажиллах боломжтой байдаг нь старт апын хамгийн том давуу тал гэлээ. Түүний ажлын нэг өдөр яг таг тогтчихсон хэв маяггүй, Бразил, Уругвай, Руанда, Мадагаскар, эсвэл Австрали гээд янз бүрийн улсуудад өрнөж буй төслүүдтэй холбогдож ажилладаг учраас өдөр бүр өөр байдаг нь их сонирхолтой санагддаг гэнэ.

Байгаль орчин, санхүү, технологийн салбаруудын торгон огтлолцол дээр оршдог бизнесийн замналаа тэрээр карьерт тооцдоггүй гэдгээ нуусангүй. Учир нь одоо түүний гол фокус уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн өрнүүлж хүмүүсийг идэвхжүүлэх, платформоо улам хөгжүүлж үндсэн зорилго руугаа дөтлөхөд л төвлөрч буй. Тэрээр аливааг нэгэнт эхлүүлсэн бол хийсэн шиг хийхийг чухалчилдаг учраас юуг хийх эсэхээ сайтар эргэцүүлж, шийдвэр гаргалтдаа ултай ханддаг нэгэн аж. Сүүлийн арав гаруй жилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын талбарт янз бүрийн хүмүүстэй хамтран ажиллахдаа хоёр янзын хүмүүс байдаг мэт санагдсан гэсэн яриа нь сэтгүүлч миний анхаарлыг татав. Нэгт, тийм ч их зүйл мэддэггүй гэдгээ мэддэг хүмүүс. Тэд дутуу дулимаг гэдгээ хүлээн зөвшөөрдөг учраас үргэлж өөрийгөө хөгжүүлж, дайчилж байдаг гэнэ. Харин удаах нь мэдлэггүйгээ мэддэг хэр нь чаддаг мэт дүр эсгэдэг хүмүүс. Тэд агуулга бус хэлбэртээ илүү анхаардаг учраас бүтээмжгүй ажиллах нь түгээмэл гэлээ. Түүний багт сонгон шалгаруулалтаар бус өөрсдийн хүслээр нэгдэхээр ирсэн залуус олон билээ. Тэдгээр хүмүүст шударга байх гэдэг ганц шаардлагыг захирлын зүгээс тавьдаг ба бусад ур чадварыг эзэмшүүлэхэд асуудалгүй гэж боддог ажээ. Түүний хэлсэн нэг жишээ нь, “Салхин станц барьж явсан үеэ бодохоор хааяа инээд хүрээд байдаг юм. Дөнгөж 26, 27 настай л байлаа. Softbank-тай хамтарч байсан болохоор хамгийн чухал төслүүдийн маань нэг. Тэгээд л төслийнхөө гүйцэтгэх захирал болчхоод хамгийн анх яаж салхин цахилгаан станц барих вэ гэж гүүглдэж байлаа шүү дээ. Тэр цагаас хойш хүнийг ер нь юунд ч сургаад авчих боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж суралцах хүсэл эрмэлзэл, шударга зарчим хоёр бол амжилтын гол багана нь”. Хувь хүн талаас нь өнгийсөн бидний яриа чөлөөт цагийн тухай өрнөхөд тэрээр ажлаа яс хийдэг шигээ амрахдаа ч нам амарч, ажил амьдралын заагаа тун сайн ялгаж чаддаг сайн зуршилтай нь илэрхий байлаа. Хэзээ ч юм түүнийг Албани хэл мэддэг гэж сонсож байснаа лавлахад “Ээжийгээ НҮБ-д ажиллаж байхад нь хүүхэд насныхаа дөрвөн жилийг Албанид өнгөрүүлж байлаа. Одоогоор Албани хэлээ ашиглаагүй л явна. Ирээдүйд Дуа Липатай тааралдвал ярих юмтай л гэж бодох юм даа. Магадгүй түүнтэй цуг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтрал үүсгэх ч юм билүү хэн мэдлээ” хэмээн инээмсэглэв.

Ийнхүү бидний уулзалтын төгсгөлийн салхи эргэж, ярилцлагынхаа гол баатраас URECA-гийн эцсийн зорилгын тухай асуухад “URECA өөрөө хийх ажилгүй болох” хэмээн палхийтэл хэлж орхив. Түүнийхээр хэрвээ дэлхий дээрх хүн нэг бүрээс эхлээд айл өрх, компани бүр сэргээгдэх эрчим хүчийг хангалттай хэмжээнд ашигладаг болчихвол карбон кредитийн зах зээл, хэрэгцээ байхгүй болж, үр хойчийн маань ирээдүй гэрэлтэй болох ажээ. Үнэхээр энэ тэмүүлэл нэгэн өдөр биелбэл эх дэлхий маань илүү амар амгалан, бидний аж амьдрал илүү аз жаргалтай байх сан. Гэвч үүнд хүн бүрийн оролцоо чухал. Их алхах, шаардлагатай үед цахилгаан машин унах, гэрлээ унтраах, дахин боловсруулсан компьютер хэрэглэх зэргээр өөрөөсөө ялгарч буй хүлэмжийн хийг бууруулахын тулд энгийн атлаа чухал алхмуудыг зуршил болтлоо хийдэг Э.Орчлон байгаль хамгааллын чиглэлийн ногоон төслүүдийг дэмжиж, хөрөнгө оруулах дараагийн том алхмаа амжилттай хийж, агссан зорилгынхоо сумыг дэлхийн дайд руу чиглүүлэн зүтгэж буй. Зорилго нь гэгээн учир зориг нь мохошгүй биз ээ...


Орох дуртай ресторан

Оффистой ойр учраас Икигай ресторан орох дуртай. 


Тогтмол хэрэглэдэг хэрэгслүүд

iPhone гар утас

Kindle Scribe

Microsoft Surface Surface Studio 2 суурин компьютер


Яг одоо уншиж байгаа ном

The World for Sale


Дуртай загвар

Юүдэнтэй цамц


Т.Номин-Эрдэнэ

2024-12-13, 13:36